“Аварга хээр” МСУХ-ны тэргүүн Г.Ууганбаяр: Хүний нутагт нутгийн нэрийг гаргаж, цулбуур өргөнө гэдэг урамтай юм билээ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 25 -нд

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, Цэнгэл нэгдүгээр багийн харьяат, "Аварга хээр" МСУХ-ны тэргүүн Гунгаанямын Ууганбаяртай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. 1978 оны зун төрсөн тэрээр 2009 онд сумын Сайн малчин, 2013 онд сумын Шилдэг уяач, 2014 онд аймгийн Алдарт уяач болж, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнуулжээ.

-Гурванбулаг сумын “Аварга хээр” МСУХ хэдэн онд байгуулагдсан юм бэ. Та хэд дэх тэргүүн бэ?
-“Аварга хээр” МСУХ нь 1993 онд анх үүсгэн байгуулагдаж байсан юм. Бүүр ММСУХ байгуулагдахаас өмнө сууриа тавьсан юм. Тухайн үедээ холбооны тэргүүнээр Даваацэрэнгийн Гүнгээдондив гэж хүн ажиллаж байлаа. Удаах тэргүүнээр Жамцандолгорын Шаравсэнгэ, Цэдэндоржийн Энхболд нарын улс ажиллаж байсан бол би дөрөв дэх нь болж байгаа юм.  Биднээс эхний тэргүүн нь долоо найман жил ажиллаж байгаад 2000 онд ажлаа өгсөн. Би ажлаа аваад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна.
-Өнөөдөр ямар зохион байгуулалттайгаар ажиллаж байна вэ?
-Холбоо маань тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичиг болон найман тэргүүлэгчтэй ажилладаг. Холбоонд 100 гаруй уяач бүртгэлтэйгээс аймгийн Алдарт уяач 20 гаруй, сумын Алдарт мөн тооны байгаа юм. Өнөөдөр баг болгондоо уяачдын холбооны салбартайгаар ажиллаж байна. Нэгдүгээр багийн холбооны даргаар Цэнгэл ажиллах жишээний. Сум нийт таван багтай.
-Холбооны нэр ямар учиртай юм бэ?
-Баянхонгор аймгийн Ламын гэгээний даншгаар Гурванбулагийн морьдоос  их насанд гурав, соёолон гурав ирж, аман хүзүүнд Галсан даргын хээр морь хурдалсан. Манайхан Баянхонгортоо хамгийн олон айраг түрүү авсан. Бас Говь-Алтайн Дэлгэрт анхны даншиг болж, манай сумын даага, шүдлэн хоёр түрүүлж, олон ч айраг авч байлаа. Ийнхүү адууны чанараас тэжээлээс өмнө нэгд бичигдэх сум байлаа. Ингээд 1008 уралдахад аман хүзүүдсэн хээрээр ийн нэрийдэж “Аварга хээр” болсон түүхтэй.
-Та шинэ ажлаа юунаас эхэлж байв?
-Ажлаа аваад уяачдаа урамшуулж, тэдний ажил үйлсийг  алдаршуулах ажлыг эхлүүлсэн. Үүнээс эхний ээлжинд сумын уяачдын шинэ жилийг хийдэг боллоо. Энд бид өнгөрч буй оны амжилт, алдаа дутагдлаа хэлэлцэж, ирэх жилийн ерөнхий төлөвлөгөөгөө хэлэлцдэг. Ажлаа авсны дараахан манай Баянхонгор аймгийн Хангайн бүсийн уралдааныг явуулсан юм. Энэ зуны бүсийн уралдаанд зургаан нас уралдуулж манайхан хоёр түрүү, долоон айраг авлаа. Ямартаа ч хангайн сумдын дунд
чансаагаараа тэргүүлсэн.
Уяачийн хувьд ч би одтой наадсан юм. Миний унаган даага маань түрүүлж, хоёр үрээ айрагдлаа. Түүнээс гадна сумынхан маань сүүлийн тав, зургаан жил зүүн талаас азарга, үрээ, байдсан гүү авчирлаа. Одоо түрүүч нь азарга болсон байна.
-Жилдээ сумын чанартай хичнээн уралдаан зохион байгуулж байна вэ?
-Хоёроос гурван уралдаан явуулдаг. Уяачдын холбооноос жил бүр зохион байгуулдаг уралдааныг сумын Засаг даргын тогтоолтойгоор хийдэг юм. Зургаан сард зургаан нас уралдуулдаг бол, долоон сард баяр наадмаа тэмдэглэж, намар уяачдынхаа алдрыг тэмдэглэдэг.
-Холбооны хувьд санхүүгийн асуудлаа яаж зохицуулдаг вэ?
-Одоогоор бидэнд төвлөрсөн санхүү гэж байхгүй. Холбоонд данстай улс ямар ч татвар энэ тэр төлдөггүй юм. Ямар нэг уралдаан болох бол уяачид ярьж  байгаад дундаасаа гаргаад өгчихдөг. Харин энэ жилээс ерөнхий нэг зохион байгуулалтанд орж, гишүүдээсээ татвар авч байх санал яригдаж байна. Энэ ондоо багтаад хэрэгжих байх.
-Уралдааны стандартыг хэрхэн мөрдөж ажиллаж байна вэ?
-Яг л стандартыг мөрдөн ажилладаг. Эрлийз адууг бүсийнхээ наадмаас шууд хасдаг.  Манай сум чинь гарааны төхөөрөмжтэй. Уралдааны замаа байнга засаж янзална. Уралдаанч хүүхдийнхээ аюулгүй хангах үүднээс холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана. Тэднийг 100 хувь даатгалд хамруулж, хамгаалалтын иж бүрэн хувцастай уралдуулдаг. Хэрвээ хувцасгүй бол наадамд оролцуулдаггүй. Энэ бол яг мөрдлөг болсон зүйл.
-Хамгаалалтын хувцас чинь стандартын хувцас байж чадах уу?
-100 хувь арай л хүрэхгүй. Гэхдээ одоо өмсөж байгаа хувцастайгаа Говь-Алтай, Завхан, Архангайд очиход тэд зөвшөөрдөг.
-Уяачдын дундаж нас хэд байна вэ?
-Голдуу 20-40 насныхан морь уяж байна. Ер нь шинэ залуу уяачид олон болсон.
-Та ярьж байна. Манай сумын уяачид энэ тэжээлээс өмнө хурдаараа давамгайлдаг байлаа гэж. Төрийн зарлигтай болон Засгийн газрын тогтоолтой бүсийн наадмаас танай уяачид хичнээн түрүү, айраг авсан байдаг вэ?
-Анхны Ламын гэгээний даншгаар гурван их нас айрагдлаа. /аман хүзүү, айргийн дөрөв, таваар орлоо/ Говь-Алтайн Дэлгэрт аймгийн Алдарт уяач Ж.Пүрэвийн хүрэн азарга гурвалж, өөр нэг үрээ нь мөн айргийн гурваар давхилаа. Засгийн газрын тогтоолтой наадмаас хоёр түрүү, арав гаруй айрагтай. Үүнд аймгийн Алдарт уяач Бадарчийн шүдлэн түрүүллээ. Жамбалсүрэнгийн хундан даага түрүүлж, Пүрэвдаваагийн хундан морь, Эрдэнэдалайгийн халзан үрээ, Мөнхбатын бор халзан үрээ тус тус айрагдаж байлаа.
-Сүүлийн наадмуудад ямар амжилт гаргаж байна вэ?
-Сүүлийн улсын бүс, улсын уралдаануудад нутаг хол болохоор тэр бүр очиж чадахгүй байна. Бид чинь аймгийн төвөөс 260 км зайтай.  Гэхдээ оролцсон аймгийн бүсийн наадмуудаас айраг, түрүүтэй л ирдэг юм.
-Танай сумын аль баг хурдаараа давамгай байх уу?
-Сүүлийн наадмуудаас харахад Шар-Усан голын адуунууд илүү байна. Энэ нь хоёрдугаар баг гэсэн үг л дээ. Эндэхийн адуу дээр үеэсээ хурдтай байсан юм. Дээр нь дөрөв, тав ч  адуу сайтай л даа.
-Нутгийнхаа адууны хурдлах чадварыг дээшлүүлэхийн тулд ямар бодлого барьж байгаа вэ?
-Энд анхаарал хандуулж байна. Бид ерөнхийдөө азаргыг л голомт болгож байна. Сүүлийн үед зүүн зүгийн адуугаар азарга тавиагүй айл гэж бараг байхгүй боллоо.
Адууныхаа удам угшлыг сайжруулж, цаашдаа улс, аймгийн наадамд уралдъя гэж уяачдадаа уриалга гаргаад байна. 
-Албаны яриагаа үүгээр хойш тавиад таны хурдан морьтой холбогдсон түүхээр яриагаа үргэлжлүүлье?
-Аав маань морь уядаг байсан ч цолонд хүртлээ амжилт гаргаагүй. Харин миний хувьд 2001 оноос хойш морь уяж байна. Анх өөрийн унаган адуугаар уяж эхлүүлж, 2005 онд сумын наадамд харлаг хязаалангаа аман хүзүүдүүлээд их баярласан. Залгаад Баянбулагийн “Хамбын 100 жил” сумын наадамд айргийн гурваар давхиулж байлаа. Морь уяснаас дөрвөн жилийн дараа ийнхүү АХ-ын баяр наадмаас хоёр айраг хүртэж байлаа.
-Түүнээс хойш хаагуур ямар амжилттай наадсан бэ?
-Морь уясан энэ он жилүүдэд миний Соёмбо хүрэн азарга их сайн байлаа. Шүдлэн, хязаалан суманд түрүүлж, соёолон айрагдаад, хавчиг азарга аман хүзүүдсэн. Олон ч наадамд орсон. Одоо нийт 40 шахам медальтай.Үүнээс зургаан алт, хорь гаруй мөнгө, арав гаруй нь хүрэл байна. Эндээс АХ-ын баяр наадмын 10 гаруй айраг түрүүг хүртсэн юм. Өдгөө үр төлүүд нь ч сайн давхиж байна. Энэ жил аймгийн чанартай хангайн бүсийн уралдаанд нэг даага нь түрүүлж, хоёр шүдлэн үрээ нь айрагдлаа. Эр төлүүдээс нь түрүүчийн хоёр гурав нь азарга болчихсон.
-Соёмбо хүрэн хаанахын адуу билээ?
-Гурванбулагийн гаралтай Гансоном гэж хүний унаган адуу байгаа юм. Сүхбаатар тал руугаа л адуу. Энэ ахаасаа би жилд хэдэн адуу авчирдаг юм. Тэдгээр нь уралдсан наадмуудадаа айраг түрүүгээр ирдэг. Ер нь ахын адуу сайн л даа.
-Өөр таны нэрийг гаргаж магнайг тэнийлгэн хурдалж байгаа ямар хурдан хүлэг байна вэ?
-Унаган адуунууд бол сайн байнаа. Би жил бүр нас болгоны морь уядаг. Манай аймгийнхан бол “Хонгорын хурд” сэтгүүлээс бараг мэднэ байхаа, миний морьдыг.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Ярилцлагын төгсгөлд та бидэнд хамгийн сайхан наадсан наадмаа ярьж өгнө үү?
-Завхан аймгийн 90 жилийн ойгоор хүрэн азарга дөрөвлөж, Соёмбо хүрэн маань мөн айргийн дөрвөөр хурдалсан юм. Нас нь ахиж яваа хүрэн азаргаа газар газрын хурдан шандаст хүлгүүдтэй уралдаад айргийн дөрвөөр ороод ирэхэд нь үнэхээр их баярласан. Хүний нутагт нутгийн нэрийг гаргаж, цулбуур өргөнө гэдэг урамтай л юм билээ. Ярианы төгсгөлд та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Биднийг зорин ирсэнд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна