Алтан тэвш

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 17 -нд

Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт буй нэгэн үзэсгэлэн төгөлдөр нуурыг Бүст нуур гэдэг байна. Энэ нуурын дунд уул бий. Урьд шадар ван Чингүнжав Ховдын цагаан түнгээс гарч Орос улсыг зорин Манжийн цэргээс зугтаж явахдаа энд хоног тааруулсан гэнэ. Өглөө босоход нь анчин гөрөөчнөөс айсан ан амьтан нууры мөсөн дээгүүр сүрэглэн давхиж нуурын дундах уул руу айсуй харагджээ. Иймд шадар ван “Айсан зовсон бүхний амь авран орогнуулдаг ачтай, тустай нуур юм аа, хөөрхий” хэмээн бишрээд өөдөө харсан сав алтан тэвшээ дунд ууланд нь булж, нуурын мөсийг цоолж товчлуур мөнгөн бүсээ хийсэн гэнэ. Тэр цагаас уг нуурыг Бүст, дундах уулыг нь Алтан тэвш гэж нэрлэх болжээ. Мөн хоноглосон газар нь:
Ховдын цагаан түнгээ
Ховлоод мордсон цэрэг нь
Хоёр живаа цэрэг
Бүгсэнхэн газар нь
Бүстийн дунд уул
Бүслээд мордсон цэрэг нь
Хоёр живаа цэрэг
Гурван живаа цэргээ дагуулсан ч болоосой
Гургалдай зээрдээ унасан ч болоосой гэж энэ тухай дуу гарсан гэнэ.
“Домог-3” номоос...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна