Уламжлалт дуудлага худалдаа зохион байгуулагдахаар болжээ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 14 -нд

Олон улсын трэйнер, Монгол Улсын Алдарт Уяач, Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат Э.Ганбат болон “Макс”-ын ах, дүү “Тод Манлай"-нуудын “Макс” угшлын адуун сүргээс дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Өмнө нь энэ дуудлага худалдаа нэлээд хэдэн жил Бөхийн өргөө, SS Club, Айдсын даваанд тус тус зохион байгуулагдсан. Анхны худалдаа Бөхийн өргөөнд болж морины дуучин гэдгээрээ олонд танигдсан гавьяат Батбаярт хандив өгч байсан. Үүнээс хойш олон ч дуудлага худалдаа болж орлогоос нь олон зуун бүтэн өнчин хүүхдэд хадгаламжийн дэвтэр нээж өгсөн. Сүүлд 2017 оны шинэ жилээр Асгат саарал азарганы төл даага дуудлага худалдаанд оруулж 27.000.000-аар зарагдсан. Говь-Алтай аймгийн хэмжээний бүтэн өнчин 57 хүүхдэд 27.000.000 төгрөгийг хуваан хадгаламж нээж өгчээ. Хурдан морьдын хийморь шингэсэн мөнгө энэ хүүхдүүдэд бас өгөөж өгнө гэдэгт итгэлтэй байна . Бүтэн өнчин хүүхдүүдийн хувьд сэтгэл санааны дэмжлэгээс гадна сурч, хөгжихөд нь дэм болох, 18 нас хүрээд амьдралын замд хөл тавихад нь хадгаламж нэлээд өссөн байдаг тул хүүхдүүдэд санхүүгийн их дэмжлэг болдог. Сүүлийн гурван жил завсарлаад байсан дуудлага худалдаанд улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан алдартай хурдан буянгуудын төл, монгол, эрлийз, 25, 50 хувьтай азарга, азарган үрээ, байдаснууд худалдаалагдах юм .
Төлөвлөгдөж буй хугацаа нь: 2018 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна