Эцгийн нэрийг өргөсөн Д.САНЖАА

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 09 -нд

Их уяачийн хурдан морь шинжиж таних, уяж сойх эрдмийг өвлөн удам залган уяа эвлүүлсэн хүү Д.Санжаа нь 1933 онд төржээ. Хүүхэд ахуй насаа тэр үеийн багачуулын адил малын захад өнгөрөөсөн тэрээр 1950 оноос эхлэн 60 гаруй жилийн турш хурдан морь уяхдаа улс, аймаг, сум, орон нутгийн баяр наадмаас 73 айраг, түрүү хүртэн аймгийн Алдарт уяач цолны эзэн болсон бөгөөд 2015 онд бурхны хүлгэдийн уяаг тааруулахаар тэнгэрийн орноо одсон юм.
ХХ зууны манлай хүлэг халзан азарганыхаа удмыг хадгалан, эцэг дээдсийнхээ нэрийг өндөрт өргөн бахтай сайхан наадаж явсан Д.Санжаа агсан АХ-ын 50 жилийн ойгоор их насны морь айргийн дөрөвт хурдлуулан монгол төрийн наадамд хоёр үеэрээ уясан морио айрагдуулсан цөөн уяачдын нэг болсон бөгөөд энэ тухайгаа:
“1971 оны зургадугаар сар 5-нд Хэнтий аймгийн Намын хороо аймгийн уяачдын зөвлөгөөн хийсэн юм. Энд намайг оролцуулж, хариуцлагатай бөгөөд томоохон итгэл хүлээлгэсэн учир би одоо ч мартддаггүй. Олноо Дэлгэрхаан сумын “Баян бадрал” нэгдлийн зээрд хэмээн алдаршсан хурдан морийг улс хувьсгалын 50 жилийн ойн баяр наадамд уяж хурдлуулах даалгавар өглөө. Зээрд морийг уядаг эзэн нь тэр жил морь уях боломжгүй болсон учир намайг сонгосон юм гэнэ. Ингээд би зургаадугаар сарын 20-нд зээрд морио хүлээн аваад тэр өдөртөө хөтлөөд ахындаа ирж хонолоо. Залуу насны зандан зориг гэж...
Айхтар мундаг нэр төртэй уяач биш ч  гэлээ, төр түмний надад хүлээлгэсэн итгэлийг алдахгүйг хичээж, басхүү аавынхаа нэрийг хугалахгүйг чухалчиллаа. Өөрийн мэддэг чаддаг бүхнээ гаргаж уясны ачаар зээрд морь улсын 50 жилийн ойд айргийн дөрөвт давхисан даа” хэмээсэн билээ.
Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь зэрэг аймгаас уяачид зорин ирж наадсан 1971 оны улсын баяр наадам урьд жилүүдийнхээс хавьгүй  өргөн дэлгэр болсон гэгддэг бөгөөд Жаргалантын морин заводын адуунууд цахиур хагалан шуугиулсан билээ. Өөрөөр хэлбэл, зургаан насны морьдын уралдааны дөрөвт нь энэ угшлын адуу түрүүлж, айрагдсан нь ч мөн энэ удмын адуу байсан нь баяр наадмын цуваанаас харагддаг.
Ийнхүү уяачийн шалгалтаа нэр тэртэй өгсөн Д.Санжаа тухайн цаг үеийн шаардлагаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Төв аймгийн Баяндэлгэр сумдад нэгдэл нийгмийн үйлдвэрлэлд ажиллаж байгаад 1990 онд уугуул нутаг Баянжаргаландаа ирж суурьшсан аж.
Д.Санжаагийн адуун сүргээс нь олон сайхан хурдан буян тодорсны нэг нь 2013 оны хаврын говийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан /Өмнөговь аймагт болсон/ Төв аймгийн Баянцагаан сумын уугуул М.Энхбатын хүрэн азарга юм. Энэ хүрэн азарга нь алдарт халзан азарганы тав дахь үеийн төл гэх юм билээ. Үүгээр зогсохгүй 2002-2014 оны хооронд Д.Санжаагийн адууны угшилтай  дөрвөн их насны морь Баянжаргалан сумын баяр наадамд түрүүлсэн нь адууных нь чансааг илтгэх биз ээ. 
Их уяачийн үргэлжлэл ЭНЭ ЦАГИЙН ХИЙМОРЬ
Монгол төрийн тусгаар тогтнолын баталгаа болсон эрийн гурван наадмын хоёроор нь бахтай сайхан наадаж асан Н.Даваанэрэн агсны залгамж халаа болсон гурав дахь үеийн уяачид өдгөө орон нутагтаа одтой сайхан наадаж байна.
Д.Санжаагийн хүү С.Уранбат, С.Батсайхан, хүргэн П.Ганбаатар нар нь 2000 оноос эхлэн хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон бөгөөд сум, орон нутгийнхаа наадмаас айраг, түрүү нэлээд хүртсэн. Үүний зэрэгцээ өвөг эцгийн шийрийг хатаан үндэсний бөхөөр барилдаж, С.Уранбат нь сумын начин, С.Батсайхан нь сумын заан цолонд тус тус хүрээд байгаа аж. Мөн С.Уранбат Гиннесийн амжилтанд бүртгүүлэх 6000 бөхийн барилдаанд барилдан гурав давж, эцгийн магнайг  тэнийлгэсэн байна. 
Түүнчлэн Н.Даваанэрэнгийн хөвгүүдээс Д.Пүрэвсүрэн  аав, ахыгаа даган хурдан морь уядаг байсан агаад 1982 онд ах Санжаа нь урьд жил нь төрийн наадамд долоод хурдалсан Магнай халзан азаргаа бэлгэнд өгч, урам нэмж байжээ. Д.Пүрэвсүрэн морь уяхаас гадна халуун хошуут бүлээн дэвсгэрт мал сүргээ өсгөн үржүүлж, сумын хэд хэдэн удаагийн аваргаар шалгарч, малаа мянга давуулсныг дуулгахад таатай байна.
Их уяачийн үр садыг нэхэн сурвалжлахад ийм буюу.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна