АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ч.ЦЭРЭНДОРЖ: Нэг сайхан морио хөтлөөд явахаар амжилтанд хүрдэг л юм байна

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 27 -нд

Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Бээжийн гол нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Чойжилжавын Цэрэндоржийг уншигчдадаа танилцуулж байна. Тэрээр 1973 оны хавар Тахийн тал хоршооллын төвд айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд ХХААЯ-ны тэргүүний ажилтан, МАЗХ-ны "Алтан од" медаль, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ. Мөн 2013 оны Шилдэг уяач.

-Таны өвөг дээдэс хурдан морины уяа сойлго тааруулж, морь уях төрийн хэрэгт оролцож байв уу?
-Миний өвөг дээдсийн олон хурдан морь байсан. Хурдан хүлгүүдээ Бугат суманд тариа будаа шиг л цацсан даа. Унаганууд нь одоо ч байна. Ер нь манай нэгдүгээр багийн морьд маш хурдан хүлгүүд.  Хаа ч очсон айрагдана шүү дээ.  Олон түмэн, ойр хавийн сумынхан мэднэ. Зүүн зүгээс олон морь ирснээс хойш унаган адуу жаахан дарагдсан. Манай сум 50,60 уяачтай юм байна. Нэгдүгээр багийн цаахна талд Тахийн шар нуруу байгаа. Уг нь тахь байсан. Унаган тахь адуунууд нь устсанаар тахь нутагшуулах төв ирсэн. Одоо 70-80-аад тахь сайхан өсөн үржиж байна. Бижийн голын унаган морь, хурдан хүлэг тасрах түүхгүй л юм гэсэн.
Миний нутгаас олон сайхан буянгууд байдаг юм. Манай нэгдүгээр багийн нэг хэсэг нь л гэхэд 1990 оны үед 1000 гаруй адуутай байлаа шүү дээ. Би өөрийн ах дүүс бус нэгдүгээр багийн амжилтаа л ярьчихлаа. 
-Нэгдүгээр багийн адуу хурдан байдгийн учир юу вэ?
-Юутай холбоотой вэ гэхээр эрт үед манай нутагт тахь нутагладаг байсан. Тэгэхээр тахийн удам угсаа үлдсэн юм болов уу. Мөн адуунууд Алаг хайрханаас урсах голын усыг ууж  байгалийн сайхан өвс ургамлыг идэж байгаа нь хурдлахад нь нөлөөлж байж мэднэ. Манай нутаг сайхан хурдтай газар. Тод манлай Даваахүү манай эндээс олон адуу авсан.
-Таны аав, өвөө морь мал уяж байсан уу. Таны цусан төрлийн хүмүүс...
-Миний аав Цоожилжав Төгрөг суманд тоо бүртгэгчээр ажиллаж байхдаа морь уяж байсан. Уясан морьд нь гурав, дөрвөөр давхисан гэнэ лээ. Миний хувьд 1998 оноос хойш морь уяж байна. Азарганы тав, бага насны зургаан түрүүтэй. Ер нь 50 орчим айрагтай. 
-Та сумаасаа өөр газарт морьдоо уралдуулж байсан уу?
-Тонхил сумын ойн наадамд азаргаа таваар давхиулсан. Мөн энэ сумын Буман хонины баяраар морио айрагдуулсан. 2008 оны сумын наадамд азарга, шүдлэн түрүүлгэж, хязаалан аман хүзүүдсэн. Мөн даагаа тавд давхиулж сайхан наадсан даа. 2003 онд Тонхилын баярт очиж азаргаа түрүүлүүлж байлаа.  
-1995 оноос эхлээд морь уясан гэсэн. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд таны нэрийг дуудуулсан, аймгийн Алдарт уяач цолонд хүргэхэд онцгой хувь нэмэр оруулсан ямар морьд байна вэ?
-1998 онд Ишбатаас авсан шүдлэн үрээ маань сумын наадамд түрүүлээд, тэр жилдээ Ээжийн голын баяр наадамд түрүүлсэн. Мөн хязааландаа сумын наадам болон гурван сумын өдөрлөгт түрүүлсэн. Хавчиг соёолон азарга байхдаа сумын баярт хоёроор давхисан. Нийлсэн жилээ Тонхил, Бугат суманд бас түрүүлж байсан юм. Түүнээс хойш сумандаа  нэг удаа түрүүлж байсан шүү. Гурван сумын өдөрлөгөөс хоёр, гурван түрүүтэй шүү. Ийм сайхан хээр адуу байсан. Нэг сайхан морио хөтлөөд явахаар амжилтанд хүрдэг л юм байна. Дараа нь би Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас бор үрээ авчирч байсан. Бор үрээ маань хязааландаа түрүүлсэн. Мөн миний унаган адуу болох хээр азарга маань шүдлэндээ түрүүлж, хязаалан, соёолондоо аман хүзүүдэж, хавчиг соёолондоо таваар давхиж байсан. Би голдуу азарганы уяа сойлго гайгүй тааруулна. Бага насанд би дааганаас бусдыг нь түрүүлүүлсэн. Даага ч айрагдуулсан. Их насанд л айраг авч үзээгүй. 
-Их насны сайн морь заяахгүй байна уу, эсвэл заясныг нь та тааруулж чадахгүй байна уу? Эсвэл уяачийн хоншоор өм азны асуудал байна уу?
-Азны л юм байгаа болов уу? Одоо надад хүрэн халзан морь байна. Даагандаа болон соёолондоо гурвалсан. Тэгээд л түүнээс хойш нэг л амжилтгүй болсон. Хоёр жилийн өмнө би уяж сойсон. Одоо 17 настай морь байж байна. Би зургаа, долоо, наймаар давхиулж байсан. Гурван ч жил арван нэгээр давхисан.  Тэгэхээр нь би мориндоо өртэй хүн юм байна гэж бодож байгаа. 
-Та азаргыг сайн уядаг гэлээ. Азарга уяхдаа юун дээр анхаарах ёстой вэ?
-Азарга бусад морьтой ижил биш их эмзэг. Гүүнд нийлүүлж ороог нь гаргаагүй азаргыг уях хэрэг гардаггүй. Ганц аяга хивэг өгөөд явуулчих адуу азарга биш ээ. Азаргыг хайрлаж л уях хэрэгтэй. Хамаагүй ширүүн уяж болохгүй. Хайрлаад уяж чадвал бусад адуунаас тамир тэнхээ арай өөр. Гишгэдэлт, харайлт арай ондоо явна шүү. 
-Таны их омогшиж бардамнасан наадам хэдэн онд болж байсан бэ?
-2004 онд Тонхил сумын наадамд хээр азаргаа түрүүлгээд их баярласан байсан. Ер нь хэмжээ боллоо л гэж бодсон.
-Тэр хээр азарга хаанахын адуу билээ?
-Манай нутгийн Ишбат гэж хүний адуу. Тонхилын наадамд түрүүлээд ирчихсэн байхад нь наадамчид хөлснөөс нь хүртэх гээд гүйгээд ирсэн. Олон түрүүлсэн мөртлөө яг тэр үед их сонин ааш, араншинтай болчихсон. Хүн амьтан хавьтуулахгүй их сонин байсан шүү. Хээр азарга маань 2008 оны сумын наадамд төлтэйгөө хамт түрүүлсэн. Хоёулаа хөөрхөн жижигхэн биетэй. Тэр л их сайхан мөч. 2008 он хүртэл нэгдүгээр багийн морь гурав, дөрвөн суманд уралдсанд нь би бахархдаг юм. Ийм сайхан буяныг өдий хүртэл хадгалж ирсэн өвөг дээдсээрээ маш их бахархдаг. Манай хоёр, гуравдугаар баг сайхан адуучин. Нэгдүгээр баг илүү амжилт гаргаж байсан бол одоо больсон. Бүх багууд адил тэгш л болчихсон. Ер нь адуугаа хөгжүүлээд явах хэрэгтэй. Эрлийз адуу бас авчрах хэрэгтэй юм шиг байгаа юм. 
-Таны үр хүүхдүүд морь уяж сойхдоо хэр идэвхи зүтгэлтэй байна вэ?
-Би хоёр хүү, нэг охинтой. Хоёр хүү морь унаж байгаа. Манай охин миний хажууд морины дэргэд өссөн. Зун надтай хамт морь дагаад л явна. Би охиноо уяаны эрдэмд суралцуулж байгаа. Монголд эмэгтэй уяач яагаад байж болохгүй гэж. Уг нь байгаа шүү дээ. Би хоёр азарга адуутай. Миний охинд хурдан хүлэг заяах байхаа.
-Танай сумынхан жороо, хатирч мориор хэр нааддаг вэ?
-Алтангэрэл гэж буурал байсан юм. Тэр хөгшин надад адуу уях ухааны суурийг тавьж өгсөн. Тэр хөгшний жороо хээр морь сумандаа 10 гаруй, Тонхил суманд нэг удаа түрүүлсэн. Түүнээс өмнө олон жороо байсан. Манай суманд хоёр хар морь байсан. Янзын сайхан морьд. Одоо тэр хоёр шиг жороолдог морь байна уу, үгүй юу мэдэхгүй байна. Мөн Гиваапилийн адуунууд бол үнэхээр янзтай байсан. Алтангэрэлийн шар хээр морь, Чулуун ахын цагаан морь маш сайн жороолдог. 27,28 жил жороогоороо байна. Хурдан морь бол жороо мориноос гаралтай гэж манай нутгийнхан ярьдаг. 
-Миний асуух асуулт энд хүрээд жаргаж байна. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна