Удирдах ажилтны улсын IV зөвлөгөөн боллоо

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 16 -нд

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны удирдах ажилтны улсын IV зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ удаагийн зөвлөгөөнд  салбар холбоодын төлөөлөл 80-аад хүн оролцож, санал бодлоо хуваалцсан байна. Зөвлөгөөнийг нээж, ММСУХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Тод манлай уяач Д.Дагвадорж үг хэлсний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга, МУ-ын Алдарт уяач П.Сэргэлэн ММСУХ-ны бодлого чиглэл, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийсэн юм. Үүний дараа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцасны стандарт, даатгалын хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл хүргэх ёстой байсан ч ирж амжаагүй тул  хөтөлбөрийн дагуу аюулгүй ажиллагааны зөвлөх инженер Ж.Баттөгс “Уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас”-тай холбоотой мэдээллийг хүргэсэн.  Харин түүний дараа ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан, түүхийн ухааны доктор А. Баярмагнай “Уяачдын ёс зүй, хариуцлага-Ёс зүйн дүрэм” сэдвээр илтгэл тавьж, цаашдаа эрлийз монгол адууг ялгах тухайд ямар чиглэл барих ёстой талаар өөрийн санаа бодлоо хуваалцсан юм.
Мэдээллийн эрин зуунд амьдарч буй уншигчдадаа морины өв соёлын тухай мэдээ мэдээллийг  хүргэх тухайд тэргүүлэгч гишүүн, СГЗ сэтгүүлч Л.Цагаандалай өөрийн санаа бодлоо хуваалцсаны дараа Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг “Малын гоц халдварт өвчний өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдвээр тун сонирхолтой илтгэлийг хүргэж, зургаадугаар сарын 1-нээс хэрэгжих Малын  генетикийн нөөцийн хуулийн товч мэдээлэл өгсөн. Үүний дараа ХААҮИС-ийн багш доктор Т.Сайполда “Адууны үржүүлэг”, харин ажлын албаны дарга Ч.Сарангэрэл Салбар холбоодын үйл ажиллагаа, анхаарах зарим асуудлын талаар илтгэл тавьсан бөгөөд эцэст нь эрлийз монгол адууг ялгах асуудалд нийт уяачдын саналыг тусгахын тулд аймаг тус бүр уяачдын хурал, зөвлөгөөнийг зохион байгуулж, түүнээс гарсан шийдвэрээ төв холбоонд ирүүлэх чиглэлийг өгсөн юм.
У.Энхмаа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна