Я.Ичинноровын гологдсон хээр түмэн эх болсон нь

Баярмагнай
2018 оны 3-р сарын 16 -нд

Төв аймгийн Баян сумын  уяачид төрийн зарлигт наадмаас хишиг хүртсэн нь 100 хол давсан талаар бид өмнө нь мэдээлсэн.Төр түмнийхээ их цэнгэлд хөг нэмж, намтар түүхээ баяжуулсан эрдэмт уяачдын нэг нь Я.Ичинноров юм. 
Түүний хээр морь АХ-ын 12 жилийн ойд түрүүлэн түмэн олноо цэнгүүлсэн бол дараа жил нь улаан бор хязаалан айргийн тавд хурдалж байжээ.
Хурд таних мэлмийтэй, хагсрааж хөнгөлөх эрдэмтэй Я.Ичинноровын түмэн эх морины тухай ийм нэгэн яриа байдаг. 
1933 оны хавар Ичинноровынд нэг нутгийн Бат-Очир урьд хэлэлцсэн ёсоороо уургын морио авахаар иржээ. Гадаа нь буухад туух нуруу нь тужаараа даарьтаж, ясан хэлхээ болтлоо турсан хээр морь бүслүүрээс нь уяатай байсанд сэжиглэнгүй гэрт нь оржээ.
Мэнд усаа мэдэлцээд, морь авах тухайгаа ярьтал Ичинноров:
-Тэг, тэг. Гадаа ч нэг хээр морь байна. Түүнийг авбал ав гэжээ.
Энэ үгийг дуулаад Бат-Очир:
-Туух нуруу нь тужаараа, тугал сүүл нь годоороо үгүй болсон муу ясан хэдрэгээ шингээх газар олдохгүй нь уу? гэхэд
-Үгүй, үгүй. Энэ чинь хурдан морь шүү. Би “Сэг” Жамбаас өрөнд аваад байгаа юм. Чамайг авахгүй бол зун уяна гэжээ. Энэ мэтээр ярилцаад Бат-Очир өөр нэг уургын морь аваад буцаж. Тэр зунаа наадам дээр өнөөх хоёр уулзаад Ичинноров нь:
-Бат-Очир! Чи нөгөөх хаврын манай гадаа уяатай байсан хээр морио очиж үзэхгүй юу гэжээ. Бат-Очир очиж үзвэл, хээр морь нь уягдаж ирээд, өнгө зүс ороод бараг л танигдахааргүй хачин сайхан болчихсон байж гэнэ.
Их насны морь уралдаад түрүүчийн морь гарч ирэхийг наадамчид сэтгэл догдлон хүлээж байтал Буянт Ухаа дээгүүр нэгэн бараан морь гарч иржээ. Хүмүүс түүнийг урьд жилийн наадамд түрүүлсэн Будын Даваагийн хээрийг гэж таньжээ. Даваа ч өөрөө мөн гэж бодож. Хээр морь улам хурдлан давхисаар их наадамд түрүүлэн орж ирэхэд Ичинноровын “гологдсон” хээр байсан гэдэг.
Ийн уяачийн эрдмээр илүүрхэж, хүлгийн сайныг таниулсан Я.Ичинноров дараа жил нь хязаалан үрээ айрагдуулж, амжилтаа бататгасан байдаг.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна