Сумын заан Ш.Батжаргал: БИ ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ УДМЫГ ЗАЛГАН, МОРЬ УЯЖ БАЙГАА ЖИРИЙН Л НЭГ УЯАЧ

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 06 -нд

Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, сумын заан Шагтивын Батжаргалын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1963 онд Шаварт хэмээх газар айлын 10 дахь хүүхэд болон мэндэлжээ.

-Миний аав нутгийнхаа нэрийг өргөсөн сайн уяач байсан гэлээ. Аавынхаа талаар ярьж өгөөч?
-Миний аав Шагтав уяач өнөө цагт амьдарч байсан бол улсын Алдарт уяач болчих хүн. “Тод магнай” сэтгүүлийн сэтгүүлчид Увс аймагт ирсэн гэхээр нь аавынхаа тухай ярья даа л гэж бодож байлаа. Миний аав хонгор, алаг хоёр хурдан морьтой. Энэ зурган дээр /үзүүлэв/ манай хамгийн том хоёр ах уначихсан байгаа юм. Ах нар маань одоо хоёулаа 60 гарцгаасан. Самбуу ах маань насаараа багийн дарга хийсэн хүн. Одоо тэтгэвэртээ гарчихсан. Чогсомжав ах маань одоо Дархан-Уул аймагт амьдарч байна.
-Энэ хонгор морь ямар удам, угшилтай  адуу вэ?
-Миний ээж  Халхын нутгаас ирсэн хүн. Ээжийн өмчинд хоёр гүү ирээд, түүнээс олон хурд төрсөн юм гэнэ лээ. Энэ хонгор морь нь уралдаанаас бусад үед их хашин зантай адуу. Барагтай бол явахгүй шүү. Ташуурдахаар шарвана. Тэгээд яг уралдах болохоороо их хурдалдаг. Сумынхаа наадамд олон түрүүлж, дархлагдсан адуу.
-Танай энд суманд 10 түрүүлсэн морийг дархалдаг гэж байсан. Тэгэхээр хонгор морь лав арав түрүүлжээ дээ.
-Тэгсэн байх. Би бага байсан болохоор сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан Увс аймаг байгуулагдсаны 30 жилийн ойгоор нэг нь 12-т ирж байсан юм билээ. Энэ алаг нь ч ялгаагүй дархлагдсан морь. Аймгийн 30 жилийн ойд 21-д ирж байсан гэдэг юм. Алаг нь хурдан ч хонгортоо арай хүрдэггүй байсан гэдэг юм билээ.
-Увсын 30 жилийн ойгоор хэдэн морь уралдсан гэдэг вэ. Тэр талаар дуулж байв уу?
-300 морь уралдсан гэж ярьдаг байсан санагдана.
-Шагтив гуай хэдэн онд төрсөн хүн бэ?
-Манай аав 1923 онд төрсөн байх. Ямар ч байсан таван жил цэргийн алба хааж,1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан юм билээ. Цэргээс халагдаад ирэхэд нь аав, ээж нь танихгүй харин нохой нь таниад оруулж байсан гэж ярьдаг байсан. Цэргээс ирснийхээ дараа аав маань ноос угаах үйлдвэрийн дарга, сумын сургуулийн нярваар ажиллаж байсан. Зун морь уях болохоороо даргадаа түлхүүрээ өгчихөөд яваад өгдөг байсан гэдэг юм. Тийм л моринд дуртай хүн байж. Ер нь насаараа адуунаас холдоогүй дээ. 1993 онд 70 настайдаа бурхны оронд одсон.
-Шагтив гуай хэдэн хүүхэдтэй вэ?
-Бид эцэг эхээс арван хоёулаа. Надаас бусад нь цөм суурин газар бараадсан. Би л энэ  нутагтаа үлдэж, өвөг дээдсийнхээ голомтыг сахиж байна. Аав маань нас дээр гарсан хойноо намайг “хэдэн адуундаа эзэн болж, намайг байгаа дээр газар үз” гэдэг байсан юм. Тэгээд намайг явахгүй болохоор өөрөө дагуулж явж хүртэл үлгэрлэж байсан.
-Таныг адуутай ойр явах хүн гэж мэддэг байсан юм болов уу?
-Магадгүй л юм. Намайг 1981 онд цэргээс халагдаж ирэхэд 13-тай дүү маань моринд чирэгдээд эндчихсэн. Аав  намайг моринд ойртуулахгүй, ямар сайндаа мотоцикль хүртэл авч өгч байхав.
-Ингэхэд та хэзээнээс бие даан морь уяж байгаа юм бэ?
-Аавыгаа бурхан болсноос хойш л морь уяж байна даа. Ний нуугүй хэлэхэд аавыгаа амьд сэрүүн байхад морь мал гэж тэгтлээ сонирхдоггүй байлаа.  Хүн гэж эцэг эхээ байхад мөнх юм шиг дэрвэж явах юм байна шүү дээ. Аавыгаа бурхан болсноос хойш уяаг нь зэврүүлээд яахав гээд ганц нэг морь уяж байгаа. Гэхдээ их амжилт гаргаагүй ээ. Сумынхаа баяр наадамд ганц нэг морь айрагдуулсан өвөг дээдсийнхээ удмыг залгаж, морь уяж байгаа жирийн л нэг уяач.
-Цааш цаашдын уралдаануудадаа амжилттай наадаж, айраг түрүү олныг аваарай.
-Та бүхэнд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.