УЯАЧ Ө.БИБИШ: ГОВИЙН БҮСИЙН УРАЛДААНААС ХОЁР ТҮРҮҮ ХҮРТЭХЭД БАХАРХАЛТАЙ САЙХАН БАЙСАН

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 06 -нд

Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, уяач Өнгөөгийн Бибиштэй ярилцсанаа хүргэж байна. 1969 оны зун Хориулт хэмээх газар төрсөн тэрээр 2007, 2015 оны сумын шилдэг бизнесмен ажээ.

-Уулзсан уяачдын маань ихэнх нь удам дамжсан эрхмүүд байна. Таны хувьд?
-Манай аав Өнгөө морь уяхын сацуу зөв сайхан унаж  эдэлдэг хүн байсан. Аавын минь унаган морьд говийн хэдэн сумдадаа сайн давхидаг. Бүүвэйгийн зээрд морийг Даваадорж гэдэг хүн уяад суманд хоёр, гурав ч айрагдуулсан гэдэг. Мөн Баттулгын хээрийг  манай том ах Ерэнбат уяад Баянлигийн 20 жилийн ойгоор аман хүзүүдүүлж байлаа. За бас Богд сумын хоёрдугаар багийн агент Баяраа гэж хүний шар хээр морь бол манай адуу. Энэ мэтчилэн манай аавын унаган морьд нэлээд  сайн давхиж байсан шүү. 
-Ямартаа ч хурдан морь унаж байсан бололтой?
-Уналгүй яахав. Миний хувьд долоон настайгаа эхлээд 16 хүртлээ хурдан морь унасан. Моринд томдоод 1990 он хүртэл хэсэг уясан. Тэгж байгаад хэсэг завсарлаж, 2010 оноос дахин морь уяж байна. 2013 онд найз Жаргалсүрэнгээс зээрд халзан шүдлэн авсан нь хязааландаа Жинст сумын баяр наадамд түрүүлсэн. Түүнээс хойш хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдэн, энэ хавар Хайрхандулааны наадамд 10 гаргаж давхиад аймгийнхаа  говийн бүсийн уралдаанд түрүүлсэн. 
-Уралдсан болгондоо түрүүлж, айрагддаг адуу юмаа даа?
-Найман медалийнх нь гурав нь алт, гурав нь мөнгө, үлдсэн хоёр нь хүрэл. Халзан мориноос  гадна Цэрэндаш найзаасаа авсан сартай халтар үрээ ноднин Баян-Овоод болсон уралдаанд дөрвөөр давхиад, энэ жил суманд болсон бооцоот уралдаан болон говийн бүсэд түрүүллээ. “Номгон хайрханы хурд”-д харин хадуураад хүүхэд нь амыг нь дийлэхгүй байсаар 12-т орчихсон. Сарт халтар маань болохоор хоёр алт, нэг хүрэлтэй. 
-Хоёрхон жилийн дотор сайхан л наадаж ...
-Аав, ахын минь буян шүү дээ. Морь амжилттай давхихаар бүр урам ороод, илүү ихээр хичээдэг болдог юм байна. Халзан морь айрагдсаны дараа Цэрэндаш найзаасаа нэг азарга авсан. Одоо түүндээ хэдэн аятайхан гүү хураалгаад дөмөгхөн төл авчих юмсан л гэж зорьж байна. Сайн аавынхаа нэрийг гаргаж сайн адуугаар, тэр тусмаа унаган адуугаараа сайхан наадъя л даа.
-Эр хүний боддог л бодол. Сумынхаа МСУХ-нд ямар алба хашдаг юм бэ?
-“Их Богдын хурд” МСУХ-ныхоо тэргүүлэгч гишүүн. 2015 онд тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна. Сум орон нутагтаа морин спортыг хөгжүүлэхэд өөрийнхөө хэмжээнд хувь нэмрээ оруулахыг хичээдэг.
-Залуу уяачийн бахдалт наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе?
-2014 онд Жинст сумын наадамд халзан үрээгээ  түрүүлгэсэн мөч хамгийн бахархалтай нь. Тэрүүхэн агшинд морины босоо цагаан хийморь гэдэг ямар сайхан юм бэ гэж бодоход нулимс бүрхээд л ирсэн.Түүний дараа энэ хавар аймгийнхаа говийн бүсийн уралдаанаас хоёр түрүү авсан нь мөн бахдалтай. Өөрийн чинь хэлснээр морь уяад удаагүй залуу уяач нэг дор хоёрын хоёр түрүү хүртэнэ гэдэг үгээр илэрхийлэшгүй сайхан байсан. Ганц би ч биш манай сумынхан маш сайхан наадаж, хоёр түрүү, таван айраг хүртсэн шүү дээ.
-Ийм сайхан бахдалт наадам олон байх болтугай. Амжилт хүсье.
-“Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд үнэхээр их баярлаж байна. Та бүхний ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсэн ерөөгөөд энэ сайхан хурдан тууртын босоо цагаан хийморьт мөнхөд ивээгдэхийн ерөөл өргөе. Мөн  Баянхонгорчуудыг маань морины босоо цагаан хийморь ивээх болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна