АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ П.ОЧИРБАТ: МОРЬ УЯХ СЭТГЭЛТЭЙ, ЗАЛХУУГүЙ БАЙХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 02 -нд

Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, "Хүрэмт" тавдугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач Пүрэвийн Очирбат гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1949 онд Шинэ ус хэмээх газар төрсөн тэрээр Алтангадас одон, Тусгаар тогтнолын одон, Нутгийн өөрөө удирдах ёсны дээд шагнал "Соёмбо", Залуучуудын халамжлан хүмүүжүүлэгч, аймгийн Тэргүүний тариаланч, АХ-ын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиар шагнагдаж байжээ.

-Бигэр суманд МСУХ-г үүсгэн байгуулж байж.  Ярилцлагаа холбоо байгуулагдсан үеийн түүхээс эхэлье?
-1997 онд баруун бүсийн даншиг наадам манай аймгийн Дэлгэр суманд болсон юм. Уг наадамд бэлдэж, уяачдаа зохион байгуулах зорилгоор сумандаа МСУХ-г анх байуулж байлаа. Би энэ сумын МСУХ-ны анхны тэргүүн нь. Найман жил тэргүүнээр ажиллаад, ажлаа хүлээлгэн өгсөн. Одоогийн тэргүүн тав дахь нь болж байгаа байх шүү. Тухайн  үед уяачдын холбооны талаарх бидний мэдлэг тааруухан байж. Ямартаа ч 20-30 хүнийг элсүүлж, “Зил 130” машинд хэрэглэх зүйлсээ ачаад арваад уяач Дэлгэрийн даншгийг зорьж байсан юм. Нааш, цааш зөөгөөд уяаны алдаа гарсан уу, идэш хоол нь таараагүй юу манай сумаас очсон морьд амжилт гаргаж чадаагүй. Буруу санаагүй бол хамгийн дээд талын адуу гучин хэдээр давхисан санагдана.
  Найман жилийн хугацаанд тэргүүнээр ажиллахдаа ямар ажлыг хийж хэрэгжүүлсэн байдаг юм бэ?
-Нутгийн адууны үүлдэр угсааг сайжруулахаар тухайн үеийн нэгдлийн даргаар ажиллаж байсан МУ-ын Алдарт уяач Д.Пүрэвдоржтой ярилцаж байгаад Хэнтийн Галшараас тав, зургаан адуу авчирсан. Ингэж цус холдуулсан нь эндхийн адууны чанарыг сайжруулахад ихээхэн нөлөөлсөн шүү. Үүнээс гадна МСУХ-ны тэргүүнээр ажиллах хугацаандаа аймгийн Алдарт уяач цолонд гурван хүнийг тодорхойлж олгуулсан. Үүнээс өмнө сумын хэмжээнд хоёр, гуравхан аймгийн Алдарт уяач байсан юм. Харин сүүлийн жилүүдэд жил дарааллан аймгийн Алдарт уяач төрж байх шиг байна. 
-Бигэр сумаас улсын цолтой нэг уяач төрсөн байдаг билүү?
-Би тэргүүнээр ажиллаж байхдаа хоёр гурван хүн тодорхойлсон, хариу ирдэггүй юм билээ. Сүүлд манай сумын уугуул Лхагвын Батмөнх улсын Алдарт уяач цол хүртсэн. Одоо бараг Манлай уяач болж байгаа байх шүү.
-Бигэр сумын хурдан морины түүх болсон гурван ном гаргажээ. Ном хийх санаа хэдий үеэс төрсөн бэ?
-Энэ сумын уяачдын холбооны тэргүүний хувьд хойч үедээ өв болгож уламжлуулан үлдээе гэж бодсон. Манай залуус “өвөг дээдэс маань морийг ингэж уяж, хурдлуулж байж” гэдгийг мэдэж аваасай гэсэн үүднээс л энэ номоо бичиж 1996 онд эхнийх нь хэвлэгдэж байлаа. Би 1978 -1995 оны хүртэл сумын баяр наадмын хурдан морины салбар комисст ажилласан. Үүн дээрээ тулгуурлаад дээр нь өөрийн цуглуулга архиваа нэгтгэсэн.
-1981-1995 оны хооронд Бигэр сумын хэмжээнд давамгай амжилт үзүүлж, хамгийн олонтаа түрүүлж, айрагдсан  хурдан хүлгүүдийг танилцуулаач. Азарганаас эхэлье?
-Б.Эрдэнээгийн халзан азарга нэг түрүүлж, зургаа айрагдсан бол аймгийн Алдарт уяач Лүдэвийн Жамсрангийн хээр азарга Гомбын хээр азарганууд нэг түрүүлж, тав айрагдсан байдаг. Мөн аймгийн ууган Алдарт уяач Пүүжавын хүрэн азарга нэг түрүүлж, дөрөв айрагдсан. Сумъяагийн зээрд нэг түрүүлж, гурав айрагдсан байдаг юм. Эдгээр хурдан азарганууд цөм нутгийн хурдан хүлгүүд.
-Энэ хугацаанд өөрийнхөө төлтэй уралдсан азарга байна уу?
-Алга аа.
-Их насны морьдын тухайд?
-Их насанд “Бат-Эрдэнийн шарга” гэж онцгой хурдан хүлэг байлаа. Тэр морь зургаа түрүүлж, дөрөв айрагдсан. Дараа нь Пүүжавын хүрэн морь хоёр түрүүлж, гурав айрагдсан амжилтаараа орно. Гуравт Баатар гэж хөгшний хээр морь нэг түрүүлж, дөрөв айрагдсан байдаг юм.
-Танай суманд болж байсан хамгийн өтгөн наадмын дурсамжаас хуваалцаач?  
-Түрүү үеийнхийг хэлж мэдэхгүй байна. Сүүлийн жилүүдийнхийг бол хэлчихэж болно. Дээхнэ үед адуу нэг их уралддаггүй байлаа. Азарга, соёолон гэхэд заримдаа тав, зургаахан уралдах жишээтэй. Тэгээд 1990-ээд оны үеэс уралдах морьдын тоо олширсон шүү. 
-1996 -2003 оны хооронд хэний, ямар хүлэг илүү амжилт үзүүлсэн байдаг юм бол?
-Азарганы уралдаанд Сүрэнхоролын хээр халтар азарга гурав түрүүлж, гурав айрагдсан байдаг юм. Найман жилийн хугацаанд шүү дээ. Мөн Батнасан гэж  сумын Алдарт уяачийн хонгор азарга тав айрагдсан. Жамсран гэдэг хүний азарга тав айрагдсан байдаг юм. Бас  Очир гэх уяачаас Доржнямбуу гэдэг хүнд очсон хээр азарга гурав түрүүлж, хоёр айрагдсан. 
-Дан нутгийн азарганууд уу?
-Сүрэнхоролын хээр халтар азаргыг Дэлгэр сумаас авчирсан. Бусад нь манай сумын азарга.
-Их морины тухайд?
-1996-2003 оны хооронд Намбадайн хүрэн морь нэг түрүүлж, дөрөв айрагдсан бол П.Жамбалын хонгор морь хоёр түрүүлж, нэг айрагдсан байна. Дээрх хугацаанд Батбаатар гэж залуугийн зээрд морь мөн хоёр түрүүлж, хоёр айрагдсан. За тэгээд Төмөрийн халтар дөрөв, Мөнхбатын хүрэн гурав айрагдсан байна даа.
-2003 он хүртэл ерөнхийдөө нутаг адуугаар давамгай нааддаг байжээ?
-Тиймээ. Энэ үед азарга гэхэд 30 орчим, их нас 40,50 орчим уралддаг байж. Харин тэгш ойн жил нас болгон 70,80 хүрч морддог байж дээ.
-Гурав дахь тохимол нь 2004-2013 он буюу 10 жилийн түүхийг өгүүлсэн байна. Энэ хугацаанд хэний ямар азарга давамгай амжилт гаргаж байсан бэ?
-Пүүжавын Амгаланбаатар гэж залуугийн хүрэн азарга тав түрүүлж, нэг айрагдсан. Нэг айрагдахдаа аман хүзүүдсэн. 2008 оноос хойш завсаргүй гүйгээд /түрүүлээд/ 2012 онд аман хүзүүдсэн. Тэрнээс хойш 2013, 2014, 2015 онд айрагдсан л даа. Шар Баатарын хүрэн түрүүлж чадаагүй ч долоон удаа айрагдсан бол Чулууны хар азарга дөрөв айрагдаж. Азарганы тухайд иймэрхүү байна. Амгаланбаатарын хүрэн азарганаас бусад нь бүгд нутгийн адуу. Харин их насны морьдын хувьд цойлоод хурдлаад байсан нь ховор. Энэ хугацаанд Галдангийн хээр морь нэг түрүүлж, гурав аман хүзүүдсэн бол Сэнгээгийн хээр хоёр түрүүлсэн. Мөнхбатын хүрэн морь нэг түрүүлж, гурав айрагдаж, Батнасангийн хээр морь хоёр түрүүлж, нэг айрагдсан байх жишээтэй. 
-Сүүлийн 10 жилийн хугацаанд уралдах морьдын тоо яаж өссөн болоо?
-Өмнөх найман жилтэйгээ ойролцоо. Тухайлбал азарга гэхэд 40, их нас 70 орчим тоогоор давхисан. Сүүлийн жилд  гаднаас ирсэн адуунууд нь ихэнхидээ түрүүлж, айрагдаж байна. 
-Цагийн хатуу жил дараалсан зуд их нөлөөлсөн  гэдэг юм билээ?
-Манай нутагт мал маш их хорогдсон.Сүүлийн үед уяачид хувиараа адуу авчирч цус сэлбэн үүлдэр угсаагаа сайжруулж байгаа. Одоо энэ суманд уралдаж буй адуунууд ихэнхидээ гаднаас ирсэн шүү. 
-Энэ нутгийн “нэрийн хуудас” болсон сайн уяачдыг нэрлээч гэвэл...?
-Эрт үеийнх гэвэл Чойнзон, Пүүжав хоёр л байна даа. Энэ хоёр манай сумаас төрсөн хамгийн анхны аймгийн Алдарт уяачид. Намайг уяачдын холбоог тэргүүлэхээс өмнө аймгийн Алдарт уяач болж байсан юм. Дунд үеийн сайн уяачид гэвэл Намсрай, Чинбат, Чогсом, Гомбо, Сумъяа, Цагаан нар байна. Цагаан их уралдаанч хүн байлаа. Мөн Баатар, Мавуудадаг, Баавгай Сандуйжав, Намсрай, Гомбодорж, Гомбо, Цэвэгмэд, Хадхүү нарыг нэрлэж болох байх.
-Говь-Алтай аймагт Бигэрийн адуу хаахнуур эрэмбэлэгдэх вэ?
-Дундаж хавьцаа л явна даа. Мань мэтийн хөдөөний хүмүүс тэр бүр адуугаа  тэжээж чадахгүй юм. Төв,  суурин газрын адуунууд болохоор байнгын тэжээлтэй байдаг бололтой. Тэдэн шиг адилхан тэжээгээд, тэнхэл оруулбал Бигэрийн адуу сайжирчихсан учраас дээгүүр л давхих байх. Гэхдээ манай эндхийн газар маш хатуу. Хайрга ихтэй. Сүүлийн үед сумын төвд уралдаж чадахаа байсан. Бүр хол очиж уралдаж байгаа шүү дээ. 
-Зүүн талын адуу амархан улдаж байна уу?
-Улдалгүй яахав. Жижиг адуу хоёр жилдээ гайгүй. Манай энд тахлахгүй уралдах аргагүй л дээ. 
-Ямар тах хэрэглэдэг юм бэ?
-Янз, янз. Төмөр тах хэрэглэж үзсэн. Дугуйны хаймараар ч тахалж үзсэн.
-Ярилцлагаа Очирбат Алдартын уяач болсон түүхээр үргэлжлүүлье?
-1994 оноос морь гардан уяж эхэлсэн. Тэр жил манай сум ойтой байсан юм. Үүнээс өмнө миний төрсөн ах Баавгай хоёр гэрийнхээ морийг уядаг байлаа. Ахын маань морьд сумандаа нэлээд дээгүүр давхинаа. Би 1981 оноос өмнөх амжилтыг сайн мэддэггүй юм. Түүнээс хойшхи нь миний номонд орсон байгаа. 
-Ямар адуугаар наадаж байсан хүн бэ?
-Хонгор азаргатай байсан.Тэр нь 1981-1995 оны хооронд нэг түрүүлж, хоёр айрагдсан байдаг юм. Их насны хонгор морь нь бага насандаа байнга айрагдаж байсаан. Тухайн үед би сумын баяр наадмын комиссын гишүүнээр ажилладаг байлаа. Албан ажилтай үед морь уях боломжгүй шүү дээ. Тэгээд 1994 онд комиссын ажлаасаа татгалзаад морио уясан даа. 
-Танай дээдчүүл хурдан морь уяж байсан уу?
-Ёстой  үгүй. Бид хоёрын үед л уяж эхэлж байгаа юм. 
-Ах тань гаргасан амжилтаа үнэлүүлж чадсан юм болов уу?
-Чадаагүй ээ. Тэр үед цол хэргэмийг нэг их өргөн дэлгэр өгдөггүй байсан юм. Уяачдын холбоо ч гэж байсангүй. Нэг их шалгаруулж тодруулдаггүй байж. Сүүлийн үед уяачийн цолыг улс төрийн зорилгоор их тараадаг болж. Сонгууль дөхөхөөр нэг дор олон Алдарт уяач төрөөд. 
-Тэр ч тийм шүү. Ахын тань хүүхдүүд морь мал уях уу?
-Уядаг. Батнасан гэж хүү нь адуугаа түрүүлж, айрагдуулаад л явж байна.
-Та хамгийн анх ямар адуугаар наадаж байв?
-Нутгийн адуугаар л наадсан даа. Яг миний өөрийн гэвэл цөөхөн байсан. Тухайн үед албан хаагч байсан болохоор тодорхой тооны хэдхэн малтай. Түүн дотроо  адуу бүр цөөн. Найз нөхөд, хамаатан садан адуугаа авчраад өгчихнө. Морь уях сонирхолтой болохоор тэдний адууг уядаг байлаа. 
-Уясан морьд яаж давхихав?
-Ер нь жилийн жилд айраг, түрүү авна шүү. Эхлээд хүний, өөрийн нийлсэн хорь гаруй адуу уядаг байлаа. Явцын дунд  тавьж бариад арваад адуу уралдуулна. Түүнээс нь гурав, дөрөв нь айрагдана. Жилийн жилд иймэрхүү байдалтай. Сүүлдээ байгаль дэлхийн гарц муудаад адуугаа цөөлөхөөс аргагүй болж, хааяа 10, заримдаа  10 хүрэхгүй адууг уяна. Гэхдээ сумын баяр наадмаас айраг алддаггүй байсаан хөөрхий. 
-Таны уяж байсан морьдоос давамгай амжилт үзүүлсэн нь...
-Баавгай ахын хонгор морь хоёр жил аман хүзүүдсэн. Азарга нь тав айрагдсан. Манай ах Холдгорын хээр хоёр удаа айрагдсан. 
- Та уяж байсан юм уу?
-Тийм. Мөн Батнасангийн халтар хоёр түрүүлж, нэг айрагдсан. Тэгээд жил бүр амжилт гаргасан бага адуунууд олон бий. Нээрэн алаг азарга маань нэг түрүүлж, нэг айрагдсан юм байна. Морь хурдан байгаад өөрөө хийморьтой явахдаа нэг жилийн наадмаас дөрвөн айраг, түрүү хүртэж л байлаа. Сүүлийн жилүүдэд морь уяхаа байсаан. 
-Яагаад?
-Даралт ихтэй. Манай энд зундаа их хална. Морь уяна гэдэг жилийн дөрвөн улирлын эргэлтэнд яг адууныхаа хажууд байж өөрөө маллаж, унаж, эдлэхийг хэлнэ. Тийм хүн л морь уяна уу гэхээс биш наадмын хэд хоногт уячихдаг хүн бол уяач биш шүү дээ.
-Танай хүүхдүүд морь маланд хэр сонирхолтой байна вэ. Таныг залгамжилж морь уях хүн байна уу?
-Манай нэг хүү суманд байдаг юм. Энэ хүү маань морь уях сонирхолтой ч их тааруу уядаг, залхуу. Харин бусад нь хотод байдаг. 
-Танд зэмлүүлэх үү?
-Зэмлээд байх юу байхав. Зөнгөөрөө уявал уяад, чадвал чадна биз. Өөрийн ухаан мэднэ. Уг нь маш их сонирхолтой. Зүүн аймгуудаас адуу авчирсан. Тэгээд өөрөө уяж сүйд болохгүй,  надад л дараа болдог юм. Би тэрийг нь нэг их уяж сүйд болохгүй. 
-Ер нь уяач хүнд ямар зан чанар байх ёстой юм болоо. Хамгийн чухал чанаруудыг та нэрлээч?
-Гол нь морь уяя гэсэн сэтгэлтэй, залхуугүй байх. Хамгийн чухал нь энэ юм. Тэгээд морьтойгоо жилийн дөрвөн улирал харьцдаг байх хэрэгтэй. Жилийн дөрвөн улиралд унаж эдэлж, ая тавыг нь тааруулах, нутаг бэлчээрийг нь тохируулж онд мэнд тарган оруулах нь чухал. 
-Ингэхэд Алдарт ямар ажил алба хашиж байсан юм бэ?
-Би мал маллахаас л эхэлсэн. Хөдөө мал маллаж байгаад дараа нь бригадын тоо бүртгэгчээр ажилласан. Тэгээд эхнэрээ дагаж сумын төв рүү орж ирэв ээ. Сумын төвд Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад захиргаанд Хөдөлмөр нийгмийн хангамжийн байцаагчаар найман жил ажилласан. Тэгээд нийгэм өөрчлөгдөөд засаг захиргааны нэгж шинээр байгуулагдаж баг бий болох үед иргэд сонгогчид намайг багийн даргаар шууд томилж, дөрвөн жил ажиллаад тэтгэвэртээ гарсан даа. Би 1992 оноос хойш энэ сумын Иргэдийн төлөөлөгчөөр одоог хүртэл  ажиллаж байна. Энэ бол олон түмний маань итгэл, нөмөр нөөлөг юм даа. 
-25 жил иргэдийн дуу хоолой болж байгаа юм байна даа?
-Тасралтгүй 20 гаруй жил Иргэдийн төлөөлөгчөөр ажилласан нь миний амьдралын бас бахархал юм даа.
-Орон нутгийн хөгжил дэвшилд, ард иргэдийн сайн сайхны төлөө таны саналаар хийгдсэн ямар ажил байна вэ?
-Ер нь ИТХ-ын байгууллага аливаа ажлыг гардан хийдэггүй. Харин санаа, оноо зохион байгуулалтын асуудлыг нь зангидаж өгнө. Тэгээд Засаг даргаараа гүйцэтгүүлнэ. Нэг хүний санаагаар ажил бүтэхгүй шүү дээ. Наана, цаанатай үзэл бодлын асуудал байж байдаг, санхүү эдийн засгийн хүндрэл ч мөн гарна. Харин хурал дээр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж саналаа өргөн дэлгэр хэлдэг. Тэр саналаас биелэгдэх, биелэгдэхгүй гэх мэт асуудлууд гарна. Миний саналаар хийсэн ажил гэвэл зүүн тавдугаар багтаа хоёр гурван усан хөв байгуулсан байдаг.
-Усан хөвөө? 
-Мал усалдаг усан сан гэсэн үг. Манай энд ус их ховортой. Тэгээд усан сан байгуулсан. Иргэдийн төлөөлөгч сум оронд болж буй үйл явдлуудад санаа, оноогоо нэмэрлээд л явж байдаг юм даа. Ер нь хурлын төлөөлөгч бол яг тэрийг хийе, бүтээчихье гэсэн юм байдаггүй юм билээ. Хамгийн гол нь саналаа гаргадаг. Санаа, оноо гаргалаа гэхэд санхүү, эдийн засгийн асуудал дээр хад мөргөх тохиолдол байдаг. Ний нуугүй ярихад 20 гаруй жил сумын иргэдийн төлөөлөгчөөр ажиллахдаа энэ албанд хүний үүрэг хариуцлага чухам юу гэдгийг бараг л мэдэхгүй өнгөрч байна. Бэлгэдлийн чанартай, жилд хоёр удаа хуралддаг. Тэр хурлаар орон нутагт хуваарилагдсан төсвийг хэрхэн зарцуулахаа л ярьдаг. Тэгээд тэр мөнгөнөөс нь өөр ажил хуваарилах гэхэд дээрээс яг зүйл ангиар нь батлаад өгчихдөг. Тэр зүйл ангийг нь өөрчилж болдоггүй. Тийм учраас  яг түүгээр нь батлахаас өөр арга байдаггүй.
-Тэгээд л та бэлгэдлийн чанартай гээд байна уу?
-Тийм. Даргыг сонгоход үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөрийн хөтөлбөр батлахад, Засаг даргын ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэгт л оролцдог ажилтай. Түүнээс яг Иргэдийн төлөөлөгчийн үүрэг хариуцлага нь тодорхой бус хууль нь бас цоорхой юм болов уу гэж би бодож явдаг юм. Аливаа ажил үүргийг гүйцэтгэхэд эдийн засгийн асуудал их чухал нөлөөтэй. Сумын Иргэдийн хуралд зориулсан тусгайлсан эрх мэдлийн санхүүжилт ирдэггүй учраас сайн ажиллаж чаддаггүй.
-Миний асуух зүйл энэ хүрээд жаргаж байна. Танд ярихыг хүссэн сэдэв байвал ярьж болно оо?
-Батлагдаж буй хууль тогтоомжууд амьдралд биеллээ олж хэрэгжих нь их муу юм. Улс төржиж байгаа юм биш шүү. Монголд хяналт гэж зүйл үгүй болж. Энэ байдал санаанд хүрч өгдөггүй. Хяналтын систем, хариуцлагын механизмгүй. Энэ хоёр зүйлд л би санаа зовж явдаг юм.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна