АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Л.ЧИНЗОРИГ: МИНИЙ ХҮРЭН АЗАРГА СУМАНДАА ЗУРГААН ЖИЛ ГУРАВЛАЖ, НЭГ ТҮРҮҮЛСЭН

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 28 -нд

Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ловонгийн Чинзоригтой ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1971 онд төржээ.

-Таны дээдчүүл хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байв уу?
-Аав ээж маань малчин улс. Аав маань аймгийн 20 жилээр их морь нь түрүүлгэж байсан удаатай. Харин би багаасаа хурдан морь унадаг байлаа. Ингээд 1996 онд гэр бүлтэй болж, хадам аавыгаа дагаж явсаар моринд илүү хорхойсох болж улмаар уяж эхэлсэн.
-Хэдэн онд орон нутгийн дээд цол аймгийн Алдарт уяач болж байв?
-1995 оноос морь уяж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрч байна. Анх морь уяж байхад машин тэрэг ч ховор байлаа. Морио  хөтлөөд наадамд явна. Ингээд 1996 оны зун анхны айргаа авч уяачийн гараагаа эхэлсэн юм. Сумандаа хүрэн азаргаа гуравлуулснаас хойш зургаа гуравлаж, нэг тавлаж, нэг түрүүлсэн. Харин 2000,2001 оны зуднаас болоод хоёр жил морь уялгүй өнжсөн. Түүнээс хоёр гурван жилийн дараа саарал морио хязаалангаас нь уясан. Манай хадам аймгийн Алдарт уяач Батаагийн унаган энэ морь миний амжилтыг нэлээн ахиулсан. За тэгээд Уяачдын холбооны тэргүүн Энхтөрийн хул азаргыг  ч сайн давхиулсан. Надаас зарагдсан адуу байгаа юм.  Нийт аймаг бүсийн чанартай наадмаас найман айраг, сум орон нутгаас их олон медальтай. Саарал морь гэхэд 20 гаруй медальтай байх жишээний.Товчхондоо найман айраг, гурван түрүүний амжилтаар 2015 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн. Энд хоёр азарга, нэг их насны морины амжилт голлодог.
-Анхны айраг авчирсан хүрэн азарга хаанахын адуу вэ?
-Нутгийн ах намайг цэргээс ирэхэд бэлэглэсэн юм. Түмэнгийн шар хээр гэж хурдан азарганы төл. Даагандаа надад ирж шүдлэнд нь 1994 онд сумынхаа 70 жилийн ойгоор долоолсон. Дараа жил нь хязаалан гуравлаж, түүнээс хойш айраг түрүүнд л хурдалсан.
-Зургаан удаа гурвалсан нь хаана хаанахын наадам юм бэ?
-Соёолондоо сумандаа гурвалж, бүдүүрээд таван удаа гурваар давхисан. Ингэж зургаан удаа гуравлахад Буянгийн хээр хоёр билүү гуравт нь түрүүлж байсан. Харин 1999 онд Баян-Овоо суманд нэг түрүүлсэн. 
-Хүрэн азаргыг байгаа хэмжээнд нь уяад л гурваар давхидаг байв уу. Магадгүй залуу уяачийн алдаа оноо байсан болов уу?
-Алдсан байна лээ. Жоохон нарийсгаж тавиад хоолон дээр алддаг байж гэж одоо боддог юм. Хоол өгч уралдах азарга байсан байна лээ. Дандаа өнгөн дээр явж байгаад бариа хараад л суучихдаг байсан.
-Ламын гэгээний 360 жилийн ойгоор оролцож байв уу?
-Хүрэн азаргаа мордуулаад 44-ээр орж ирсэн. Тэгэхэд 300 гаруй азарга мордсон болов уу.
-Танай нутгаас хамгийн дээгүүр давхисан нь ямар азарга байсан бэ?
-Их моринд Дорждагва гуайн хүрэн айрагдсан. Харин азаргыг нэг л санахгүй байх чинь.  Хүрэн азаргаа гайгүй сайхан давхиад ирлээ л гэж баярласан.
-Хэд хүртлээ уралдсан юм бэ?
-Надаас 11-тэй зарагдсан. Зуднаар ганцхан азарга үлдээд Жинстийн Тэгшжаргал гэж хүнд өгсөн. Түүнд очоод Жинстийн 70 жилээр аман хүзүүдээд, Богдод тавлаж, дахиад нэг орсон гэж дуулсан. Тэгээд хөөрхий нас өндөр болоод өтөлсөн биз дээ.
-Төлүүдээс нь танд бий юу?
-Ганц нэг гүү бий. 
-Хүрэн азаргыг залган хурдалсан ямар хурдан адуунууд байна вэ?
-Хул азарга байснаа Энхтөрд өгсөн. Дараа нь хадмын Батаагийн унаган саарал гэж шүдлэн надад ирсэн. Хүрэн азаргыг зараад хоёр жилийн дараа 2003 онд саарал бэлгэнд ирсэн юм. Тэр үед бас нэг бор азарга, хээр алаг мориор хоёр, гурван жил уралдсан юм байна. Дараа нь хул үрээ авч хэсэг наадсан. 
-Саарал морь ямар ямар амжилт гаргаж байв?
-Хязаалангаасаа Баацагаанд гуравласнаас хойш мордсон болгондоо ордог байлаа. Надад 20 медаль авчирсан. Аймаг бүсийн чанартай наадамд найм орсон юм. Гэхдээ Баян-Овоо сумын Мөнхжаргалд зарчихсан. Түүнд очоод аймгийн Алдартын болзолд дутуу байсан гурван айргийг нь авч өгсөн. Ерөнхийдөө хоёр он дамжиж амжилтыг нь ахиулж байгааг дуулаад баярлаж л суух юм байна.
-20 медальтай гэлээ. Хурдан хурц гэдэг танигдсан иймэрхүү  адуу ямар үнэ ханштай байх уу?
-Манайхны ярьдагаар нутаг адуу л даа. Яахав ярьж хөөрөөд боломжийн үнээр зарсаан. 
-Одоо таны нэрийг гарган хурдалж байгаа ямар адуу байна?
-Одоо нэг найзынхаа саарал морийг уяж байна. Өөрийн хоёр, гурван бага нас байгаагаас ноднин Баацагаанд Сорлог саарал даагаа  түрүүлгэсэн. 
-Нэг уралдаанд хэдэн нас мордуулдаг вэ?
-Зундаа хүний өөрийн гээд олон юм болноо. Би найз, дүү нартайгаа нийлээд гал болж уяаны ажлаа хийдэг. Ямар ч байсан  нас насанд нь мордуулна даа.
-Сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмууд олон биз?
-Тэгэлгүй яахав. Хүүхэд морь эсэн мэнд наадсан наадам бүхэн сайхан. Эндээс анхны айргаа хүртсэн тэр наадам бүр ч сайхан. 1995,96 онд анхны хүрэл медалиа авч байлаа. Анх удаа минийх гэж бодож барьж үзсэн тэр медалийг аваад мөн ч их баярласан.
-Хүүхдүүд бас морь уях уу?
-Тэгэлгүй яахав. Манай хоёр хүү багадаа хурдны морь унадаг байлаа. Одоо ч хоёулаа морь уяна.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна