БАЯНХОНГОР СУМААС АНХ УДАА УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТӨРЛӨӨ

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 12 -нд

Баянхонгор аймгаас энэ жил УЛСЫН АВАРГА МАЛЧИН хэмээх эрхэм алдрын эзнээр 10 малчин шинээр овоглогдож байна.
Түүний нэг Баянхонгор сумын Гэгээн шавь зургаадугаар багийн малчин Даржаагийн Батсүх "УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-Ы үнэмлэх, тэмдэг, алдар цол, батламжаа энэ сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очироос гардаж авлаа.
Д.Батсүхийнх Өлзийт сумын Баруун зуухны өвөлжөөндөө буугаад хэд хонож байгаа бөгөөд халуун хошуут мал сүргийнхээ буян хишгээр улсын Аварга болж байгаадаа ихээхэн билэгшээж байв.
Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нацагдорж, Д.Идэрханд, Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёл, ИТХ-ын дарга М.Батбаяр тэргүүтэй албаны хүмүүс шинэхэн аваргадаа амжилт хүсэн талархал, өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг дурсгал болгон гардуулсан бол түүний гэргий Э.Норжмааг аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж энэ амжилтыг хоёр биеийнхээ дэмээр бий болгосонд баяр хүргэлээ.
Даржаагийн Батсүх нь сүүлийн 30 гаруй жил тасралтгүй мал маллаж яваа хөдөлмөрч хүн юм. Одоо 1500 гаруй толгой малтай ба сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймгийн газар нутагт отор бэлчээрээр малаа идээшлүүлж, тарга тэвээрэг, сүргийн бүтэцдээ тодорхой анхаарч ажиллаж байгаа аж. Д.Батсүх малаа чанаржуулах үүднээс эцэг малд тодорхой анхаарч Залаа жинстийн цагаан ухна тавих зэргээр малын таваарлаг, чанарлаг байдлыг дээшлүүлж яваа шилдэг залуу тэргүүний малчин ажээ.
Баянхонгор сумын анхны улсын Аварга малчиндаа улас их амжилт хүсч, булган сүүлтэй байхын ерөөл өргөе..
Д.Дэлгэрсайхан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна