АЙМГИЙН АВАРГА АДУУЧИН Р.БАНЗРАГЧ: МАНАЙ “ЧАНДМАНЬ ХУРД” ГАЛЫНХАН ИХ ЭВТЭЙ НАЙРТАЙ УЛС БАЙГАА ЮМ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 22 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн аварга адуучин, сумын Алдарт уяач Рэнбалын Банзрагч гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1948 оны намар Тахилтын хоолойн баруун талд Хөнхөр хэмээх газар мэндэлсэн тэрээр АХ-ын 70, 80 жилийн ойн медаль, сумын хошой аварга адуучин аж.

-Хүүхэд нас морин дэлэн дээр өнгөрөв үү?
-Миний аав Рэнбал чинь уяач хүн. Хөгшний хүрэн, улаан хоёр морь нь сайн давхидаг байлаа. Аав ээж маань дөрвөн хүүхэд төрүүлж өсгөснөөс би хоёр дахь хүү нь юм. Мэдээж хурдан морь унаж эхлээд, яваандаа  туслах уяач болж, морь уяж эхэлсэн. Багадаа аавынхаа уясан улаан морийг унаж тавлуулсан бол хүрэнг нь арав гаргаж давхиулж байлаа. Хүний морьд ч бас унана. Дашбалбар гээч хүний шарга морийг унаж айргийн таваар, Бэгзсүрэн гэж хүний хондон морийг 10 дотор ирүүлсэн. Ингээд 1967 онд цэрэгт явж, гурван жилийн дараа ирээд Юндэн гэж хүнтэй адуу аваад хариулж эхэлсэн. Сүүлдээ ч 720 адуу тасалж авч маллан Аварга малчин болсон. Харин эхнэр маань аймгийн Аварга саальчин байгаа юм. 1982 онд манай энд өвс ногоо муу, зудархуу болохоор нь Монгол элсний ард руу оторт явсан. Ингэж 15 жил адуу маллаад өгсөн дөө. Энэ хугацаанд өөрийн болон нэгдлийн адуунаас уяж хурдлуулж л явлаа. Гэхдээ айрагдуулж байснаас түрүүлгэж сүйд болоогүй ээ. Голдуу айргийн таваар орсон. Харин сүүлийн үед яахав дээ хэдэн морь түрүүлгэлээ. 
-Ямар морьд хаана, хаана түрүүлгэж байв?
-Би сумандаа л наадаж ирлээ. Халтар, хээр морьдоо тус тус тавлуулсан. 1990 онд нэг хул шүдлэн үрээ түрүүлгэсэн. 2002 онд хээр үрээ суманд түрүүлгээд, дараа нь хоёр ч айрагдуулсан. Шаргад очиж мөн нэг түрүүлгэсэн. Өөрийн унаган адуугаараа л наадаад байгаа нь энэ. Харин одоо Эрдэнэтэд байгаа Дарьбазар гэж хүнээс саарал морь авч сургуулийн ойгоор аман хүзүүдүүлж, унаган даага маань тавласан. Одоо Эрдэнэтэд байгаа манай эхнэрийн дүү Баасандорж морь мал их сайн уяна. Энд байхдаа хоёр хул морь, хондон морь, хоёр улаан морь зэрэг нь сайн давхиж байсан сумын Алдарт уяач хүн бий. Түүний хүү Давааням надад даага авчирч уржнан бэлэглэсэн. Одоо хязаалан үрээ бий. Одоохондоо 10 дотор л давхиад байна. Яваандаа юм дуулгах байхаа. Эрдэнэт хотын 40 жилийн ойд Даваанямын уясан М.Болдбаатарын Гоё халзан соёолон айргийн тавд хурдалж байна лээ. Ер нь намайг адуучин байхад манай адуунд давхихгүй ч сайн морь олон байлаа.
-Жишээ нь ямар, ямар морь байна?
-Миний унах дуртай нэг халиун халтар морь байлаа. Адуу хайж яваад шөнө нь айлын гадаа уяж хоночихоод маргааш нь адуугаа бөөгнүүлээд ирэхэд яадаг ч үгүй гээч. Наана нь бас Гонжин гэж нэг том бор хээр морь байсан юм. Тэр бол хоёр гурван өдрөөр дарааллан явчихна. Мэдээж шөнө нь идүүлнэ л дээ. 
-Нэгдлийн адуунаас ямар морь уяж, амжилт гаргаж байв?
-Хоргодоо хээрийг уяж хоёр удаа тавлуулсан. Бага насанд нь уялгүй байгаад бүдүүн морь уясан юм. Наана нь нэг зээрд морийг багаас нь уяж, 10 дотор давхиулж байгаад томорсон хойно нь айрагдуулсан. Энэчлэн хэдэн бага адуу 10 дотор тогтмол ирнэ. Даанч түрүүлж байгаагүй ээ. Бодвол би уяж чаддаггүй байсан юм болов уу. Тэр үед одоо шиг тэжээл тарилга гэж янз бүрийн юм нь ч байсангүй. Өнөөдөр харин цаг сайхан болжээ. Хүүгээ хараад л ойлгож сууна. Миний уяаны ажлыг хүү Шинэбаяр маань залгамжлан үргэлжлүүлж байгаа юм. Морьд нь ч сайн давхиж байгааг хараад баярлаж сууна. Өөрийн нь унаган халтар морь хэдэн жил давхисан. Нэг хул морь нь суманд түрүүлж, аймагт хоёр удаа очоод зургаа, долоогоор ирсэн. Халзан азарга нь бага насандаа суманд айрагдсан. Харин сүүлд азарга, морь хоёр зүүн талаас авчирлаа. Хүү маань сумын Алдарт уяач цолтой.
-Та хэдэн хүүтэй юм бэ?
-Би зургаан хүүхэдтэй. Эднээс Шинэбаяр маань морь уяж байна. Бусад нь хот хороогоор ажиллаж амьдардаг юм. 
-Энэ Чандмань хайрхан багт хэн, хэн гэж сайн уяачид байв?
-Чандмань хайрхан баг  маань Баян-Уулынхаа урд нуруундаа байдаг. Манай “Чандмань хурд” галынхан чинь хоорондоо их эвтэй найртай. Манай багаас хоёр аймгийн Алдарт, найм есөн сумын Алдарт уяач төрсөн. Над мэтийн ахмадууд зөвлөх маягтай морьдоо уядаг. Дээр үедээ манай багийн нэрийг гаргасан Бат ахын халтар, Дондов Мундагийн халтар, Шуушин Маамаагийн бор зэрэг морьд байлаа. Сүүлийн үед Буяндалайн хээр азарга сайн хурдалж Баян-Өлгийн даншигт түрүүлсэн. Бас нэг хүрэн соёолон сумандаа түрүүлсэн. Мөн Шуушин Маамаа гэж хүний олон бор мориноос хоёр гурав нь суманд айраг түрүү алдаж байгаагүй. Манай галын ахлагч Г.Мөнх гэж залуу бий. Мөн аймгийн Алдарт уяач Ганбаатар, сумын Алдарт уяач Базарсүрэн, Олдох, Бааст, Баатаржав, Баяржаргал, Шинэбаяр, залуу уяач Нямсанж, хурдан хонгор морь нь аймгийн шилдэг их насаар шалгарсан О.Батбаяр нарын олон уяачид байна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та эрүүл энх байж, урт удаан наслаарай.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна