АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ж.БАТЖАРГАЛ: САЙХАН ХҮМҮҮСТЭЙ НӨХӨРЛӨЖ, САЙН ҮГ СУРГААЛЫГ НЬ СОНСОХ ШИГ ӨГӨӨЖТЭЙ ЗҮЙЛ ХОВОР ШҮҮ ДЭЭ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 18 -нд

Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн харьяат, аймгийн Алдарт уяач Жанжийн Батжаргалыг уншигч танаа танилцуулж байна. Монгол Улсын Алдарт уяач аавыгаа залгамжлан морь уях төрийн хэрэгт шимтэн буй тэрээр 1967 онд  Үйзэн хэмээх газар айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн тэрээр ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, нэрт уяач Занданбал агсны нэрэмжит одон, АХ-ын 60, 70, 80, 960 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байжээ.
-1997 онд Зандалбал агсаны нэрэмжит шагналын анхны эзэн болж байсан гэлээ. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Би 1985-1988 онд гурван жил цэргийн алба хааж ирээд нэгдлийн адуу малласан юм. Энэ үеэс л аавыгаа дагаж морь уях эрдэмд шамдаж эхэлсэн дээ. Тэгээд хамгийн анх аавтайгаа аймгийн 40 жилийн ойд очиж наадсан маань сэтгэлээс гарамгүй хамгийн сайхан наадам болж билээ. Харин аймгийн 50 жилийн ойд мориноос хасагдаж морь тавиачаар очих болов оо. Түүнээс хойш л өөрөө гардаж морь уяж эхэлсэн дээ. Энэ үеэс Занданбал агсаны нэрэмжит шагналыг санаачлан бий болгож 1996 онд тус шагналын анхны эзэн нь болсон юм.
-Занданбал агсаны нэрэмжит шагналыг ямар амжилт үзүүлж байж авдаг вэ?
-Тухайн жилийн амжилтын цувааг нь харгалзан үзээд байр эзлүүлж шагналын эзнийг тодруулдаг. 1996 оны намар би Таван толгойн уурхайн 30 жилийн ойн баяр наадамд зээрд үрээгээ аман хүзүүдүүлээд, давхар уяагаар аймагт очиж бас хоёроор давхиулсан. Мөн азарга түрүүлгэсэн амжилтаараа энэ шагналын эзэн болж байлаа. Бас тэр амжилтаараа “Их хурд -1”-д явж байсан. Ер нь тухайн үедээ Занданбалын нэрэмжит шагнал  чинь хамгийн үнэтэй шагнал байсан юм.
-“Их хурд-1”-д ямар хурдан буянтай очсон бэ?
-“Их хурд”-ыг зохион байгуулагчдын зүгээс урилга өгөөд би хээр, шарга хоёр азаргаа аваад хөлөөр нь бүтэн сар явж байж очсон. Тэгээд 200 гаруй азарга уралдсанаас нэг нь 82-оор, нөгөө нь 92-оор хурдалж байлаа. .
 Говийн адуу хангайд очиж уралдахаар идэш хоолноос эхлээд  бэрхшээлтэй зүйл цөөнгүй биз?
-Хангай руу ерөөсөө зүглэж байгаагүй. Анхны явалт маань л Хархорин байсан. Өвс ургамлаас нь эхлээд өөр байдаг юм билээ. Морьд маань хоолшихгүй. Эндээс бид говийнхоо аагтай ургамлыг түүж хатаагаад авч явсан маань их хэрэг болсон. Эндээс очсон адуу эхэндээ урсгал уснаас үргээд уухгүй байсан. Тэгээд түмпэн сав бэлдэх юмуу худаг уас бараадаж буудалладаг байдаа. Сар гаруй явж байгаа болохоор сүүлдээ морьд маань ч дасч эхэлсэн дээ
-Анхны “Их хурд” их бороотой өдөр болсон гэдэг?
-Дөрөв, таван өдөр учиргүй бороотой байсан ч 18 аймаг, гурван хотоос шалгарч ирсэн хурдан буянгууд уралдсан өргөн дэлгэр сайхан наадам болсоон.
-Манлай сумаас хичнээн уяач явсан бэ?
-Манай сумаас аймгийн Алдарт уяач Совд гуай, манай аав улсын  Алдарт уяач Жанж, аймгийн Алдарт уяач Балжин, түүний хүү Алдарт уяач Энхтөр, Өлзийт сумаас  нэг уяач, Эрдэнэдалай сумын саарал морьтой Гомбо-Очир гуай гээд бид долоо наймуулаа нэг гал болоод явцгаасан. Мөн Дундговв аймгийн харьяат МУ-ын Алдарт уяач Цэлхээ гуай,  Дэлгэрцогт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Хүүхэнбаатар гуай, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат Баяндалай нар болон Мандал-Овоо сумын хэд хэдэн уяачид явсан. Аа бас Цогт-Овоогийн Энхээ гэж тухайн үедээ сайн давхиж байсан мундаг хүрэн азаргатай залуу бас явсан юм байна. Одоо ч морь нь сайн давхиж байгаа гэсэн. Их хурдад очоод Даваахүү гуай,  Сүрэнхор гуай мөн Онон Тод манлайн уяан дээр тус тус очсон. Сайхан юм билээ. Сайн хүмүүстэй уулзаж сургамжтай сайхан үг сургаалыг нь  сонсож мартагдашгүй сайхан яваад ирж байлаа.
-Та хэд маань уралдах морьдоо хөтлөөд сар явж очиж байгаа. Замдаа өвс ургамал нь солигдоно гээд асуудал байсан. Азарганууд нь санаж бодож байсан хэмжээнд чинь хүрч уралдаж чадсан уу?
-Бэрхшээл их байсан. Санасан хэмжээнд хүрч уралдана гэдэг ер нь хэцүү юм байна лээ. Тэгээд ч тэнд чинь дандаа шалгарчихсан газар газрын  шигшмэл хурдан хүлгүүд ирж байгаа шүү дээ.
-Танай хоёр азарга өмнө нь ямар амжилт үзүүлсэн байсан бэ?
-Манай хээр азарга 1996 онд аймагт очиж түрүүлээд, дөрвөн удаа айрагдсан. Шарга азарга нь Ханбогдын зүүн бүсийн наадамд түрүүлээд, Цэцийн уурхайн 30 жил болон Цэций сумын наадамд айрагдсан. Ойн наадамд хоёр айрагдсан.
-Хээр, шарга хоёр азарга танай унаган адуу юу?
-Эрдэнэдалай сумын харьяат Хөдөлмөрийн баатар Дагва гэж хүнээс манай аав том хээр азарга авсан. Шарга азарга түүний төл.  Эх нь болохоор манай өөрийн унаган гүү байгаа юм. 
-1998 оны анхны “Их хурд”-аас хойш өөр хаана очиж наадаж байв?
-Дундговь, Дорноговь гээд ойролцоо аймгуудын сумдаар нэлээд наадсаан. Мөн Баяндалай, Хүрмэн сумын 80 жилийн ой болон Ханбогдод болсон  зүүн бүсэд очиж уралдсан.
 Багадаа шаггүй унаач байсан болов уу гэж бодогдлоо. Алдартын ямар хурдан хүлгүүдийг унаж байв?
-Би чинь морин  дэл дээр өссөн хүн. Гурван эгчтэй айлын бага хүү. Дөрөв, таван настайгаасаа л хурдан морь унаж эхэлсэн дээ. Манайх Жаал ухаа гэж сайхан ухаа  азаргатай байлаа. Түүний төл гэж хүрэн азарга. Хүрэн азарганы төл Сарман гэж азарга байсан. Сарманы төл Хөөрхөн зээрд, хээр азарганууд. Ингээд ярьсан би багадаа азарга голдуу унадаг байжээ. Манай аав азаргаар их сайн нааддаг байсан юм. Сүүлдээ нэгдэлд нийгэмчлэхээс өмнө сайхан цагаан морь байлаа. Өөрийнх нь унаган Сармангийн төрсөн дүү сайхан хүрэн морь байсан. Тэр хоёр ч үнэхээр хурдан буянгууд байлаа. Аймаг, сумын наадамд дарааллан 10-н хэд түрүүлсэн. Эмнэг хангал сургана. Бага адуу уяна. Исгэл даага унана... сайхан байж дээ.
-Таны өөрийн бие дааж уясан морьд хэдий үеэс эхэлж хурдалсан бэ?
-Би чинь 1989 онд айл болсон. Тэгэхэд аав сайхан хээр шүдлэн үрээ надад өмчинд  өгөөд ”Азарга тавиад сайхан адуутай болоорой” гэж ерөөсөн юм. Мөн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Хөдөлмөрийн баатар Дагва гэдэг хүнээс хээр азарганых нь төл сайхан шарга гүү, шарга унагатай нь авч өгсөн. Манай өөрийн Жаал ухаа азарганы  үр сад  болох |Саран хүрэн, Хөөрхөн зээрд гэдэг  хоёр мундаг азарга байлаа.  Үүн дээр манай хадам аав аймгийн Алдарт уяач,  аймгийн Аварга малчин, улсын хошой Аварга Дэнзэнгийн Лувсан-Иш гэж сайхан буурлын хүрэн зээрд зүсмийн адуунуудаас надад ирсэн. Ийнхүү би гэдэг хүн  хоёр талын хурдны мундаг удмын адуугаар наадсан даа. 
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас авсан бэ?
-Анхны айргаа Манлайн овооны наадамд даага айрагдуулан авч байлаа. Түүнээс хойш сумын ой, багийн наадмуудаас олон айраг түрүү хүртсээн. 
-2013 онд аймгийн Алдарт уяач цол хүртэхдээ хичнээн айраг, түрүүтэй байсан бэ?
-Аймгаас Алдарт уяач цол олгодог болзол нь хоёр түрүү, арван айргаар өгдөг юм байна лээ. Би дөрвөн түрүү, 18 айрагтай байсан. Аймгаас нэг түрүү, нэг аман хүзүү, хоёр айрагтай. Бүсээс гурван түрүүтэй. Тэгээд сумдын ой бас аймгийн статустай наадмуудын амжилтыг тооцдог юм  байна лээ. 
-Аав тань голцуу азарга уядаг байсан гэсэн. Таны хувьд аль насны морьдын уяа сойлгыг арай илүү тааруулдаг вэ?
-Би ч бас голдуу азарга уяж амжилтанд хүрсэн. Ямар сайндаа “Их хурд-1”-д хоёр азаргатай явж байх вэ дээ. Азарга уях  л арай илүү өгөөжтэй санагдаад байдаг юм.
-Өчигдөр аавтай тань ярилцаж байхад азаргаа нэг их сольдогггүй, гүүгээ сольж  үржил хийдэг гэж ярьж байсан. Таны хувьд?
-Өмнө нь гаднаас голцуу байдас аваад дотроосоо азарга тавьж байсан. Одоо бол гаднаас азарга  авахгүй бол дотроо цус ойртох болчихоод байгаа учраас гаднаас авч байна. Харин гүүгээ өөрөөсөө тавьж байна.
-Одоо үед нутгийн адуу буюу монгол адуугаар уралдахад бэрх болж байна. Өмнөговийн  Ханбогд, Цогтцэций зүг рүү бол адуугаа нэлээн эрлийзжүүлсэн гэж яригддаг. Танай энд Монгол адуугаар уралдах боломж байна уу?
-Тэр чинь шинэ монгол адуу гаргаж байна гэсэн үг л дэээ. Хаа сайгүй л адуугаа эрлийзжүүлж байна. Тиймээс би ноднин Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас азарга авч тавьсан.Шинэ цагийн азарганд унаган гүүнүүдээ хураалгаад хэд хэдэн сайхан төлтэй болсон. 
-Аав тань одоо ч морь унасаар байгаа гэсэн. Нэгдлийн үед адуу маллаж байсан та бас хариугаа өгөхгүй биз. Ер нь адуунд хэр эрэмгий байсан бэ?
-Аавын маань хараа нь л жаахан муудсан болохоос хөл гар ер нь гайгүй шүү. Би залуудаа эмнэг хангал сургана. Ер нь адуунд гайгүй эртэй л гэж хэлэгдэж явсан. Гэхдээ спортын цол зэрэг бол аваагүй ээ. 
-Таны сургаж байсан эмнэгүүдээс мартагдахааргүй дурсамж үлдээсэн нь... ?
-Манай адуу чинь голцуу л номхон талдаа.  Гараар л бариад авчихдаг. Гэхдээ айхтар булгидаг адуу таарахыг алийг тэр гэх вэ. Ер нь тэгээд хичнээн ардаг догшин байлаа ч сургахгүй л бол номхрохгүйгээс хойш ойчиж босож байгаад л заавал сургаж авна шүү дээ.
-Та бол удам дамжсан уяач. Дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх дараагийн үеийн уяачид бэлтгэгдэж байна уу?
-Би хоёр хүү, хоёр охинтой Хоёр хүүгээ морь уях болов уу гэж  горьдож л байна. Гэвч сургууль соёл, хот орон газраар яваад надад нэг л олдож өгөхгүй юм. Нэг нь Өмнөговьд сургуульд ажилладаг. Нөгөө нь Улаанбаатарт, Өлзийт хороололд амьдардаг .Геологи, уул уурхайн ажил эрхэлж байна. Гурав дахь охин оюутан. Бага  охин одоо дунд сургуулийн сурагч. Одоохондоо морь унах хүүхэд л олдохгүй хэцүү байна даа.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Ярилцлагаа таны сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-2005 оны Ханбогдын наадам юмуу даа. Би  шарга азаргаа түрүүлгээд, надтай хамт явж байсан уяач хүрэн азаргаа аман хүзүүдүүлэхэд их сайхан сэтгэгдэл төрж байсан.  Мөн Өмнөговийн наадамд анх удаа очиж азаргаа түрүүлгэчихээд өөрийн эрхгүй баярын нулимс унагаж байлаа. Баяндалайн 80 жилийн ой олон газрын уяачид цугласан том наадам болсон юм. Манай сумын уяачдын дийлэнх нь очсон байсан байх. Тэр том наадамд би хээр азаргаа гуравлуулж,  айраг хүртснээ бодох одоо ч таатай байдаг. Энэ мэтчилэн яриад байвал баяр бахдалт наадмууд олон доо. Ер нь морь хүүхэд мэнд наадсан наадам болгон сайхан шүү дээ.  
-Ийм бахдалт наадам олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажил үйлс өөдрөг сайхан байх болтугай.

"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна