Хурдан морь цоллооч Б.Баясгалан: 25 ЖИЛ МОРЬ ЦОЛЛОЖ БАЙНА

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 09 -нд

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Тээл гол багийн харьяат, хурдан морь цоллооч Баясгалантай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1957 онд Буянбат хэмээх газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд
-Хөдөлмөрийн хүндэт медаль
-МАН-ын ахмад зүтгэлтэн
-V, VI таван жилийн гавшгайч
-МАН-ын хүндэт тэмдэг
-ХХААЯ-ны хүндэт жуух бичиг
-Эрүүл мэндийн тэргүүний ажилтан
-Аймгийн тэргүүний авьяастан
-Аймгийн ахлах бөх цоллооч аж.

-Эрүүл мэндийн тэргүүний ажилтан байх нь ээ. Хаана ажиллаж байсан юм бэ?
-Сонин байна уу. Би 1972 онд ХАА-н үйлдвэрээс илгээлт авч, малчин болсон хүн. Харин 2002 онд хүүхдийнхээ эрүүл мэндийн шалтгаанаас болж суманд ирсэн. Тэгээд 2004 онд эрүүл мэндийн төвд галчаар орсноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна. Ингээд эрүүл мэндийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан юм. 
-Уулзсан уяачид удам дамжсан байх нь олонтаа. Та ч бас удам залгасан уяач уу?
-Миний авга ах Рагчаагийн хар морь суманд хоёр айрагдсан. Харин нагац ах сахалт Палам, түүний хүргэн Дамаажүнээ нарын адуу бас л сайн давхисан. Хүргэн нь бол цол олгогдоогүй болохоос биш аймгийн Алдартын дайтай уяач явлаа. Түүний буурал морь суманд гурав дарааллан түрүүлсэн бол халтар азарга нь хоёр түрүүлж, гурав айрагдсан. Тэрний угшлаас манай ээжийн өмчинд нэг азарга өгсөнөөс үр төлөөс манайд бий. Намайг цэрэгт явсан хойгуур нагац ах адууг маань малладаг байсан юм. Түүний буурал хул азарганаас буурал адуу төрсөн. Суманд хоёр айрагдаж, 10-ын  дотор хэд хэд орсон. Гэхдээ багад нь уяж чадаагүй. Дааган жилээ хэдүүрээд уяж чадаагүй юм. Тэр нь адууны булчирхайд үүсдэг, аюултай өвчин. Тэрийг нь домнодог нэг арга бий. Улайссан хайруулын төмрөөр тойруулж хайраад, чагталж хайрахаар арьс нь нимгэрч цоороод, хор нь гадагшладаг. Нэг удаа уяаны морьд гараад явж байлаа. Тэгэхэд морь сүрхий таньдаг нэг хүн “энэ буурал морь хаанаас гараад ирэв. Эртхэн уяхгүй яав даа” гэж дуу алдаж байсан. Миний буурал морь 13 наснаасаа хойш давхиж, дээрх амжилтыг гаргасан. Ямартаа ч аав ээжийн талд маань хусуур сойзоор гангарсан уяачид бий. Гэхдээ манай эндхийхэн чинь морь уяхад их хэцүү. Яахав Завхан гол, Бүрэнгийн нутгаар бол болно л доо. Харин манай өвгөчүүлийн нутаглаж байсан газар болох цаст уул Хасагт хайрханаар морь уралдах зам ч байдаггүй. Тэгээд зундаа сааль сүүний цагаар амжихгүй нь олонтаа.
-Буурал мориноос гадна таны нэрийг гаргасан ямар хурд буянгууд байна?
-Бага насны морьд бий. Нэг хээр үрээ хоёр ч удаа 10 дотор ирсэн. Хүрэн үрээ айргийн таваар орж байсан бол нэг хонгор үрээ гуравласан. Ер нь зургаан нас уяад нааддаг байлаа. Гэвч 1993, 1994 оноос хүүхдийн бие эвгүйтээд мориноос жоохон хөндийрсөн. Манай уяачид нийлж морио уяад, сумын төв дээр үсэргээний нэг багтай. Шаргын дэн дээр дээгүүр давхисан бол суманд айраг, түрүү авах нь тодорхой доо. 
-Танай баг бригадаас хурдаараа яригдсан ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Ланган гэж хүний хондон зээрд морь гурван жил дарааллан түрүүлсэн. Ганцхан гүүтэй айл байгаад ганцхан унага төрсөн нь ингэж давхисан гэдэг юм билээ. Бас Дамаажүнээ гэж хүн нэгдэлд эмнэг сургаад, болзолд нь нэг буурал морь авч. Тэр нь бас суманд дөрөв түрүүлсэн. Рагчаагийн Мягмарсүрэн гэж уяачийн уясан болгон нь л хурдалсан. Манай аав түүний тухай “манай энэ өглөө дуудаад босохгүй атлаа наадам дөхөхөөр унтахаа байчихдаг” гэж ярьдаг байлаа. 
-Та олон жил морь цоллож байна уу?
-Тиймээ, 25 жил морь цоллож байна. Манай суманд нэг мундаг морь цоллооч хөгшин байсан юм. Тэгсэн хөгшин цоллохоо больж, есдүгээр  сарын 1-ний дааганы уралдааныг гадны сумын хүн ирж дуудлаа. Тэр үед орон нутагт маань яагаад морь цоллодог хүн байж болохгүй гэж бодоод морины цол цээжилж, хойтонгоос нь цоллож эхэлсэн. Нутаг орныхоо онцлогийг харуулсан үг хэллэгийг хэрэглэнэ л дээ. Хангай сум гэхэд,
... Хангай талын салхийг бадамлагч
Хамаг хурд нь ханасан
Цэнгэлийн тод манлай болсон гээд эхэлдэг юм. Тэгээд дундаас нь
... Эрдэнийн хөтлийг хотолзуулан
Эзэн хүнээ баярлуулан
Унасан хүүхдээ урамшуулсан
Энэ их наадмын хурдан хүлгүүдийн
Эзэн нь хэн бэ гэвэл ... гээд үргэлжилнэ. Эрдэнийн хөтөл гэдэг нь энэ хөтлөөр давж байгаа хөтөл юм л даа. Манай сумыг аймгийнхаа Швейцарь гэж ярьдаг. Байгалийн бүх үзэсгэлэн бүрдсэн уул, ус, говь, хангайтай, голдоо модтой, элсэндээ нууртай ийм л сайхан өлгий нутаг байгаа юм. 
-Нас болгон өөр өөр байх уу?
-Тэгэлгүй яахав өөр, өөр байна. Азарга гэхэд л “....Түмэн сүргийн манлай, Төрийн тэргүүн магнай” гэж дуудна. 
-Таныг морь цоллож эхэлснээс хойш энэ суманд хамгийн олон цолыг нь дуудсан хэний ямар хурдан хүлэг байна вэ?
-Бүрэн бригадын хүн болох Лхангаасүрэн гэж нэг буурал морьтой хүн байсан. Тэр намайг морь цоллож эхэлснээс хойш дөрвөн жил дарааллан түрүүлж, олон удаа айрагдсан. Улсын хэмжээнд хурдан морьдын хурдыг цаг минутаар хэмждэг байхад буурал морь суманд 25 км газар 26 минутын амжилт гаргаж, рекорд тогтоосон. Аймгийн Алдарт уяач Дамдинбазарын хул азарга аймаг сумын наадам төдийгүй бүсэд ч сайн давхиж байна. Аймгийн чанартай наадамд зургаан удаа  түрүүлсэн. Суманд бол дархан түрүүлнэ. Араас нь амжилтаараа хүргэн Лхагвасүрэн нь явж байна. Сумандаа азарганд тасарчихаад байгаа уяачид л даа. Буурал морины дараа Бямбаа гэж хүний саарал морь хоёр түрүүлсэн бол  хүрэн азарга нь гурав, дөрөв түрүүлсэн.  Өөр Чойжил гээчийн хар алаг морь хоёр түрүүлсэн.  Бас Базархүү гэж  хүн энгийн уналганд хэрэглэж байсан хүний морийг аваад түрүүлгэж байлаа. Ганбатын хүрэн азарга бас л дөрөв, тав дарааллан түрүүлсэн. Батсайхан гээчийн хонгор азарга хоёр түрүүлсэн бол  Бямбасүрэнгийн бор азарга хоёр түрүүлчихсэн. Сүүлийн үед  манайхан энд тэндээс сайхан хурдан хүлгүүд авчраад, илүү амжилт гаргах болжээ. 
-Өнгөрсөн хугацаанд хамгийн өргөн дэлгэр болсон наадам хэдэн оных байв?
-Ойнууд сайхан болно  л доо. Олон газрын чансаатай уяачид, хурдан хүлгүүдтэйгээ ирнэ. Манай сумынхан ч түрүүгээ алдахгүй. Гэхдээ бид жилдээ нэг их олон наадаад байдаггүй. Адуугаа гамнаж, морио хайрлах ёстой шүү дээ.  
-Бөх бас цоллодог юм байна, тиймээ?
-Манайх чинь бөхийн удамтай. Миний аав сумын начин цолтой бөх явлаа. Түүний ах Бадарч мөн сумын начин цолтой. Их бяртай, том биетэй улс байсан юм. Миний хувьд 1995,96 оноос бөх засаж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө аймгийн ахлах цоллооч алдар тэмдгээр шагнагдсан. Сонирхуулахад манай сум чинь аав, хүү, гурван начинтай.  МУ-ын Начин Доржпаламын Шоовдойхүү, түүний хүү Тогтохбаяр, Тогтохбаярын дүү Шинэбаяр гэж бөхчүүд байна. Үүнээс гадна би дуу хууранд их дуртай хүн. Тийм болохоор тэмцээн уралдаан, найр наадамд идэвхитэй оролцдог. Үүнийг маань үнэлэн 2006 онд Ардын авьяастан цол тэмдгийг олгосон. 
-Найр ахлана биз?
-1992 оноос эхлээд л нутаг орныхоо олонд туслаж бэр гуйж байна. Манай хадам ах Чимэдцэрэн гэж Жаргалан битгий хэл аймгийн хэмжээнд алдартай найр ахлаач хүн байсан юм.  Энэ ах маань намайг найр наадамд явж болох хүн байна гэж үнэлэн өөрийн хэлдэг ерөөлөө хэлж өвлүүлсэн өгсөн. Тэр ерөөлийг нь баяжуулан, чимэг нэмж өнөөдрийг хүртэл  найр наадамд уншиж явна. 
-Таны мөрөн дээрээс хичнээн цолтнууд төрсөн байна вэ?
-Сумын л голцуу баяр наадамд гарч байлаа. Миний мөрийг түшиж, олон ч сайхан бөхчүүд төрсөн. Одоо энэ Шинэбаяр сургуульд байхаасаа барилдаж, шууд аймгийн цолонд хүрсэн. Сумын цолтнуудаас Ганхуяг, Бэгзсүрэнгийн Бямбадорж, Баярмагнай, Цэдэнбалын Отгонбаяр, Хоомойн Буяндэлгэр, Галмандах нарын сумын заан, харцагууд цолонд хүрсэн байна. 
-Өнөөдөр цолонд хүрчих байх гэсэн итгэл төрүүлсэн ямар залуу бөхчүүд байна?
-Олон сайхан залуучууд бий. Жамсранжавын Галмандах, аймгийн начин Цэдэнбалын Баасандорж, биеийн тамирын Их шавь дээд сургуулийг төгссөн Буяндэлгэр нарын залуус ямар ч  бөхийг “айлгаж” мэдэх чансаатай бөхчүүд. 
-Таны энэ авьяасыг хүүхдүүд тань өвлөн авсан л байх даа?
-Би хоёр хүү, гурван охинтой. Хөвгүүд маань одоохондоо морь уяхгүй ээ. Бага хүү барилддаг. Өдгөө Жаргалан сумын хүний их эмчээр ажилладаг юм. Харин ах нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. 
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Та бүхэнд ч баярлалаа. Ажил үйлс тань өөдрөг байх болтугай.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна