Шилдэг уралдаанч А.ХАШБАТ: Хичээлдээ гайгүй ч УЯАЧ болъё гэж боддог

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 19 -нд

Увс аймгийн Өлгий сумын уугуул, шилдэг уралдаанч Амарын Хашбатын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. А.Хашбат нь 2013, 2014 онд сумынхаа шилдэг уралдаанчаар шалгарчээ.

-Хоёр жил дараалан сумынхаа шилдэг уралдаанчаар шалгарсан юм байна. Гаргасан амжилтаасаа хуваалцаач?
-2014 онд Өлгий сумын залуу шилдэг уяач Дэндэвийн бор даагыг унаж Ховд сумын 90 жилийн ойд аман хүзүүдүүлж, Өмнөговь сумын сургуулийн ойд түрүүлгээд, Бөхмөрөн сумын 90 жилийн ойд тавлуулж, улсын Арслан Батсуурийн цолны мялаалга наадамд түрүүлгэсэн.
-Даага гэхэд их олон уралдсан байна шүү?
-Тэгсээн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Буянт сумд болон  Увс аймгийн төвийн бүсийн бооцоот хаврын уралдаанд түрүүлсэн. Мөн Түргэн, Завхан суманд болсон хаврын уралдаанд ч бас түрүүлсэн.
-Хавраас эхлээд уралдсан бололтой?
-Тиймээ, хавраас эхлээд намар хүртэл уралсан.Намар манай суманд есөн сарын нэгэнд дааганы уралдаан болдог юм. Тэрэнд бас ахиад түрүүлсэн.
-Энэ он гарсаар яаж давхив?
-Энэ хавар Ховд, Түргэн, Ховд аймгийн Буянт сум гээд гурав  уралдаж  гурав түрүүлээд, Ховд аймгийн төвийн бүсийн уралдаан болон Өлгий суманд болсон баруун бүс, Сагил суманд болон уралдаануудад аман хүзүүдсэн. Одоогоор нийт 18 медальтай. Мөн энэ жил халтар даагыг унаж дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл авсан. Хонь жил гарсаар Дэндэв ахын дөрвөн морийг унаж 23 айраг, түрүү хүртээд байна.
-Дэндэв гэдэг хүний морийг хэдэн жил унаж байгаа юм бэ?
-Хоёр жил. Урьд нь Ховд аймгийн Мянгад сумын харьяат аймгийн Алдарт уяач Баттулга гэдэг хүний морийг унадаг байсан.
-Ер нь хэдэн наснаасаа хурдан морь унаж байгаа юм бэ?
-Найман наснаасаа. Анхныхаа айргийг Мянгад сумын наадмаас авч байсан. Түрүүн хэлсэн Баттулга гэдэг хүний хүрэн морийг унаж түрүүлгэж байлаа. Дараа нь Завхан суманд очиж Ядамсүрэн гэдэг хүний хээр морийг унаж хоёрт оруулсан. Ховд аймгийн даншигт Ядамсүрэнгийн бүдүүн морийг унаж арван хэдээр давхиулсан.
-2011 онд Увс аймагт баруун бүсийн наадам болсон. Тэнд очсон уу?
-Очсон. Ядамсүрэн гэдэг хүний хээр морийг унаж 20 хэдээр ирсэн.
-Туршлагатай уралдаанч юм байна. Уралдааны замд ямар тактик баримталж уралддаг вэ?
-Морио дарж явах, мориныхоо тэнхээнд тааруулж явах, тойргоор уралдах юм бол замаа сайн харж эргэх.
-Чадвар шаардсан уралдааны замтай газар хаана байсан юм бэ?
-Түргэн, Сагил сумын зам нэлээд хэцүү. Морины хөл авчихаар аймаар чулуутай, тэнд л хичээж уралддаг. Сагилд гурван морь унаад хоёрыг нь хоёрт, нэгийг нь гуравт хурдлуулсан. Түргэнд гурвууланг нь унаж түрүүлгэсэн. Дандаа Дэндэв ахын морьд.
-Шилдэг уралдаанч маань одоо хэддүгээр ангид  сурдаг билээ?
-Наймдугаар анги. Хичээлдээ гайгүй ч уяач болъё гэж боддог.
-Мөрөөдөл тань биелэх болтугай. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна