ОНЦ ТЭЭВЭРЧИН, ОСОЛГҮЙ МАНЛАЙ ЖОЛООЧ, МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Рэнцэнгийн Мигээсүрэн

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 18 -нд

Онц тээвэрчин, Осолгүй манлай жолооч, МУ-ын Алдарт уяач Рэнцэнгийн Мигээсүрэн 1942 оны 6 сарын 3-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Үнээн ус хэмээх газар төрж, аавынхаа төрсөн эгч Хандын хүү П.Рэнцэнд үрчлэгдсэн байна. Бага насаа тэр үеийн багачуулын нэг адил хөдөө малын захад өнгөрөөж, 1961 онд цэргийн албанаа татагдан 1964 онд халагджээ. Ирээд Дархан хотын Орос трестэд гурван жил жолоочоор ажиллаад 1967 онд төрсөн нутаг Говь-Алтай аймагтаа ирж Бигэр сумын харьяат Ж.Цэсэнтэй ханилан гурван хүү, гурван охинтой өнөр бүлийн тэргүүн болжээ. 1979 оныг хүртэл Говь-Алтай аймгийн намын хорооны II-р нарийн бичгийн дарга Сэлбэнхааны жолоочоор ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжин ирж  22 дугаар баазад жолооч, улсын байцаагчаар ажиллаж байгаад 1983 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын тээврийн товчооны даргаар томилдогдсон байна. Бага залуугаас адуу малд элэгтэй байсан тэрээр тэтгэвэрт гарснаас хойш мал маллахын зэрэгцээ морь уях эрдэмд шамдаж, 1996 оны улсын их баяр наадамд Илжгин хүрэн морио есөд, 1997 онд хул азарга 11-ээр, 1999 онд хул шүдлэн есөд давхиулсан байдаг. Мөн “Дэлгэрэх” ХХК-ийн захирал Б.Винтовын  морьдын уяа сойлгыг тааруулж 1999 оны улсын баяр наадамд хонгор морийг нь аман хүзүүнд хурдлуулж байсан билээ. Түүнчлэн Р.Мигээсүрэн Говь-Алтай аймгийн баяр наадамд жороо хонгор морио гурвантаа түрүүлгэж, хоёр айрагдуулсан бөгөөд 2002 онд Монгол улсын Алдарт уяач цолыг хүртжээ.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна