ШИЛДЭГ УРАЛДААНЧ Б.ЦЭРЭНЧИМЭД: ШАР ХЭЭР БИД ХОЁР ДААГАН ЦАГААСАА “НАЙЗАЛЖ” БАЙНА

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 18 -нд

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн шилдэг уралдаанч Баттулгын Цэрэнчимэдийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Хурдан морь унаад удаж байна уу. Олон шагналтай юмаа?
-Үеийнхээ хүүхдүүдтэй харьцуулахад жоохон хожуу морь унаж сурсан. 11 настай морь унаж сураад, уралдах болсноос хойш гурав, дөрвөн жил өнгөрч байна. Дамжин ахын хүү оюутан болж их сургуульд явах болоод эднийх унаачгүй болчихоод байсан үе л дээ. Ингээд анх удаа Дамжин ахын халтар морины нуруун дээр гарч “дадлага” хийж эхэлсэн юм. Түүнээс хойш сумынхаа шилдэг унаачаар 2013 оны 2 сарын 2-нд шалгарч, энэ оны гуравдугаар сарын 26-нд аймгийнхаа  шилдэг унаач боллоо.
-Ямар ямар уралдааны амжилт энд багтаж байгаа вэ?
-Аймгийн Алдарт уяач Дамжин ахынхаа хүрэн морийг аймагт хоёр удаа түрүүлгэж, сартай хээр морийг нь аман хүзүүнд хурдлуулж байлаа. Бас Хосбаярын хээрийг унаж, аймагт дөрөвлүүлсэн нь сумын шилдэг унаачийн амжилтанд дээгүүрт бичигддэг. Харин сумандаа Дамжин ахын зээрд морийг түрүү магнайд давхиулж, шар хээртэйгээ одтой сайхан наадсан. Шар хээр бид хоёр дааган цагаасаа “найзалж” байна. Энэ хугацаанд гурван удаа түрүүлгэж, нэг удаа аман хүзүүнд, гурван удаа айргийн гурваар орсон хурдан адуу байгаа юм.
-Тэгвэл аймгийн шилдэг уралдаанч болдог жилээ ямар амжилт гаргасан бэ?
-Аймагт нэг морь гуравлуулж, суманд их морь түрүүлгээд, айргийн дөрвөөр бас оруулсан. Мөн Олон нуурын овооны баярт Дамжин ахын хүрэн морийг унаж түрүүлгэлээ. Цагаан голын уралдаанд өөрийнхөө соёолонг унаж түрүүлгээд, халиун морио гуравлуулсан амжилтаараа аймагт данстай унаач болсон доо. Миний энэ соёолонг дааганд нь Дамжин ах өгснийг аав  маань уяж, би унаад дөрвөн ч медальтай болоод байгаа.
-Бай шагналдаа авч байсан хамгийн гоё бэлгээ нэрлээч?
-Мэдээж дугуй л гоё. Аав маань хүүдээ дугуй авч өгөхөд нь үнэхээр их баярласан.
-Тэгвэл морь унах, дугуй унах хоёрын аль нь гоё юм бэ?
-Аль нэгийг нь онцлох аргагүй л дээ. Хоёулаа гоё. 
-Голдуу Дамжин ахынхаа морьдыг унадаг юмаа даа?
-Тийм ээ. Зуны амралт эхлэнгүүт л Дамжин ахынх руугаа явдаг. Зуны гурван  сарыг  адуун дээр зугаатай өнгөрөөдөг болохоор хичээл орох болсныг ч анзаардаггүй гээч. Ингээд 9 сарын 1-тэй уралдаад гэртээ ирнэ дээ. Миний хичээлийн хэрэглэлийг бүгдийг нь Дамжин ах маань бэлтгэж өгдөг юм.
-Увс аймгийнхаа аль аль сумдаар явж морь унаж байсан бэ?
-Улаангом, Тэс, Малчин, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завхан, Ховд, Сагил, Давст гээд арван суманд очиж үзээд байгаа. Харин 2013 онд Завханы даншигт явж, Ховдод очиж байлаа.
-Олон насны морь унахаар ядардаг уу?
-Халуун амаргүй л дээ. Өөрийн эрхгүй л нойр хүрч золигтоод байдаг юм. Гэхдээ нэг нас унаж ирчхээд толгойгоо сайн гэгч нь норгоод гарахаар хэсэгтээ сэрүүхэн сайхан л даа.
-Уралдааны замд бэрхшээлтэй зүйл бий юу?
-Дажгүй шүү. Төхөөрөмжтэй уралдаж байгаа болохоор морь дутуу эрхгүй. Би 2013 онд Завхан аймгийн даншиг явж байсан гэж ярьсан даа. Тэгэхэд шар хээр даага байлаа. Анх удаа төхөөрөмжний ард орж үзсэн болохоор даага маань үргээд, би гараа алдаад хамгийн сүүлд гарч хөглөж билээ. Гэхдээ яахав ээ хөөсөөр яваад 60-д оруулсан юм.
-Унаач хүүхдүүдийн дунд уралдааны замд муудах тохиолдол гардаг уу?
-Үгүй ээ.
-Нууц биш бол Цэрэнчимэд унаачийн уралдааны тактикийг сонирхож болох уу?
-Дамжин ахынхаа зөвлөгөөг их дагана даа. Би ч мориныхоо амыг татаад, гуядаж яваад, бариа дөхөхөд шахаад л ордог юм.
-Танай ангид хурдан морь унадаг хүүхэд олон байдаг уу?
-Надтай нийлээд тав, зургаан хүүхэд бий. Эндээс Бумбаяр маань бас л мундаг унаач байгаа юм.
-Он гарсаар олон уралдав уу?
-Нэг их олон бишээ. Азарганаас бусдыг нь унаж уралдлаа. Аймгийнхаа зүүн бүсийн уралдаанд шар хээрийгээ аман хүзүүлгэж, нэг даага 15-аар ирлээ. Дамжин ахын хүрэн аравт ирж, миний халтар соёолон 15-аар, нэг шүдлэн арваар давхилаа.
-Сайхан нааджээ. Сүүлтийн асуултыг бяцхан унаач танд үлдээж байна?
-Баярлалаа. Увс аймгийн маань уяач, унаачид энэ жилийн баяр наадмуудад одтой наадах болтугай. Би ч бас олон айраг, түрүүн эзэн болохыг хүсч байнаа.

"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна