АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ О.БАТ-ЭРДЭНЭ: БҮСЧИЛСЭН УРАЛДААНУУД ХӨДӨӨГИЙН УЯАЧДАД ӨРГӨН БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 29 -нд

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Манлай сумын «Манлайн хурд» МСУХ-ны дэд тэргүүн, сумын ИТХ-ын дарга аймгийн Алдарт уяач Очирсүрэнгийн Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна. Тэрээр:
Алтангадас одон
Биеийн тамир спортын Тэргүүний ажилтан цол тэмдэг
Санхүү бүртгэл спортын Тэргүүний ажилтан цол тэмдэг
Тэмээн пологийн спортын мастер цол зэргээр тус тус шагнагдаж байжээ.
-Манлай сумынхан Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаа “Түмэн адууны баяр”-тайгаа давхцуулан өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ. Наадмын сэтгэгдлээр ярилцлагаа эхэлье?
-"Манлайн хурд"  МСУХ өнөө жил үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойгоо тэмдэглэж буй. Түүхт ойн босгон дээрээ МУ-ын шилдэг  салбар холбоогоор шалгарсныг та бүхэн мэдэх байх. Үүнээс гадна 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор Манлай сум 10269 толгой буюу түмэн адуу тоолуулсан. Үүнээс өмнө 1999 онд Өмнөговь аймгийн хэд хэдэн сум түмэн адуу тоолуулсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, Ардын хувьсгал ялсанаас хойш Өмнөговь аймаг хоёр дахь удаагаа түмэн адуу тоолуулж буй нь энэ. Баяр бахдалт энэ үйл явдлыг хөхүлэн дэмжиж нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч аймгийн Засаг даргын Тамгын газартайгаа зөвлөлдөн, захирамж гаргуулаад, “Түмэн адууны баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулсан юм. Явцын дунд аймгийн зүүн бүсийн уралдааныг хамтатгах нь зүйтэй хэмээн хэмээн үзэж, аймгийн ИТХ-аас тогтоол гаргуулан гурван өдрийн турш өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. 
-Манлай сум адууныхаа тоогоор сүүлийн 17 жил аймагтаа тэргүүлж байгааг сонсох бахдалтай байлаа?
-Тийм ээ, 2002 оноос хойш 15 жил завсаргүйгээр тэргүүлж байна. Үүнээс өмнө завсартайгаар хоёр жил адууныхаа тоогоор аймагтаа тэргүүлсэн байдаг юм. 
-1999 оны Түмэн адууны баяр өтгөн болж байв уу?
-Тэр үед баяр хийгээгүй. Энэ жил анх удаагаа “Түмэн адууны баяр”-аа тэмдэглэлээ. Харин 2012 онд Манлай сум 108 мянган мал тоолуулж, 10 жил аймагтаа адууныхаа тоогоор тэргүүлсэнийхээ баярыг тэрхүү баяртайгаа хавсарган тэмдэглэж байсан юм.
-Адуун сүргийн тоо толгой Манлай сумын хэмжээнд тогтмол өсөж байгаа нь юутай холбоотой вэ?
-Бэлчээр сайтай. Ялангуяа сумын баруун болон хойд тал бол тэр чигээрээ адууны бэлчээр нутаг юм. Байгалийн энэ сайхан онцлогтоо зохицуулан манай сумынхан дээр үеэсээ адуун сүргээ өсгөн үржүүлж, хурдан удмын адууныхаа үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүхтэй.
1999 онд болсон “Говьшанхын хурд -1” уралдаанаас л гэхэд манай сум хамгийн олон айраг, түрүүг авч байлаа. Түүнээс хойш манай сумынхан адуун сүргийнхээ бүтцийг сайжруулахад онцгойлон анхаарч, газар газрын хурдан хүлгүүдээр цус сэлбэсээр ирсэн. Үүний үр дүнд бид хурдан морьдын амжилтаараа Өмнөговь аймагтаа тэргүүлж байна. Энэ ч утгаараа адууны өв соёл болон хурдан морины удам угшлыг хадгалах талаар бусад сумдаас илүү бодит үр дүнд хүрч байгаа гэж би боддог.
-“Түмэн адууны баяр”-ын хүрээнд зохион байгуулсан онцлох ажлуудаасаа сонирхуулаач?
-Хамгийн гол нь Манлай сумынхан түмэн адуутай болжээ гэдгийг улсын хэмжээнд мэдээллэх, улмаар говийн нөхцөлд адуу өсгөж болдог юм байна шүү гэсэн ойлголтыг хүмүүст хүргэх зорилго тавилаа. Мөн олон жил адуу малласан ахмад адуучид, уяачдынхаа хөдөлмөрийг төр засагтаа үнэлүүлэн, адуу сонирхож, амжилтын гараагаа эхлүүлж  буй залуучуудаа урамшууллаа. Үүний зэрэгцээ адууны өв соёлыг залуучууддаа сурталчлах, монгол түмний их баяр цэнгэл наадмаараа үндэсний дээл, хүлэг сайхан морьд, өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн нүүдэлчний их соёлоороо гоёхыг уриалсан.
-“Адуучин” тэмцээнд хичнээн аймаг, сумдын залуус оролцов?
-“Адуучин” тэмцээн нь залуучууд морь унахаа больж, нүүдэлчний өв соёлоосоо холдож байгаа энэ цаг үед адуунд эрэмгий эрсийн ид бахыг гайхуулах, тэднээр бахархах, үүгээр дамжуулан залуусыг монгол ахуйтайгаа ойртуулах асар том зорилго, агуулгатай гэж би боддог. Манайх энэ тэмцээнийг нутагтаа хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн 79 дуучин оролцлоо. Тэмцээн бүтэн өдрийн турш үргэлжилсэн. Говь нутаг их халуунаас гадна хур бороо ховор байсан учир тэмцээнд оролцсон залуус маань ч асар их сэтгэл зүтгэл гаргаж оролцлоо.
-Мөн Манлай сумын нэрийн хуудас болсон Ц.Занданбал агсны Нарийн халзан азарганы хөшөөг сумынхаа төвд сүндэрлүүлсэн баярт үйл явдлын талаар дурсахгүй өнгөрч болохгүй байх?
-Тэгэлгүй яах вэ. Цэрэндоржийн Занданбал бол Ардын хувьсгал ялахаас өмнө Даншиг долоо, арван засгийн наадамд морь түрүүлгэж байсан домогт уяач. Мөн Ардын хувьсгалын ойн баяр наадмуудад ч даага түрүүлгэн, морио айрагдуулж байсан. Түүний энэ сайхан хурдан буянгуудын удмын үргэлжлэл болсон Нарийн халзан /1960-аад онд хурдалж байсан/ бол онцгой хурдтайгаас гадна төл сайтай азарга байсан гэдэг. Үүний нэгэн тод илэрхийлэл нь болж Нарийн халзан азарганы үр төлүүд одоо ч торгон жолоо өргүүлж, нутгийнхаа нэрийг дуурсгасаар л байна. Энэ ч утгаараа манай нутгийнхан Нарийн халзан азаргыг Манлай сумын хурдан хүлгүүдийн дээд өвөг хэмээн үздэг юм. Тиймээс Ц.Занданбал агсны үр хүүхэд, хойч үеийнхэн сумын МСУХ, сумын ИТХ, аймгийн ЗДТГ-т хүсэлт тавьсаны дагуу 13 сая төгрөгийн хөрөнгөөр Нарийн халзан азарганы хөшөөг босгож, нээлтийг нь “Түмэн адууны баяр”-тай давхцуулан зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээ сайхан болж, хүмүүс ч сэтгэл өндөр хүлээж авлаа.
- “Түмэн адууны баяр”-т долоон насны морь уралдлаа. Уралдааны зохион байгуулалт сэтгэлд тань хүрэв үү?
-Уралдааныг хурдан морины салбар комисс, сумын МСУХ-той хамтран зохион байгуулдаг. Ер нь Манлай сумын наадам жилийн жилд дэг журамтай, зохион байгуулалттай болдог.  Ямар нэг будилаан, хэл ам гардаггүй. Энэ удаад ч мөн адил хурдан морины уралдаан  зохион байгуулалт сайтай боллоо.
Нийтдээ 300 гаруй хурдан ажнай долоон насанд тоосоо өргөлөө. Онцлог нь бид анх удаа шинэ цагийн монгол адуу буюу эрлийз дааганы уралдааныг зохион байгуулсан. Учир нь, манай уяачид сүүлийн жилүүдэд адууныхаа үүлдэр угсааг сайжруулахад ихээхэн анхаарч байгаатай холбоотойгоор шинэ цагийн монгол адуу ч олширч байна. Үүнийг харгалзаж үзсэн. 
-Тэр халуунд уралдаж байгаа морьдыг хараад говийн адуу үнэхээр тэвчээртэй юмаа хэмээн бодсоноо нуугаад яахав?
-Цаг агаарын хувьд нэлээд хүнд байлаа. +40 хэмийн халуунд наадмаа зохион байгуулсан. Гэвч зохион байгуулалт сайн байсны ачаар уяачид хийгээд хурдан морь сонирхогчид, наадамчин олон маань сэтгэл маш өндөр буцсан. Үүнийг хараад бид ч бас баяртай байгаа.
-Манлай сумын МСУХ тахиа жилийн босгон дээр “Улсын Шилдэг салбар холбоо”-гоор шалгарсан. Шагнал гардах нь сайхан боловч үүнийг дагаад асар том хариуцлага ирдэг. Өөрөөр хэлбэл, амжилтаа батална гэдэг том ажил?
-Тийм ээ. Бидний хувьд 2017 онд хийхээр төлөвлөсөн хамгийн гол ажил бол Нарийн халзан азарганы хөшөөг босгох явдал байлаа. Үүний дараа “Түмэн адууны баяр”-ыг зохион байгуулах ажил яригдаж байсан юм. Бид хоёр гол ажлынхаа ард амжилттай гарлаа. Одоо уяачдынхаа хувь хүний хөгжил, ёс зүйд чиглэсэн ажлуудад гол анхаарлаа хандуулж байна. 
-Хоёулаа нэлээд ажил хэрэгч яриа өрнүүллээ. Одоо уяачийн гараагаа эхлүүлсэн түүхээр яриагаа үргэлжлүүлье?
-Би бол малчин айлын хүүхэд. Миний аав морь дагнаж уядаггүй ч насаараа адуу малласан, адуунд хорхойтой, эмнэг хангал сайн сургадаг, морийг сайхан унаж эдэлдэг хүн бий. Одоо 80 гарчихсан ч Гурван сайхан уулынхаа энгэрээр морьтой л жогшуулж явна.
Миний хувьд багаасаа адуу малын дэргэд өссөн. Сургууль соёлд яваад хэсэг хөндийрсөн ч 1994, 1995 оноос эргээд адуутай ноцолдож эхэлсэн. Гэвч бас ажлын шаардлагаар хэсэг хөндийрсөн л дөө. Тэгээд 2000 оноос адуундаа илүү цаг зав гаргах болсон. Миний энэ сонирхлыг хамгийн их дэврээж өгсөн хүн бол аймгийн Алдарт уяач Сайнбилэг ах. Бид хоёр олон жил уяа нийлж явна. Хурдан угшлын олон сайхан хүлгээр нь наадсаар ирлээ. Миний адууны угшил энэ хүний адууны угшлаас эхтэй.
Дээрээс нь би 2004, 2005 онд Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамцаас цэгээн гүү худалдаж авсан. Тэр гүүг Сайнбилэг ахын хурдан саарал азарганд тавьсанаар миний хурдан хонгор азарга гарсан юм. Хойд чигээс авч ирсэн Бүүдэн хонгор азарганы дөрөв дэх үеийн адуу байгаа юм. Аймгийн Алдарт уяач болох болзлын маань дийлэнх хувийг хангаж өгсөн буян даа. 
-Дааган цагаасаа уралдсан уу?
-Тийм.|2010 онд даагандаа Хүрмэн суманд болсон Баруун бүсийн зургаан насны уралдаанд гурваар хурдалж, аймаг, аймгийн бүсийн наадмын өмийг минь нээж байлаа. Тэгэхэд манай уяачдын холбооны дарга Түмэнбаярын шинэ цагийн монгол адуу болох хээр даага түрүүлж, Ханбогд сумын Засаг дарга байсан Дэндэвсамбын Бадамсүрэн гуайгаас авсан эрлийз ухаа даага аман хүзүүдсэн юм. Мөн цэгээн гүүг дагаж ирсэн унага хязааландаа бас л эрлийз морьдтой хурд хүчээ сорьж, айргийн тавд давхиж байлаа. Ингэж би бүсийн уралдаанаас анх удаа хоёр айраг хүртсэнээр урам зориг минь бадарч, моринд илүү хорхойссон юм. Түүнээс хойш 17 дахь жилдээ хурдан хүлгийн уяа сойлго тааруулан, сайхан нөхдийнхөө хамтаар “Манлайн хүлэгч” галыг байгуулж, хамтдаа туршлага судалж явна. 
-Цэгээн гүүнээс өөр хурд тарьсан ямар адуу байна вэ?
-Дорнод аймгийн Баяндун сумаас 10 сая төгрөгөөр хул даага худалдан авч байлаа. Сайнбилэг ах маань надад авчирч өгсөн юм. Одоо долоон настай сайхан азарга бий. Надад ирэхдээ даагандаа хоёр ч удаа түрүүлчихсэн байсан. Надад ирсэнээсээ хойш хоёр, гурван ч удаа айрагдчихлаа. Сая сайхан азарга шалгаруулах төрөлд гуравдугаар байрт шалгарсан.
Мөн хул азарганы маань төлүүд ч энэ жилээс сайхан хурдалж эхлээд байна. Сайнбилэг ах маань “Энэ их сайн төлтэй азарга байна. Хурдлах төлүүд цөөнгүй гарна аа” гэж намайг урамшуулдаг юм.
Харин хонгор азарга маань аймаг, бүсийн наадамд нэг түрүүлж, 10 гаруй удаа айрагдсан. 
Ерөнхийдөө надад хонгор зүсмийн адуу их хурдалдаг юм. Жишээлбэл Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, улсын Алдарт уяач Хужирын Жамбал агсны адууны хонгор үрээг нэрлэж болно. Би дааганд нь авсан. Энэ жил гурван бүсийн уралдаанд оролцож, нэг түрүү, нэг аман хүзүү, нэг айраг хүртлээ. Цаашид намайг олон удаа баярлуулах байх аа.
Мөн хонгор азарганы дүү хээр гүү, Дорнодын Баяндунгаас авч ирсэн хул азарга хоёрын дундаас ухаа унага гарсан. Ирэх жилээс сайхан уралдах байх гэж бодож байна. Манай морь шинжээчид “Ирэх жил чи гаднаас даага эрэлтгүй, өөрийнхөөрөө наадах болжээ” гэж байна лээ. Ах нь хожуухан адуужиж эхэлсэн ч 100 гаруй адуутай болчихлоо. Унаган адуунууд маань ч одоо сайхан хурдалж эхлэж байгаад баярлаад байна. 
-Таны морьдын уяа сойлгыг тааруулдаг гээд нэг залуухан Алдарт ярилцлага өгсөн.
-Тиймээ, сүүлийн гурван жил Шарын Отгон-Эрдэнэ гэдэг залуутай хамтран морь уяж байна.  Сайнбилэг ах маань 60-ын босгыг алхаж байгаа учир “Ах нь хол явж чадахгүй нь ээ. Тиймээс чи залуу уяачидтай нийл” гээд Отгон-Эрдэнийг зааж өгсөн юм. Бид хамтраад ганзага дүүрэн сайхан наадаж байгаа.
Ноднин жил манай суманд анх удаа болсон Зүүн бүсийн хаврын уралдаанд миний хар азарга гуравлаж, уяачийн маань хээр азарга таваар давхисан. Хар азарга бол Өехий багийн харьяат Буянаа гэдэг хүний адууны угшилтай. Өөрөөр хэлбэл Отгон-Эрдэнийн маань хадмын талын адуу л даа. Надад ирээд гурван жил болж байна.  Энэ жил Отгон-Эрдэнэ маань одтой сайхан наадан бүсийн уралдаануудаас олон сайхан айраг хүртлээ. Тодруулбал, сая болсон бүсийн уралдаанд миний алаг хязааланг дөрвөөр давхиулж, дөрвөн даага уралдуулсанаас гурвыг нь айрагдууллаа. Залуу хүн гэхэд морины уяа сойлго тааруулахдаа сүрхий мэргэшиж байгаа. Арга ч үгүй байлгүй дээ. Аав нь олон жил морь уясан Жаал Шар гэдэг хүн байсан юм.
-Түмэн адууны баярт таны 14 настай хээр морь зурхайн үзүүрт гүйцэгдэж зургаад баригдсан. Энэ хаанахын адуу вэ? 
-Манай хадам ээжийн дүү, аймгийн Алдарт уяач Цогтбаатар ах маань надад өгсөн юм. Тэр хүний унаган адуу л даа. Аймгийн баяр наадамд түрүүлж, Ханбогд, Манлай сум нийлсэн Сүмийн гүний наадамд айрагдсан. Энэ жил 14 насандаа зургаа уралдаж, дөрөв айрагдлаа. Өвөл Дорноговь аймагт болсон “Хутагтын хурд”-д 20, Өмнөговийн зүүн бүсийн уралдаанд 12, сумын бүсийн уралдаанд зургаагаар давхилаа. Нас нь ахиж байгаа учраас залуу морьдыг арай л гүйцэхгүй байгаа юм. Ирэх жилээс уяхгүй ээ.
-Хонгор азарга даагандаа бүсийн уралдаанд айрагдсан. Түүнээс хойш ямар амжилт үзүүлсэн бэ?
-Даагандаа сум, бүсийн уралдаануудад 12 удаа уралдаж, 11 айраг хүртсэн. Начин Шоовдорын нэрэмжит баруун бүсийн уралдаанд гурван жил дарааллан айргийн гуравт давхиж байлаа. Мөн төвийн бүсийн уралдаанд мөн гуравлаж байсан. Eр нь нэг л удаа түрүүлж, бусдад нь дандаа гурав, таваар давхисан. Миний хонгор азарга хязааландаа Хүрмэн сумын 90 жилийн ойн баяр наадамд  таваар давхиад  давхар уяагаар Баян-Овоо суманд болсон Зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн. Дараа жил хөл нь жаахан эвгүй болчихоор нь азарга тавиад дахиж уралдуулаагүй ээ. 
-Аймаг, бүсийн уралдаанаас нийт хэдэн айраг, түрүү хүртээд байна вэ. Улсын бүсийн уралдаанд оролцож байв уу?
-Одоогийн байдлаар аймаг, бүсийн наадмаас гурван түрүү, 17,18 айраг хүртээд байна. Ноднин жил Цэцийд болсон улсын бүсийн уралдаанд хар азарга жаахан таргадаад 21-ээр давхисан. 
-Ингэхэд та хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн билээ?
-2013 онд хүртсэн. 
-Цаашдаа улсын чанартай уралдаануудад түлхүү оролцоно биз дээ?
-Ирэх жил Хүйн долоон худагт очиж, хурдан хүлгүүдийнхээ тоосыг өргөх бодолтой байна. Санаж явахад бүтэх байхаа.
Eр нь ММСУХ улсын чанартай уралдаануудаа бүсчилэн зохион байгуулж байгаа нь хөдөөгийн уяачдадаа их боломж олгож байна гэж хардаг юм. Учир нь, санхүүгийн асуудлаас болоод хол явж уралдах хэцүү л дээ. Нөгөөтэйгүүр говийн адуу хангайд очиж уралдана гэдэг нэлээд бэрх. Учир нь, говийн ургамал тачирхан хэрнээ их чанарлаг. Гэтэл хангайн ургамал өндөр хэрнээ усархаг, аминдэмээр бага байдаг юм. Говийн адуу хангайд дасна гэж байхгүй. Хангайн адуу ч говийн ургамлыг идэж чадахгүй. Энэ утгаараа бүсчилсэн уралдаанууд хөдөөгийн уяачдад өгөөжөө өгч байгаа гэж боддог.
Манай аймаг гэхэд гурван бүсийн уралдааныг зохион байгуулдаг юм. Баруун талаасаа зүүн талд ирж уралдлаа л гэхэд 400-500 км явна шүү дээ. 
-Таныг тэмээн полоны дасгалжуулагч, спортын мастер гэж сонссон. Энэ тухай дэлгэрүүлэн ярьж өгөөч?
-Тиймээ. 2002 онд УИХ-ын гишүүн, Манлай сумын унаган хүүхдүүдийн нэг Тэрбишийн Оюунбаатар Шадар сайдаар ажиллаж байхдаа “Тэмээн поло“ тэмцээнийг орон нутагтаа санаачлан зохион байгуулсан юм. Энэ ажил говь нутгийн эзэн нь болсон тэмээг сурталчлах, түүний үнэлэмжийг ахиулахад гол үндэс болж чадсан гэж боддог.
Анх 2002 оны наймдугаар сард Манлай суманд тэмээн полог зохион байгуулж байлаа. Тэгэхэд бид энэ спортын талаар бүрэн ойлголтгүй, тэмээ унаад бөмбөг цохиод л давхиж байлаа. Миний хувьд тэр тэмцээнээс хойш энэ спорттой холбогдсон. Тэгэхэд би багийн даргаар ажиллаж байсан юм. Энэ ажлыг 12 жил хийсэн. Түүнээс хойш сумын ИТХ-ын даргаар тав дахь жилдээ ажиллаж байна.
Нэгэнт багийн дарга учраас багаа дасгалжуулах үүргийг хүлээж байлаа. Хэдийгээр тэмээ унаад байдаггүй боловч малын захад өссөн надад энэ спорт ойр санагдсан л даа. Тэгээд алтан медаль хүртэж байлаа. Хойтон жил нь Оюутолгойд тэмээн поло тэмцээн болоход мөн л түрүүлсэн. Улмаар 2004 онд Дорноговьд хоёр баг оролцож, нэг нь түрүүлэн, нөгөө нь хоёрдугаар байрт шалгарч байлаа. Мөн Улаанбаатарт болсон тэмцээнд хоёр баг оролцож, нэг нь түрүүлж, нөгөө нь дөрөвдүгээр байрт шалгарсан. Дундговь аймгаас ч бас хүрэл медаль хүртэж, уржнан жил аймагтаа болсон тэмцээнд багаараа түрүүлсэн. Ингээд Монголын биеийн тамир спортын хорооны цол зэрэг олгох комиссоос гаргасан журмын дагуу 2007 онд дэд мастер, 2009 онд спортын мастер цолыг баг хамт олныхоо хамтаар хүртсэн юм. 
-Танай суманд тэмээ уралдуулдаг уу?
-Өвөл болгон тэмээний баяр зохион байгуулдаг юм. Жил бүрийн гуравдугаар сард болдог “Түмэн тэмээний баяр”-аар бас  тэмээний уралдаан, сайхан хос, сайхан буур, сайхан ингэ шалгаруулдаг.
Мөн сумын ИТХ-ын тогтоолоор жил бүр “Малчны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж, тэмээний баяраа тэмдэглэхээр тогтоод байна. 
-Та өөрөө поло тоглодог уу?
-Би дасгалжуулна уу л гэхээс биш мундаг сайн тоглохгүй л дээ. Гэхдээ бөмбөг цохино оо.
 Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Морь уяж байгаа хүн танай удамд танаас өөр бий юү?
-Аав маань насаараа адуу малласан боловч нэг их уяж байгаагүй юм. Манай ах дүү ч бас дийлэнх нь төвд амьдарч байна. Одоогоор надаас өөр морь уяж байгаа нь алга даа.
-Удмаасаа ганцаараа морь уях төрийн хэрэгт шамдаж байгаа юм байна. Энэ  ч утгаараа залгамж халаагаа бэлтгэхэд анхаарал хандуулж байгаа байлгүй?
-Би хоёр охинтой. Харин манай хүргэн Батням морь уядаг юм. Сүүлийн хэдэн жилийн турш надтай хамт явж, энэ жил бүсийн уралдаанаас айраг хүртлээ. Тодуулбал, Ханбогд суманд болсон хаврын бүсийн уралдаанд эрлийз хонгор даага нь айрагдсан. Тэр хонгор даага сая аман хүзүүдлээ. Eрөнхийдөө эрлийз адуу л их сонирхож байгаа хүн дээ. Шинэ цагийн монгол адууг Манлай сумандаа нутагшуулах талаар ч нэлээд анхаарч байна. Энэ жил л гэхэд Дорнод аймгийн Бандгаа Ганхуягийн адуунаас дөрөв, таван даага авч ирлээ. Өмнө нь ч бас авч ирсэн. 
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Хурдан морины босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай.
-Баярлалаа. Манай суманд болсон Түмэн адууны баяр, Манлай сумаас төрөн гарсан уяачид болон хурдан хурц хүлгүүд, Манлай сумын адууны онцлогийн талаар сурвалжлан, монгол түмэндээ  сурталчлан таниулж байгаад сумынхаа нийт уяачдын өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийльe. Цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье!.

"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна