Уяач И.Өлзийхутаг: 20 жил морь уяад, анх удаа төрийн наадмын айраг хүртлээ

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 24 -нд

2017 оны улсын наадамд айргийн тавд хурдалсан Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ишийн Өлзийхүүгийн сартай зээрд даагыг танилцуулж байна. Энэ даагыг 14 настай Харангын Ууганбаяр гэх хүү унаж хурдлуулжээ.

-Төрийн наадмын анхны айргаа даагаар хүртлээ. Баяр хүргэe?
-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Аав, өвөө хоёр маань төрийн наадамд адуу айрагдуулж байсан. Өвөө маань Монгол Улсын Манлай уяач Од гэдэг хүн байлаа. Миний аав Гомбын Ишийн бор морь улсын баяр наадамд дөрвөн удаа айрагдаж байсан. Миний хувьд 20 жил морь уяад, анх удаа төрийн наадмаасаа айраг хүртэж байна.  
-Аав тань хэд, хэдэн онд улсын баяр наадамд бор морио айрагдуулж байв?
-1966, 1967 онуудад хязаалан, соёолон айрагдуулж байсан. Шарга морь аман хүзүүдүүлсэн билүү, түрүүлгэж байсан юм. Мөн 1997 онд аавын нэр дээр Төвийн бүсийн уралдаанд бор морь аман хүзүүдэж байсан.
-Та өмнө нь улсын наадамд хамгийн дээд тал нь хэдээр давхиулж байв?
-Долоо, наймаар л давхиж байсан даа. Харин 1997 онд Баянцагаанд болсон 20 дугаар зууны Манлай уяач Даваахүү гуайн ойн наадам гэж бүсийн хэмжээний том уралдаанд их насны бор морио аавынхаа нэр дээр аман хүзүүдүүлж байлаа.
-Энэ жил та төрийн наадамд хэдэн насны морьд мордуулж, ямар амжилттай наадав?
-Гурав, дөрвөн насны морьтой ирсэнээс хязаалан, даага, соёолон гурав мордсон. Соёолон 50-н хэдээр, хязаалан 17-д ирээд урагшилсаар байгаад 10-т орлоо. Хязааланг Төв аймгийн Алтанбулаг сумаас дүүгийнхээ нэр дээр уралдуулсан юм. 
-Төрийн наадамд айрагдсан даага хаанахын ямар угшилтай вэ?
-Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу л даа. Учир нь Ононгийн Батбилэг манай адууны уяа сойлгыг тааруулдаг юм. Эцэг нь Хэнмэдэх гуайн адууны угшилтай, зээрд азарга. Эх нь Онон гуайн унаган сартай хүрэн гүү юм билээ. Би энэ даагыг хавар аваад, дан уяагаар улсад айрагдууллаа.
-Улсын баяр наадмаас хойш дахин уралдуулсан уу?
-Дундговийн бүсийн уралдаанд 10-н хэдээр ирсэн. Ханиачихсан байсан нь амжилтанд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх л даа. 
-Баярлалаа. Дараа, дараагийн наадмуудад нь амжилт хүсьe.
"Тод магнай" сэтгүүл 88, 89

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна