Уралдаанч Б.Ганхуяг: Хөөрүү морь унах л хэцүү

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 22 -нд

Хонгор нутгийн хүү Б.Ганхуягтай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр Богд сумынх бөгөөд нэгдүгээр ангиасаа хурдан морь унажээ.

-Хэдэн жил хурдан морь унаж байгаа билээ?
-Нэгдүгээр ангиасаа эхлээд аавын ангийн хүүхэд Төмөрбат ахын морийг унаж байгаа. Аан бас Тогоо гэдэг хүний морийг унаж, соёолонг нь нэг аман хүзүүдүүлж байсан юм байна. Өшөө хүний морь унадаггүй.
Найман настай анх Төмөрбат ахын сартай азаргыг нь унаж сумынхаа наадамд аман хүзүүдүүлээд, дараа нь Уламбаяр ахын зээрд үрээг Баянговийн наадамд хоёроор давхиулсан. 2013 онд сумынхаа наадамд азарга, соёолон түрүүлгэж, хязаалан, шүдлэн айрагдуулсан. 
-Хэдэн насны морь унасан юм бэ?
-Таван насны морь унаснаас даага л айрагдаж чадаагүй. 25-аар давхисан. Тэрний дараа Баянлигийн наадамд очиж хязаалан, шүдлэн, даага гурав унаад хязаалангаа гурваар давхиулж шүдлэнгээ түрүүлгээд, даагаа аман хүзүүдүүлсэн. Дараа нь Баянцагаанд очиж азаргаа түрүүлгээд, Баян-Өндөрт гуравлуулсан. Бас нэг багахан наадамд даага түрүүлгэсэн юм байна. 2014 онд болохоор Төмөрбат ахын соёолонг аман хүзүүдүүлж, хязаалан дөрөвлүүлсэн. Өөр уралдаагүй. 
-2014 онд өөр сумд руу явж наадаагүй юм уу?
-Жинстэд очоод 10 гаргаж давхисан. Харин 2015 онд сумынхаа наадамд азарга аман хүзүүдүүлээд, даага дөрөвлүүлсэн чинь эрлийз гээд хасчихсан. 
-Харамсалтай юм...
-Соёолон унаад тавласан чинь төхөөрөмжинд ороогүй гээд бас хасчихсан. Тэгээд Баруунбаян-Улаан  руу явж соёолонгоо дөрөвлүүлээд Бууцагаанд очоод ахиад дөрвөөр давхиулсан. 
-2016 он гарсаар уралдсан уу?
-Уралдсан. Өвөрхангайн Хайрхандулаанд болсон уралдаанд их насны морь  есөөр оруулж, сумандаа болсон бооцоот уралдаанд их нас ес, соёолон зургаагаар давхиулсан. Тэгээд Баянговийн говийн бүсэд очиж их морь дөрөв, соёолон гурваар давхиуллаа. 
-“Номгон хайрханы хурд”-д очсон уу?
-Очсон. Их нас гурав, соёолон 15-аар давхиулсан.
-Уралдаанч хүүхдэд тулгардаг хамгийн бэрхшээлтэй асуудал юу вэ?
-Хөөрүү морь унах л хэцүү. Бусдаар гайгүй дээ.
-Ярилцсанд баярлалаа. Унасан морьд нь хурдан байх болтугай.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна