2014 оны шилдэг уралдаанч Л.Ганбагана: Дарга болоод сайн морь авна

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 20 -нд

Баянхонгор аймгийн уралдаанч хүүхдүүдийн төлөөллийг цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдөр Баянцагаан сумын сурагч, 2014 оны шилдэг уралдаанч Л.Ганбаганатай ярилцсанаа хүргэж байна.

-Шилдгээр шалгарсан 2014 оны уралдаануудынхаа талаар ярьж өгөөч?
-Хавар нь “Алтантэвшийн Алтанжолоо” галын нэрэмжит наадамд уяачдын холбооны тэргүүн байсан Энхтөр ахын бор морийг унаж түрүүлгээд, зун нь Баацагааны 90 жилийн ойд  дахиад түрүүлгэсэн. Бас сумынхаа баяр наадамд түрүүлгэсэн.
-Бор морио юу?
-Тиймээ, сумынхаа наадамд бас түрүүлээд аймагт очиж Ламын Гэгээний даншигт дөрөв дээр явж байгаад сууж гуч гаргаж давхисан. Түүний дараа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд болсон уралдаанд бас өнгөлж яваад сууж арав гаргаад давхисан. 
-Ганцхан бор морио л унасан юм уу?
-Өөр зөндөө олон морь унасан. Алтангинж ахын Соёмбо хүрэн соёолонг унаж Баацагааны ойд арав гаргаж давхиулаад Соёмбо галын уралдаанд аман хүзүүдүүлсэн. Бас нэг даага унасан. 2014 онд нийтдээ долоо найман түрүү, тав зургаан айраг авч сумынхаа шилдэг уралдаанчаар шалгарсан.
-Ганбагана хэдэн жил хурдан морь унаж байгаа вэ?
-Дөрөв дэх жилдээ унаж байна. Тав,  зургаан настай өвөөгөөрөө заалгаж морь унаж сураад, 11-тэй хурдан морь унасан. Манай өвөөг Нацагдорж гэдэг. Аймгийн Алдарт уяач цолтой.
-Өвөөгийнхөө уясан морийг унадаг байсан уу?
-Үгүй ээ. Энхтөр ахын морийг унасан. Тэдний морийг унадаг байсан Мянгаа бид хоёр морин хуурын дугуйланд хамт явдаг байсан юм. Тэгээд надад “би моринд хүндэдчихлээ, чи унаад өгчих” гэсэн. Надаас биеэр том л доо. Түүнээс өмнө Галаа ахын хээр морийг унаж хойхнуур  давхиулаад, нэг даагыг нь айрагдуулсан байсан.
-Баацагааны ой өтгөн болсон дуулдсан. Олон морь уралдсан уу?
-Тэгсээн. Би бор морьтойгоо өнгөнд гараад амыг нь дарж зургаа, долоо дээр хэсэг явсан. Тэгж байгаад хоёр гурав руу ороод, Баацагааны Саранбаатарын Пээдэг хээрийг нэхсэн. Тэр морь ганцаараа тасраад явчихсан байсан юм. Би араас нь хөдөлгөөд ойртсон хүмүүс “яахын, яахын” гээд. Тэгээд  дарж байгаад яг үзүүр дээр нь дайрч түрүүлгэсэн. 
-Унасан морио түрүүлгэх уралдаанчийн хамгийн бахдалт агшин байх. 2016 он гарсаар ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Морио түрүүлгэх хамгийн сайхан байлгүй яахав. Гэхдээ энэ жилийн хувьд түрүү авч чадаагүй байна. Хавар Баянговь суманд болсон говийн бүсийн уралдаанд бор морио 15-аар, Болдбаатар ахын соёолонг 16,17-гоор давхиулаад Шинэжинстэд болсон уралдаанд бор морио таваар давхиулсан. 
-Шилдэг уралдаанч ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа вэ? Өөрөөр хэлбэл ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Гоё мэргэжилтэй болно. 
-Гоё мэргэжил гэдэг нь юу байхав?
-Дарга болоод сайн морь авна. 
-Тэгвэл одооноос сайн сурах хэрэгтэй юм байна даа. Амжилт хүсье?
-Баярлалаа. Тэгнээ.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна