Уралдаанч Г.Буянтогтох: Өвөл тэмээ унах дулаахан, сайхан

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 16 -нд

Баянхонгор аймгийн Баянлиг сумын уралдаанч Г.Буянтогтохтой ярилцсанаа хүргэж байна.

-Хэдэн жил хурдан морь унаж байгаа билээ. Ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Долоон настайгаасаа эхлээд найман жил хурдан морь унаж байна. Анх өөрийнхөө хар морийг унаад хайрхны наадамд гурвалж байсан. Түүнээс хойш нэг хэсэг хурдан морь унахгүй байж байгаад Хөдөлмөрийн баатар Шинэн гуайн морьдыг унадаг болсон. Өнгөрсөн жил шарга үрээг нь унаж Баянлигийн 90 жилийн ойгоор аман хүзүүдүүлж, сумын наадмаар түрүүлгэсэн. Мөн багуудын наадамд түрүүлсэн. Бас сумынхаа Бямбаа гэж хүний халзан азаргыг унаж Баянговийн хаврын бүсийн уралдаанд түрүүлгээд, зун даагыг нь сумын наадамд бас түрүүлгэсэн. 
-Нэг удаадаа хэдэн насны морь унадаг вэ?
-Зургаа, багадаа таван насны морь унана. 
-Ядрах уу?
-Гайгүй ээ. Баянхонгор аймгийнхаа Богд, Баянговь, Өмнөговь аймгийн Гурвантэс, Өвөрхангай аймгийн Богд суманд очиж уралдсан. Энэ хавар аймагт очиж “Номгон хайрханы хурд”-д Бямбаа ахын азаргыг унаж арваар давхиулсан. 
-Хэддүгээр ангид сурдаг билээ. Сурлага өндөр үү?
-Аравдугаар ангид сурдаг. Миний үеийнхэн ихэнх нь моринд томдоод хасагдчихсан. 
-Хаврын уралдаан хүүхэд моринд халгаатай гэлцдэг. Чиний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Уралдуулсан нь дээрээ. Гайгүй ш дээ. Гэхдээ өвөл тэмээ унах илүү сайхан даа.
-Тэмээ бас унадаг юм уу?
-Унанаа. Өвөл тэмээ унах дулаахан, сайхан ш дээ. Би Шинэн гуайн тэмээг унаж хотод /Цонжинболдогт/ болсон уралдаанд аман хүзүүдүүлсэн. Мөн Жинст, Богд, Баянговь, Баян-Өндөрт түрүүлгэсэн. Ер нь уралдсан болгондоо түрүүлдэг хурдан тэмээ байгаа юм.
-Орон нутагт уралдаанч хүүхдийн хөдөлмөрийг хэрхэн үнэлдгийг мэдэх гэсэн юмаа. Ямар нэг байдлаар урамшуулал авдаг уу?
-Уралдаан болгоноосоо 50000 төгрөг авдаг.
-Эрлийз болон монгол тэмээ унахад ялгаатай юу?
-Эрлийз тэмээ хатуу, эвгүй явдалтай. Харин монгол тэмээ зөөлөн явдалтай байдаг юм. Зан аашийн хувьд ч ширүүн. 
-Баярлалаа, Буянтогтох оо. Дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна