Шилдэг уралдаанч С.Ёндонсамбуу: Туулайгаа айрагдуулсан сумын наадам илүү гоё санагдсан

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 14 -нд

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уралдаанч С.Ёндонсамбуутай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-2015 оны шилдэг уралдаанчаар шалгарсан юм байна. Тэр жилийнхээ амжилтаас хуваалцаач?
-Би Дагвабазар гээд ахын морийг унадаг. Гурванбулагт болсон уралдаанд халзан соёолонг нь унаж наймаар давхиулаад саарал азаргыг нь унаж араас зүтгэсээр байгаад долоод оруулсан. Мөн халиун морио дундуур давхиулсан. Тэрний өмнө Бууцагаанд болсон уралдаанд халиун морь ганцаараа өнгөлж явсаар байгаад үзүүр дээрээ сууж зургаад ороод, даага 11, соёолон нь 30-аар давхисан. Дараа нь “Баянхонгор аймгийн шигшмэл хурд” уралдаанд ээжийн ах Жамъянсүрэнгийн хүрэн соёолонг есөөр, Дагваа ахын халиун морийг байтай давхиулсан. Сумынхаа наадамд болохоор Туулай хээр шүдлэнгээ гурваар давхиулсан. Мөн нэгдүгээр багийн “Сангийн далайн хүлэг босоо”галын уралдаанд хондон морио тавд оруулсан. 
-Олон жил хурдан морь унаж байгаа юу?
-2011 оноос эхлэн хурдан морь унаж байгаа. Анх өөрийнхөө хонгор морийг унаж гуравдугаар багийн наадамд түрүүлгэсэн. Түүний дараа сумын наадамд хонгор морио хоёроор оруулсан. 
-Морь унахын хамгийн сайхан юу вэ?
-Морь эр хүний нөхөр. Тэгээд морьтойгоо байж байвал гоё ш дээ. 
-Эр хүний нөхөр болсон морьтойгоо олон газрын наадамд явж байв уу?
-Ламын Гэгээний 375 жилийн ойд очиж Дагваа ахын саарал азаргыг наймаар, их морийг нь дундуур давхиулсан. 
-Бүсийн наадам өөр сэтгэгдэл төрүүлсэн үү?
-Зохион байгуулалт сайтай гоё л юм билээ. Гэхдээ Туулайгаа айрагдуулсан сумын наадам илүү гоё санагдсан.
-Унасан морио амжилттай давхиулаад шагнуулах уу?
-Баяр хүргэж үнсээд, магтана. Бас хуушуур ундаа чихрээр дайлна. 
-Чиний мэдэх хамгийн хурдан морь...?
-Дагвабазар ахын саарал азарга. Мөн Золбоот ахын шарга азарга, хүрэн соёолон. 
-Тэгвэл Баянхонгор аймгийн хамгийн сайн уяач хэн бэ?
-Золбоот ах.
-Ямар морь хурдан байдаг юм бол?
-Босоо төрсөн унага.
-Босоо төрсөн унага харж байсан уу?
-Хүмүүсийн ярихыг сонсож байсан. Урд талынхаа хоёр хөл дээр тогтдог гэнэ лээ. 
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Том уяач болно.
-Том уяач болохын тулд яах ёстой юм?
-Онц сурна. 
-Төр түмэндээ үнэлэгдсэн мундаг уяач болоорой. Амжилт хүсье. 
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна