Уралдаанч Ж.Чойжилсүрэн: Стандартын бус малгайг өмсөөгүй нь дээр

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 13 -нд

Баянхонгор аймгийн Баацагаан сумын сурагч, уралдаанч Ж.Чойжилсүрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Унасан болгоноо түрүүлгэж, айрагдуулдаг шилдэг уралдаанчтай уулзаж буйдаа баяртай байна. Хэдэн настайгаасаа эхлэн хурдан морь унасан бэ?
-Таван настайгаасаа эхлээд хурдан морь унасан. Анх Тайван ахын хонгор морь, алаг даагыг унаж Монголын овооны наадамд хоёр түрүүлгэсэн. Тэгээд дараа нь аймгийн Алдарт уяач Саранбаатар, Сандагдорж нарын морьдыг унадаг болж, 2011 онд олон айраг, түрүү авсаан. Тэр жил манай аймгийн 70 жилийн ой болж байсан юм. 70 жилийн ой аймгийн баяр наадамд Сандагдорж ахын хар морийг унаж дөрвөөр, Наянтай ахын Шуурхай халтарыг унаж гурваар давхиулсан. Мөн тэр жил Бууцагаан сумын сургуулийн ойгоор очиж хоёр түрүү, нэг айраг авсан. 
-Чи 2014 онд шилдэг уралдаанчаар шалгарч байж. Тэр жил хэрхэн наадсан юм бэ?
-Зун сумын 90 жилийн ойд Энхтөр ахын Дэгдээхий хээрийг унаж түрүүлгээд, Толин хулыг гурваар давхиулсан. Тэрний дараа Ламын Гэгээний 375 жилийн ой говийн бүсийн уралдаан болон Дамбын Хишигжаргалын мялаалга наадамд Дэгдээхий хээрийг түрүүлгэсэн. 
-Өнгөрсөн жилийн тухайд хэрхэн наадсан бэ?
-2015 оны аймгийн наадамд хязаалан унасан. Уг нь гайгүй өнгөнд явж байгаад гүүн зэл рүү хадуурч 10 дээр ирсэн. Дараа нь Богд сумын 90 жилийн ойд Энхтөр ахын Толин хулыг дөрвөөр давхиулсан. Түүнээс хойш морь унаагүй. 
-Чиний унаж байсан  морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь, бас унах дуртай нь хэний ямар морь вэ?
-Төрөө ахын Дэгдээхий хээр, Наянтай ахын Шуурхай халтар, Сандагдорж ахын хар морь байна даа.
  Хамгаалалтын хувцас хэрэгслийн тухайд саналаа хуваалцаач?
-Хөнгөн гоё малгай бол зүгээр. Хүнд стандартын бус малгайг бол өмссөнөөсөө өмсөөгүй нь дээр байдаг юм. Ер нь бол хамгаалалтын хувцас хэрэгтэй.
-Одоо хэддүгээр ангид сурдаг вэ? Ирээдүйн мэргэжлээ төлөвлөө юу?
-11 дүгээр ангид сурдаг. Сургуулиа төгсөөд морь уяна л гэж боддог доо.
-Сайн уяач болох байхаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна