МУ-ын Алдарт уяач Ц.Жанж: Уяач хүн өөрийгөө морьтойгоо хамт сойчихдог юм
Өмнөговь аймгийн Манлай сумаас Монгол Улсын Алдарт уяач цолтон хоёр төрөн гарсан байдгийн нэг нь Цэдэвийн Жанж юм. 1934 онд төрсөн тэрээр:
- АХ-ын 40, 50, 90 жилийн ойн медаль
- Уяачийн алдар одон
- ММСУХ-ны 20 жилийн ойн медаль
- Эрдэнийн Очир одонгоор тус тус шагнагдаж байжээ.
- Монголчууд “унасан газар, угаасан ус”-аа хүндэтгэн дээдэлж, насан туршдаа нутаг орноо хоёр дахь овгоо болгон цоллуулдаг сайхан уламжлалтай. Та 1934 онд Гурван хайрханы дунд орших бууцанд төрсөн гэдэг. Энэ тухайгаа тодруулж ярина уу?
-Манай энд баруун Богд, зүүн Богд гэж хоёр сайхан хайрхан байдаг юм. Тэр хоёр хайрханы энгэрт баруун Гүний ус, зүүн Гүний ус гэж бий. Түүний урд талд Хонин хайрхан байдаг юм. Энэ гурван хайрханы дунд хэдэн цувраа бор тээгүүд бий. Тэдгээрийн хамгийн баруун талынх нь бор тээгийн энгэр дээрх бууцан дээр би төрсөн юм гэнэ лээ. Одоо бол хэдхэн чулуу, хорооны туурь л үлдэж дээ.
- Сая товч танилцуулга авахад долоон сард төрсөн гэсэн санагдах юм. Би андуураад байна уу?
-Үгүй ээ, хавар төрсөн гэдэг юм. Ямар ч шалтгаанаар юм бүү мэд, хаваржаандаа буух боломжгүй байж л дээ. Тэгэхээр хоёр юм уу, гуравдугаар сарын орчим болж байгаа биз. Гэвч паспорт олгох гээд бүртгэхэд нь би “өнөөдрөөрөө л тэмдэглэчих” гээд “долоодугаар сарын 24-нд төрсөн”-өөр бүртгүүлчихсэн юм. Бид чинь хэцүүхэн цагт амьдарч байлаа шүү дээ. Нэг л эвгүй үг дуугарвал бариад, хорьчихдог. Тиймээс аав маань “Хүнээс битгий олон юм асууж байгаарай. Хүнд ч бас элдэв юм яриад хэрэггүй ээ” гэж захидаг байсан юм. Үнэндээ дуугарах ч эрхгүй л этгээд захиргаадалтан дунд аж төрж байлаа. Тиймээс “Би яг хэдэн сарын хэдэнд төрсөн юм” гэж асуудаг ч үгүй, асууя ч гэж боддоггүй л байлаа. Уг нь эцэг, эхээсээ асууж лавлаж үлдмээр зүйлс олон л байсан юм билээ.
Нөгөөтэйгүүр сургууль соёлын мөр хөөгөөгүй болохоор аймхай, ичимхий ч байсан юм болов уу даа. Харин сургууль соёлд суралцаж, хамт олонтой харилцаж үзсэн хүн бол их нүүрэмгий болчихдог юм билээ.
- Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр танайхныг бас дайрсан хэрэг үү?
-Аавын минь ах Эрхбаяр гэж лам хүн байсан. Түүнийг бариад явчихсанаас хойш айж, эмээдэг болсон юм билээ. Уг нь манай аав төрийн хар хүн л дээ. Гэвч гэр бүлд нь нэг л лам хүн байвал ойр дотныхныг нь хар, шар гэж ялгалгүй барьчихдаг байсан юм гэнэ лээ.
- Бодоход л нуруу хүйт даах айхтар үе шүү. Ингэхэд та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Найман дүүтэй. Дунд нь нэг хүүхэд эндээд 11-үүлээ өссөн. Одоо дөрөв нь л амьд сэрүүн аж төрж байна даа.
- Таны дээдэс энэ нутгийн хүмүүс үү?
-Тиймээ. Өмнөговь аймгийн Манлай сумын унаган хүүхдүүд.
- Аавыг тань шаггүй уяач байсан гэх юм билээ. Аавынхаа тухай хуучлаач?
-Аав маань энэ нутгийн нэрт уяач Занданбал гуайтай хамтран морь уяж өөрийн болон гадны аймаг, сумдын наадамд явж нааддаг байж. Наадамд явахдаа уяа морьдоо ижил сүрэгтэй нь хамт туугаад, тэндээ гүүгээ барьж, айргаа исгээд л явдаг байсан гэдэг.
- Аавын тань магнайг тэнийлгэсэн удамт хурдан хүлгүүдийг танилцуулаач?
-Уургын ухаа, Одон гэдэг ах дүү хоёр ухаа морьтой. Уургын ухаа нь ам их зөөлөнтэй, тайван. Харин Одон нь их агсам зантай, хатуу амтай морь байж билээ. Дүү нар маань тэднийг унаж, энд тэндхийн уралдаанд мөн ч олон оролцсон доо. Миний дүү Аранжин гэж одоо 80 гарчихсан хөгшин бий. Бид хоёр л ээжтэйгээ хамт мал ахуйгаа харж үлдэнэ. Ээж маань нялх хүүхэдтэй жилээ үлдээд, жаахан томорчихсон байвал сумынхаа наадамд аавтай яваад Аранжин бид гэрээ сахиад үлддэг байж билээ. Хэдийгээр уралдааны морь унаж наадамд оролцоогүй ч үсэргээн , сунгаанд морь унаж, хөлсөлдөг. Мөн уралдаад ирсэн морьдыг уяа тойруулан хөдөлгөж, уяаныхаа хомоолыг цэвэрлэх, морины хөлс болон тоосыг буулгах зэрэг ажлыг хийдэг байсны хүчээр би өдий дайны уяач болсон гэж боддог.
- Аав тань сум орон нутагтаа сайхан наадаж байв уу?
-Хоёр ухаа морьтой нэг хүрэн азаргатай байсан. Занданбал гуайтай ч адуу нэлээн солилцсон байх. Занданбалын хар азарганы төлүүд манайд цөөнгүй ирсэн. Гэвч манайх 1966 оны үeд хот руу нүүх шаардлага гараад, намайг гал голомтон дээрээ үлдээгээд явцгаасан юм.
- Та гал голомтоо сахин үлдэж, аавынхаа уяаны ажлыг үргэлжлүүлсэн юм байна. Танай ах дүүсийн дотор танаас өөр уяач бий юү?
-Манайх таван хүүтэй айл. Хамгийн том ах маань морь уядаг байсан. Гэвч амьдралын янз бүрийн шалтгаанаар мориноосоо хөндийрсөн. Бусад нь сургууль соёл хөөгөөд морь уяагүй. Аав өөрөө эцэг, эхээс зургуулаа. Гэвч ах дүү нар нь үр хүүхэдгүй хүмүүс байсан юм билээ. Тиймээс том эгчийг дүүдээ үрчлүүлэн өгч байсан гэдэг. Хожим бага Шөнгө гэдэг хүүгээ ч бас эгч хөгшиндөө гарын үзүүрт туслуулахаар өгсөн. Өөр нэг охиноо ч бас үрчлүүлсэн гэдэг юм. Ямартаа ч гурван хүүхдээ ах дүүстээ үрчлүүлсэн. Тэгээд найм нь гэр орондоо үлдсэнээс Аранжин бид хоёр сургууль соёл хөөлгүй, эцэг эхийнхээ гал голомтыг сахиж, мал аж ахуйгаа эрхэлсээр өдийг хүрлээ.
- Та хэдэн оноос морь уяж эхэлсэн юм бэ?
-Би 1963 оноос ганц хоёр морь сойж эхэлсэн. Түүнээс хойш өдийг хүртэл аав, ээжийнхээ адууны удмыг таслаагүй л явна. Адуун сүргийн манлай болсон азарган адуугаа 6- 7 үе дамнуулан сэлбэж тавиад л явж байна. Аавын минь хоёр ухаа морины дүү хүрэн гүүнээс ухаа халзан эр унага гарсан. Түүгээр азарга тавиад, Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цэций зэрэг сумд болон аймгийн баяр наадамд уралдаж байлаа. Намайг морь уяж эхлэх үед азарганы байнд гүү өгдөг байлаа.Ханбогд сумын наадамд азаргаа түрүүлгээд байнд нь том толин сартай эр унагатай хүрэн гүү авсан. Түүнийгээ нөгөө түрүүлдэг азаргандаа хураалгаад олон сайхан хурд төрүүлсэн дээ. Түүнээс гадна дагаж ирсэн эр унага хожмоо миний гоёлын унаа болсон доо. Их сайхан том биетэй морь байсан.
- Анхны түрүүгээрээ л унах унаа, уях хүлгүүдээ бэлдчихжээ дээ?
-Тиймээ. Халзан азарга, хүрэн гүү хоёрын дундаас Сармай хүрэн гэж сайхан азарга гарсан юм. Сармай хүрний төл нь Хөөрхөн зээрд, тэгээд Ажнай хар, түүний төл нь хээр азарга гээд одоо долоо, найм дахь үедээ явж байна. Хүүхдүүд маань ч өвөг эцгийнхээ адууны удмыг таслалгүй, залгуулаад л азарга тавиад байгаа.
- Та унаган азарганыхаа цусыг хадгалаад, гүүгээр л цус сэлбэдэг юмаа даа?
-Тиймээ. Мөн халзан азаргыг аймгийн баяр наадамд түрүүлэхэд байнд нь Толин сартай ухаа шүдлэн байдас өгсөн юм. Тэгж малаар байлдаг байсан нь элдэв эд таваар өгсөнөөс илүү сайхан байж дээ. Эд таваарыг эдлээд л дуусна. Харин мал өсөж үржээд, буян хишгээ хайрлаад л сайхан шүү.
- Гэрийн тань хойморт таны хөрөг зураг, амжилтын цувааны хамт байрласан байна лээ. Та их олон түрүүтэй юмаа?
-44 түрүү, 44 аман хүзүү, 90 гаруй айраг хүртлээ. 1999 онд Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэн. Түүнээс хойш 2004 он хүртэл 30 гаруй айраг, түрүү нэмсэн. 2004, 2005 онд хань минь өвчний улмаас бурхны орныг зорьсон юм. Үүнээс хойш би ч морь уяхаа больсон. Хөдөлмөрийн баатар Цэдэнжамцын Бандийн хүү тэр жил миний Ажнай харыг Ханбогдын наадамд уяя гэсэн юм. Би уях дургүй байсан ч татгалзаж чадаагүй. Миний Ажнай хар чинь гарлаа л бол ганцаараа тасраад явчихдаг, тэр чигтээ ороод ирдэг азарга л даа. Тэгээд тэр хүү Ханбогдын наахна талд аваачиж үсэргэсэн юм билээ. Ажнай хар ч үсэргээн дээр нөгөө л жамаараа ирсэн гэдэг. Тэгээд л шөрмөс нь чангарчихсан. Болохгүй юм гэдэг болдоггүй юм билээ. Харин би тэр жил Дундговьд билүү, Төв аймагт нэг том наадамд шарга морио уяж очсон юм. Би ч сайхан номхон дөлгөөн адуунуудтай болохоор морио тавина гэж үгүй. Уралдахад нь хүүхэд тавьж явуулдаг байсан юм. Нас болгоныг нэгээс гурван давхар уяна. Хүүхдүүд ч эр, эмгүй унаж эдэлнэ. Гэтэл шарга азарга маань эргэх гэж байснаа гэнэтхэн салгалаад явчихсан. Тэгэхэд нэгэн шударга залуу нэлээд нэр алдартай уяачийг хортой тариа хийлгэчихсэн гэж хэлж байсан. Үнэн, худлыг яаж мэдэхэв. Уралдаж яваад замдаа багтраад уначихсан бол уяанаасаа болжээ л гэхсэн. Гэтэл эргэх гэж байгаад гэнэтхэн салгалаад уначихаар нь нээрээ л хордсон ч юм болов уу гэж бодогдсон. Би шарга азарганыхаа дэл, сүүлийг одоо ч хадгалдаг.
- Шарга азарга ямар азарганы төл бэ?
-Манай унаган адуу. Сармай хүрний төл. Эх нь халиун гүү байсан юм. Шарга азарга багадаа их том унага байлаа. Гүүгээ саахдаа дээгүүр нь давж, эхийнх нь дэлнээс татаж барьж байж тогтоодог байсан юм. Хэрэв одоо байсан бол “эрлийз” гэсэн хачин нэр зүүгээд уралдуулахгүй байсан байлгүй. Төрхөөрөө бол жинхэнэ монгол адуу. Хоёр монгол адууны дундаас гарсан юм. Надад ер нь эрлийз адуу байхгүй дээ. Шарга азарганыхаа ид шидийг нь үзэх гэж, аймаг, орон нутгийнхаа нэрийг гаргах санаатай авч яваад мууг нь үзчихсэндээ одоо ч харамсдаг.
- Энэ хавьдаа бол нилээд амжилт гаргачихсан байсан юм уу?
-Тэгэлгүй яахав. Цогтцэций болон Ханхонгорын наадамд ганцаараа л хол түрүүлж байлаа. Олон ч алтан медальтай адуу даа.
- Уяж байсан хүлгүүдээс тань өндөр амжилт үзүүлсэн нь...?
-Их насны морьдоос бол тэр шарга морь байна. Өөр жижигхэн саарал морь байлаа. Сүүлд нэг хээр морь ч сайн давхисан. Өөрийн сум болон ойр тойрны сумдын наадмуудад дархлагдсан мэт л түрүүлдэг байлаа. Манай нутгийн уяач Лувсанцэрэнгийн Сайнбилэг цоохор азарга, бас нэг морьтой. Хаа газрын наадамд бид хамтдаа л явна. Цоохор азарга нь миний азарганы ард, бор морь нь ч миний морины ард л ирдэг. Бор, хүрэн хоёр морь маань сумынхаа наадамд тус бүртээ дөрөв, таван удаа хол тасархай түрүүлж байлаа. Өөр газар салгаад уралдсан бол илүү олон түрүүлэх байсан байх. Гэхдээ би тэгээгүй юм.
- Яагаад?
-Дорноговь аймгийн Мандахын хөгшин Оюун “Жанжийн хоёр морьтой л үзэлцэнэ” гээд наашаа гардаг байсан гэдэг. Тэгэхээр сумынхаа наадмын түрүүг авч үлдэхийн тулд тэр хоёрыгоо ханиар нь уралдуулдаг байсан юм. Гэхдээ нэг удаа салгаж уралдуулахад нэг нь аймгийн баяр наадамд, нөгөө нь эндээ түрүүлсэн. Тэр бор морийг нэгдэлд нийгэмчилчихсэн байсан юм. Тэгээд нэгдэл тарахад өмч хувьчлалаар надад ирсэн түүхтэй. Бидний үеийнхний цээжинд “Эх орноо нүдний цөцгий мэт хайрлана, хамгаална” гэсэн эр цэргийн тангараг хадаатай байлаа шүү дээ. Би тэр л зарчмаар явж ирсэн. Тиймдээ хувь хүний амжилт гэж шунаж байсангүй. Бид үеийнхэн эх орноо элэг зүрхнээсээ хайрлаж, шүтэж явдаг хүмүүс.
- Таны хоёр морь Оюун гэдэг хүний морьдын өмнө хэдэн удаа гишгэсэн бэ?
-Нэг удаа ч өмнөө оруулж байгаагүй ээ. Дөрөв, таван ч удаа ирсэн байх. Гэхдээ миний хоёр морь ирэх болгонд нь нутгийн дэвжээгээ хамгаалж уралдаж чадсан. Тэр үед манай хоёр эмэгтэй дүү морь унадаг. Морьд тавингуут л манай хоёр морь элс бутан дундуур ороод л давхичихдаг. Хойноос нь машинтай давхиад ч гүйцдэггүй байсан юм. Тэгж давхисаар эргээд, наадмын талбай дээр хоёр тугийн дундуур орж байхад нь дараагийнх нь морьд сумын бөхийн овооны зоон дээгүүр гарч ирж байдаг байлаа.
- Хоёулаа эн тэнцүүхэн түрүүтэй юү, эсвэл аль нэг нь арай олон удаа түрүүлсэн үү?
-Бор морийг нь нэгдлийн нэр дээр уралдуулдаг байсан болохоор хоёр хүүхдэдээ “Бор морио түрүүлгэж бай. Хүрэн морийг нь буруу талдаа ирж бай” гэж захидаг байсан юм. Хувьд шилжсэнээс хойш хойно, урдаа ороод л ирдэг болсон. Ихэнхдээ толгой холбоод орж ирдэг байсан даа.
- Нас болгонд давхарлаж уядаг байсан гэлээ. Нэг жил хэдэн насны морьд уяж байв?
-Зургаан насыг зургууланг нь уяна. Тэгэхдээ бүр ихэвчлэн давхар уяна. Заримдаа уях морьд нь байвал бага насанд гурвыг ч давхар уяна. Гэхдээ одоогийнхтой адил зайдан давхидаггүй, заавал эмээлтэй давхидаг байсан болохоор хүүхэд, эмээл хоёр л хэдэн морь уяхыг минь мэддэг байлаа. Манай хүүхдүүд ч багаасаа хурдан морь унасан. Хоёр, гурван нас хүрмэгц нь л хөлслөөд ирсэн номхон адуун дээр мордуулчихаад, хөдөлгөчихдөг байсан. Түүний буруу гэж болоогүй ээ.
- Айраг түрүү бөөндсөн бахдалт наадмууд олон биз?
-Жил болгоны наадмаас айраг, түрүү хүртдэг байлаа. Хань маань сумынхаа баяр наадмаас би эргэн тойрны сумдын наадмаас айраг, түрүү авчихдаг байсан.
- Хань тань сумын баяр наадамд уралдуулах морьдоо аваад үлдчихдэг байсан юм уу?
-Тийм. Нас бүрт давхар уядаг байсан болохоор нас болгоноос нэг адуу үлдээчихнэ. Бор, хүрэн хоёр морио л хооронд нь салгахгүй. Сумынхаа наадмын их насны морины түрүүг гадагш нь алдахгүй л гэж хичээдэг явлаа шүү дээ.
- Хань тань уяач удамтай юу?
-Үгүй ээ, морь уяна гэдгийг мэддэггүй хүн анх надтай ханилсан. Түүнээс хойш морь уяж сойж эхэлсэн дээ. Миний хань Баян-Овоогийн хамар Төгс гэж хүний охин байгаа юм.
- Та уяа сойлгыг нь тааруулаад, хань тань хоол ундыг нь тохируулчихдаг байжээ дээ?
-Тэгнэ. Гэдсийг нь чангалчихсан адуу тогтоосон хэмээсээ илүү идэж чаддаггүй юм. Гэдэснийхээ хэмжээгээр идээд л, өөрийгөө сойчихдог. Одоогийнхтой адил тэжээл, тариа хэрэглээд, сулхан гэдэстэй давхиулна гэж үгүй. Дарахад хонхойхгүй, хатуу юман дээр дарж байгаа юм шиг гэдэс нь чангарч л байвал сайн гүйнэ дээ.
- Аймгийн наадамд олон удаа торгон жолоо өргүүлсэн үү?
-Олоон. Азарга, их насны морьдоор түрүү, бага насны адуугаар айраг голдуухан авсан. Аймгийн баяр наадмаас азарганы түрүү бол их олон авсан даа.
- Говийн энэ их халуунд морь хөтлөөд, хол очиж наадна гэдэг ч бас их бэрх ажил аа?
-Залуу байхад төвөгшөөдөггүй байлаа. Морь уясан хүний бие нь бас адилхан сойгдчихдог юм. Өөрөөр хэлбэл, өөрийгөө морьтойгоо давхар сойчихдог юм. Тэр ч утгаараа халуун, хүйтнийг тоохоо болиод, чийрэгжчихдэг. Нойр, хоолонд тэвчээртэй болно. Нөгөө талаасаа би архийг насан туршдаа хэрэглээгүй хүн. Тархи маань наалдацтай болохоор архи амсаа л бол толгой өвдөөд хэвтчихдэг. Гэхдээ саяхан эмчилгээ хийлгээд сайхан болсон л доо. Гэм нь жаахан мартамхай болдог юм байна.
- Уяач болгонд уяаны арга барил гэж байдаг. Тухайлбал, та уяаны ямар арга барилтай хүн бэ?
-Би хатуу уяаны арга барилтай. Морьдын хувьд уяаны хоног нь янз бүр байна. Манай адуу бол сар гаруйн хугацаанд уягдаж байж ханадаг. Тиймээс эхний 10 хоног зөөлөн, тавиу аргаар цогиулах маягийн ажил хийнэ, дунд үед нь бага зэрэг ширүүсгэнэ. Тэгээд сүүлийн 10 хоногт нэлээд хатуухан үзнэ. Шөнө нь морьдоо чөдөртэй идээшилж байх зуур хэсэгхэн хэвтэж хажуулна. Гэхдээ унтахгүй л дээ. Амны болон хамрын тамхиар биеэ тайвшруулаад сууна гэж мэддэггүй хүн чинь багахан хажуулах маягаар л өөрийгөө амрааж байгаа юм.
- Нэлээд эцээж мордуулдаг байсан уу?
-Тийм. Салтаа нь жаахан онгойгоод ирвэл уяа нь ханаж байна гэж үздэг байлаа. Битүү салтаатай морь бараг л мордуулж байгаагүй дээ. Ер нь уяа сойлго нь ханасан адууны мах нь шуугдаад, чангараад л ирдэг юм. Шилбэний арын шөрмөсний хоорондуур хоёр хурууны өндөг нийлж байвал их сиймхий шөрмөстэй морь байна гэж би дүгнэдэг. Хавирга их сайхан урт, доогуураа их тавиу адууг л уяж сойдог байлаа.
- Хүн аливаа ажлыг хийх явцдаа байнга суралцаж байдаг. Энэ ч утгаараа өөрийн суралцаж мэдсэн зүйлсээс залуу уяачдад хэлж зөвлөх, сургах зүйлс цөөнгүй л байгаа байлгүй?
-Ер нь адууг жилийн дөрвөн улиралд унаж эдэлнэ. Өнөөгийн залуучууд дээгүүр давхиж байгаа адуугаа байнгын тэжээлтэй байлгахын хажуугаар байнгын хөдөлгөөнтэй байлгаж байгаа нь зөв санагдаж байна. Өөрөөр хэлбэл, байнгын хөнгөн байсан адуу л уяа сойлгоо амархан авдаг юм.
- Таныг ид морь уяж байхад Манлай сумын нэрийг гаргадаг ямар ямар мундаг уяачид байв?
-Надаас өмнө Дэнзэнгийн Лувсанцэрэн гэж хурдан морьтой хүн байсан юм. Олон ч айраг, түрүүтэй. Одоо Сайханчимэг, Сайханбилэг гээд хоёр ихэр хүү нь залгамжлаад морь уяж байна. Харин надтай нэгэн цаг үeд морь уяж хурдлуулж байсан мундаг уяачид цөөнгүй бий.
- Танай хүүхдүүд морь уях уу?
-Би таван хүү, зургаан охинтой. Хөвгүүд маань бүгдээрээ морь уядаг байлаа. Овоо дориун уядаг нэг хүү маань төрийн албанд ажиллаад морь малаас жаахан хөндийрчихлөө. Одоо гурав нь уяж байна. Нэг нь аймгийн Алдарт, нөгөө нь сумын Алдарт уяач цолтой.
- Санаанд тань хүртэл уяж чадаж байна уу?
-Боломжийн л уяцгаагаад байна. Отгон хүү Пүрэвдорж маань миний адууг авч яваа болохоор арай илүү ойроос харж, дүгнэх юм даа.
- Та одоо ч морио унаад л давхичихдаг юм уу?
-Унана аа. Сумын төвд суугаад л морь малаасаа холдоод байгаа болохоос биш хөдөө байвал морь, тэмээгээ уналгүй яах вэ. Би чинь машин, мотоцикль битгий хэл унадаг дугуй ч унаж үзээгүй хүн шүү дээ. Тэгж зовлогоо хэмхлээд яахав гэж боддог юм.
- Жороо морь унадаг байв уу?
-Ганцхан жороо морьтой. Тэрийгээ л унадаг байсан. Түүнээс биш өөрт байхгүй зүйлийг авна гэж илүү харж, билүү долоодоггүй байлаа.
- Адуу малын наймаа хэр хийдэг вэ? Гарсан адуунууд хэр хурдалж байна вэ?
-Зөндөө бий. Миний хурдлуулж байсан адуунаас айраг, түрүү авч байсан хоёр зээрд азаргыг Содномпил гэдэг хүн үнээгээр сольж авсан. Би тэр цагаас хойш үхэржиж, таван хошуу малын захтай болсон юм. Үхэр маань овоо 30 гараад явж байтал 2009 оны зуднаар хоёр охин шүдлэн гунж, хоёр тугалтай л үлдсэн.
- Хоёр азарган үрээ өгөөд ганц үнээ л авсан юм уу?
-Тийм.
- Үнээ хурдан адуунаас илүү үнэтэй байжээ?
-Тэгэхэд хурдан адууг үнэлж мэддэггүй байж л дээ.
- Тэр хоёр азарган үрээ Содномпил гэдэг хүн дээр очоод хэрхэн давхисан бэ?
-Тэр хүн манай хоёр азарган үрээгээр л олон хурдан адуутай болсон. Намайг бодвол наймаа арилжаанд сайн хүн байсан болохоор үр төлүүдийг нь сайн давхиулаад л, өндөр үнэ хүргээд зарчихдаг байсан юм билээ. Мөн манай том хүү Батжаргал хоёр хурдан азаргатай байж байгаад нэгийг нь Бандийн Батхүүд, нөгөөг нь Содномпилд зарчихсан юм. Тэр азаргаар ч бас гадна, дотны наадмуудаас нэлээд хэдэн түрүү хүртсэн. Төлүүдээр нь ч олон жил сайхан наадсан. Ер нь манай адууны угшилтай адуунууд очсон газар бүртээ айрагдаж, түрүүлж байдаг. Сүүлийн үед Батхүү үр төлийг нь гадагшаа нэлээд зарж байгаа сурагтай байна лээ. Би ч адууныхаа удам угшлыг гадагшаа гаргаж зарах дургүй хүн л дээ. Хамгийн гол нь хурдан буяны азаргыг нь өөртөө үлдээж, цус сэлбэж явахгүй бол удам угшил нь тасрах аюултай.
- Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа ивээгдэж яваарай.
-Ерөөл бат оршиг. Миний хувьд насаараа морь уяж, морины уяан дээр өөрийгөө морьтойгоо хамт сойж, биеэ чийрэгжүүлсэний хүчинд өдий зэрэгтэй сууна гэж боддог. Тиймээс залуусыг морь уях эрдэмд суралцаж, өөрийнхөө биеийн эрүүл мэндэд давхар анхаарч, урт насалж, удаан жаргахын үүд хаалгаа нээгээсэй гэж хүсдэг.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна