Сумын Алдарт уяач Г.Дугар: Морины хүүхэдгүй болчихоод ойрд хээр азаргаараа наадаж байна

А.Тэлмэн
2017 оны 9-р сарын 21 -нд

Дорноговь аймийн Сайхандулаан сумын уугуул, сумын Алдарт уяач Ганбаатарын Дугар гэж залуутай уулзлаа. Залуу хүн гэхэд өөрийн гэсэн тодорхой амжилт гаргаж яваа хүн. Түүний сум орон нутагтаа нэрд гарсан хурдан ажнай бол хээр азарга нь аж.
-Адуу гэж хийморьтой нэгэн. Уяж, уралдуулах нь эрийн хийморийг бүр ч сэргээдэг. Хэдийнээс морь малтай ноцолдож эхлэв?
-Ноцолдохын хувьд бол багаасаа. Харин уяж сойхын хувьд бол 21 настайгаасаа морины ажлыг  бие дааж хийж эхэлсэн.
-Хурд ихтэй айл уу?
-Нутаг хошуундаа бол хурдтайд тооцогдох байлгүй. Аав анх надад гүр адууны угшилтай хээр азарга өгсөн юм. Долоон настай битүү азарга уяад суманд түрүүлгэсэн. Тэр жилээ өвлийн уралдаанд аман хүзүүдүүлсэн. 2011 онд аймаг, суманд түрүүлсэн. Сайхан азарга бий.
-Өнгөрсөн зун уясан уу. Яаж давхисан бэ?
-Суманд аман хүзүүдсэн. Өөр наадамд яваагүй.
-Төл нь хэр давхиж байна?
-Төлнөөс нь уяаж үзээгүй л байна. Морины хүүхэдгүй болчихоод ойрын хэдэн жил хээр азаргаараа л наадаж байна даа.
-Хээр азарганыхаа амжилтаар сумын Алдарт уяач болсон гэж ойлгож болох уу?
-Тийм. Ноднин сумын Алдарт уяач цол авсан.
-Энд тэнд явж уралдаж байсан уу?
-Үгүй. Суманд өөр морь оруулж байсан. Цагаан даага, хүрэн даага хоёр оруулж байсан. Шүдлэн үрээ түрүүлгэсэн. Тэгээд л сумын Алдарт өгсөн байх.
-Ер нь удам дамжсан уяач гэдэг арай өөр байна. Адууны суурьтай болчихсон, өөрсдийн гэсэн уяаны арга барилтай болчихсон байдаг. Танайхан хурдан морийг яаж уяж сойдог юм. Залуу хүн ямархуу арга барил хэрэглэж байна?
-Аав, өвөөгийнхөө хэлснийг нь тогтоож аваад уяж байна. Гэхдээ голдуу өөрийнхөөрөө уячихдаг юм.
-Нэгэнт морь уяад морио айрагдуулж, түрүүлгээд амт шимтийг нь үзчихсэн хүн тийм амархан хаяж чаддаггүй. Адууныхаа удам угшлыг сайжруулах, зөвхөн нутгийн адуугаар дагнаж наадахгүй, өөр аймгуудын адуу авчрах байдаг ч юм уу. Тэр талын том зорилтууд байна биз дээ?
-Өө, байлгүй яахав. Зүүн хойшоо явж ганц хоёр адуу авчирдаг юм уу гэж бодоод л байгаа. Сүхбаатар, Иххэт рүү.
-Ямархуу үнэ ханштай ирж байна?
-Хамгийн бага нь гурван сая, тэгээд түүнээс дээш юм билээ.
-Харин танай нутгийнхан адуу хэдээр зарах уу?
-2-3 саятай л байдаг байх.
-Гурав, дөрвөн үе дамжаад ирж байгаа болохоор адууны цус сайжирчихсан байгаа шүү дээ. Адууны наймаа хэр хийж байна вэ?
-Бас гайгүй хийнэ. Дотроо л гаргаж байна. Гадагшаа нэг их гаргаагүй.
-Танайхаас гарсан адуу яаж давхиж байна?
-Одоогоор уралдаж байгаа юм алга. Үрээ голдуухан гаргасан. Ирэх жилээс битүү морьд давхих байх.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар, 2014 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна