Сумын Алдарт уяач Д.Батсүх: Сумынхаа наадамд хоёр жил дарааллан шүдлэн айрагдуулсан

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 05 -нд

-Өвөөгөө, аавыгаа залгамжилж морь уясан хүмүүс олон байна. Таны хувьд
-Манай аав, өвөө аль аль нь морь уяж байгаагүй. Харин Цэрэндорж гээд ах маань хурдан халтар азаргатай, морь уядаг байсан. Ах 1990-ээд оны үеэс эхлэн морь уясан болов уу? Миний мэдэхийн халтар азарга нь Баян-Овоогийн наадамд түрүүлж байсан. Энэ хавиараа бол нэлээд хэд айрагдсан байх. Халтар азаргыг нэгдүгээр багийн харьяат Цэднээгийн жижиг наадмуудад гайгүй давхичихдаг байсан бор азарганы төл гэдэг байсан.
-Халтар азарга хэдэн оны үед уралдаж байсан адуу вэ?
-2000 оноос зургаа, долоотой  азарга эхэлж уягдсан байх. Даанч 2000, 2001 оны зуд турхан гээд олигтой давхиагүй. Тэгээд 2002 онд Баян-Овоогийн наадамд түрүүлээд, Эрдэнцогт сумынхаа наадамд айрагдаж байсан. Харамсалтай нь тэр өвлөө байхгүй болчихсон. Түүнээс хойш ах маань ч ахиж морь уяагүй.
-Таны хувьд хэзээнээс уяачийнхаа гарааг эхэлсэн юм бэ?
-1990-ээд оны сүүл үеэс эхэлж  морь уясан. 1999 онд шиг санаж байна. Их насны хондон морио уясан ч тэр жилээ шальтай давхиагүй. Дараа жил нь сумандаа айрагдаад, Баян-Овоод айрагдаад, 2001 онд Архангай аймгийн Булган суманд болсон овооны тахилгад айрагдсан. Тэгж уяачийн гараагаа эхлээд өнөөдрийн байдлаар сумын баяр наадмаас найман айраг, таван түрүү аваад байна.
-Таван түрүү нь ямар насны морьдын амжилт билээ?
-Шүдлэн, соёолон насны морьд тус бүр хоёр удаа түрүүлгэсэн. Мөн хязаалан үрээ нэг удаа түрүүлгэж байлаа. 2014 оны сумын наадамд бор шүдлэн  түрүүлгэж, хээр хязаалангаа айрагдуулсан. Тэрний өмнө жил 2013 онд хээр шүдлэнгээ түрүүлгэсэн.
-Сумынхаа наадамд хоёр жил дараалан шүдлэн түрүүлгэж. Өөр...?
-1999 онд Баян-Овоо сумын наадамд хонгор шүдлэн, 2000 онд хондон морио айрагдуулж байсан. Сүүлийн үед  хурдлаад байгаа бор соёолонгоос бусад нь дан нутгийн адуу. Бор үрээ Сүхбаатар аймгийн Уулбаян гаралтай адуу байгаа юм. Надад ирснээсээ хойш сумын наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан. Жижиг наадмуудад бол гурав түрүүлсэн. Саяхныг болтол манай Эрдэнэцогт чинь дан нутгийн адуугаар нааддаг байлаа. Харин өдгөө аймаг, аймгийн чанартай уралдаануудад нутгийн адуугаар наадах боломжгүй болсон учраас сүүлийн хэдэн жил зүүн талаас адуу авчирч байна. Тэжээлийн тухайд ч гэсэн саяхнаас л эхэлж байна шүү дээ.
-Эрдэнэцогт суманд аймгийн бүсийн уралдаан болж байв уу?
-2013 онд зуны бүс болж, манай сумынхан гайгүй наадсаан. Азарганд Мөнх-Эрдэнийн харлаг, их насны түрүүнд Түвшинбатын шар хээр түрүүлсэн. Миний хувьд төдийлөн амжилт гаргаж чадаагүй ээ.
-Залуу уяачийн хийморь өөдөө байж айраг, түрүү арвин амжилттай наадах бизээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна