Цуут хүлэг Цагаан шийртийн эзэн Улсын Алдарт уяач Далхжавын Дамдинбазар

А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 23 -нд

Сайн хүлэг эзнээ алдаршуулдгийн бас нэгэн жишээ нь Улсын Алдарт уяач Д.Дамдинбазар түүний цагаан шийрт хээр морины түүх юм. Хүлэг морины хиймориор түмэн олноо цэнгүүлэгч дээдсийнхээ үйл хэргийг залгамжилсан Дамдинбазар 1943 оны хонь жил  Далхжавын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн бөгөөд тавдугаар анги төгсөөд мал маллах болжээ. 1960-аад оны дунд үеэс адуу  авч таван жил маллаад хүлээлгэн өгч нэгдэл тартал хонь маллан сумын Аварга малчнаар шалгарч, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж байжээ.
Харин морь уях тухайд 70-аад оноос эхтэй. 1972 оны сумын баяр наадамд халтар морь гурваар давхиулан анхны айргаа хүртснээс хойш ягаан, халтар, алаг, бор морьдоо айрагдуулж байсан ч түмэн олон түүнийг  Цагаан шийрт хээрээр нь илүүтэй мэднэ. Цагаан шийрт хээр түүний унаган адуу. 1982 онд соёолон морь анх уягдаж сумын наадамд дөрвөөр давхиснаас хойш  18 хүртлээ уралдсан цуут хүлэг Завхан, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн сумдын баяр наадам, төлийн баяр зэрэгт 27 удаа уралдахдаа 25-т нь түрүүлж, айрагдан нэг удаа зургаагаар, нэг удаа 11-ээр давхиж байжээ. 1990 онд 13 настай морь Говь-Алтай аймаг үүсч байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан бол 1992 онд 15 настай сумандаа түрүүлж, 1994 онд 17 настай сумынхаа ойд дөрвөөр давхиж байжээ. Баян-Уул сум байгуулагдсаны 70 жилийн ойгоор /1994 онд/ Д.Дамдинбазар Алдарт  хоёр соёолон, нэг хязаалан, нэг их насны морь уяж Цагаан шийрт хээрийгээ дөрвөөр, хээр соёолонгоо аман хүзүүнд, хязаалангаа айргийн таваар давхиулан одтой сайхан наадсан байдаг. Нийгэм цаг үеийн байдлаас шалтгаалаад гол төлөв сум орон нутагтаа нааддаг байсан Алдарт 1995 оны Сар хайрханы даншгийг зорин очиж үрээгээ дундуур давхиулаад, 1997 онд Дэлгэрийн даншигт өөрийн шавь аймгийн Алдарт уяач Ундрахтайгаа явж халтар морийг нь гурваар давхиулж байжээ.
Сумын наадамд түрүүлж, айрагдах морьдыг төвөггүй хэлчихдэг Д.Дамдинбазар 1995 онд Улсын Алдарт уяач цол хүртсэн бөгөөд хүү Д.Хадбаатар нь 1994 оноос аавыгаа даган морь уяж  2006 оны баруун бүсийн уралдаанд хязаалан айрагдуулан томоохон наадмын анхны айргаа амссанаас хойш нэг түрүү, дөрвөн айраг хүртээд буй юм.

"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна