Асууж шинжлэх

А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 08 -нд

Асуух гэдэг нь мал хариуцагч буюу малын эзнээс өвчний байдлыг лавлахыг хэлнэ. Ингэвэл малын өвчилсөн шалтгааныг сайн мэдэж эмчилж засахад ихээхэн тусламж болно.
Асуух зүйл: Өвчилснөөс хойшхи шинж тэмдэг цаг хугацаа, явц, өвчилсөн малын тоо толгой, өвчинтэй малын илрэл, арчилгаа, эдэлгээ, эм хэрэглэсэн байдал, эмчлэн зассан явц, өвчний түүх, хээлтүүлэг болон төллөсний агуулга зэрэг багтана. Үүнийг тус бүрт нь тайлбарлавал:
Өвчилсний дараах шинж тэмдэг: Өвчилсний дараах илрэлийг харах, сонсох, тэмтрэхээр дамжин мэдэж болно. Гэвч малын эзнээс асууж ойлговол нэн олон баримт олж болох юм.  Ялангуяа эмнэлэгт ирэхээс өмнөх илрэл /эмч үзэхээс өмнөх илрэл/. Өвчилсний дараах тэжээл ус идэх, уух, бааж шээх байдлыг асуувал сая найдвартай мэдээг олж мэднэ. Жишээлбэл: адууг эмч үзэх үед гэдэс нь дүүрэх, судлын цохилго түргэдэх, бүх биеийн байдал хүнд байх, гэвч хатгалтын шинж тод биш, гэдэсний байр шилжсэн буюу гэдэсний мушгиралтын сэжигтэй бол өвчний эхэнд хатгалтын шинж үзүүлснээр ямар байсан олон дахин хөрвөөсөн эсэхийг асуух тун чухал, дэлүүний гэмтэл гэж сэжиглэвэл өвчний дараах ус тэжээл идэх уух, баах шээх байдлыг ойлгох хэрэгтэй. Үүнээс гадна бусад цул савын өвчний шинж тэмдэг, тэжээл ус авах байдал, шээсний хувиралтыг ойлгож мэдэх нь шинжлэн магадлахад их тустай. Заримдаа өөр бодисыг идэх дуртай эсэх, ханиаж амьсгалах нь ямрыг асууна. Ханиаж амьсгаадах нь өдөр шөнийн алинд хүнд, хөнгөн зэргийг асууж мэдэх бол хүйтэн халуун, доройтсон хэтэрснийг ялган танихын лавлалтын материал болно. Ханиаж амьсгаадах нь өдөр нь хөнгөн, шөнө нь хүнд бол ихэнхидээ доройтсон сэрүүний гэм, өдөр нь хүнд, шөнө нь хөнгөн бол ихэнхидээ халуун гэм болно.
Өвчилсөн цаг хугацаа болон өнгөрөлт: Өвчилсөн цаг хугацаа болон өнгөрөлтийг асуух нь хуучин шинэ өвчнийг магадлан тогтоож одоогийн илэрч байгаа шинж тэмдэгтэй уялдуулж эрүүл ба гэмийн хэтэрсэн доройтсон хийгээд өвчний шинж тэмдгийн гадар дотор, халуун хүйтэн, хэтэрсэн доройтсоны алинд харьяалагдахыг тогтооход чухал ач холбогдолтой. Жишээлбэл, гэнэтээр өвчилбөл олонхидоо гадар хямрааны хэтэрсэн гэм, өвчин нь ужигширвал бие нь доройтох болохоор ихэнхдээ дотор доройтсон гэм.
Өвчтэй малын тоо толгой: Заримдаа гэнэтээр өвчилж өвчний илрэлт нь бачим /давчуу/ хүнд байдаг. Өвчилсөн малын түүхийг асуухдаа, адил төрлийн малын өвчилсөн тоо толгой хийгээд бусад төрлийн малын өвчилсөн байдлыг асууж ойлгох хэрэгтэй. Энэ нь халдварт өвчин мөн эсэхийг тодруулахад чухал. Жишээлбэл: нэг тасаг хэсэг буюу нэг нэгдэл бригадад, эсвэл нэг газар оронд олон тоотой бөгөөд шинж тэмдэг нь үндсэндээ төсөөтэй, тэрчлэн олонхидоо халуурч байвал халдварт өвчин хэмээн шинжилж болно. Гэвч хордлогын чанартай өвчин буюу шим тэжээл дутагдах өвчин бас олон тоотой малд өвчлөх шинж тэмдэг адилхан илрэхийг анхаарах хэрэгтэй.
Өвчтэй малын байршил: Өвчтэй малын ирэлтийг ойлгохдоо тус газар орондоо тэжээж өссөн юм уу? Өөр газраас авч ирсэн үү? гэдгийг асууж мэдэх хэрэгтэй. Хэрэв тус газар орны мал бол гадагш хаашаа явж байсан эсэхийг асууж мэдэх, тухайн эл газар оронд өвчин, хижиг дэлгэрсэн эсэхийг мэдвэл халдварт, хорхойт өвчин үү, биш үү гэдгийг мэдэж болно.
Арчилгаа хамааралт эдэлж хэрэглэсэн байдал:
Арчилж тэжээх талаар
: Тэжээл бордооны төрөл, зүйл, яс чанар, хаанаас авчирсан найруулсан арга маяг болон тэжээдэг аргыг ойлгож мэднэ. Жишээлбэл: удаан хугацааны турш хуурай өвсөөр тэжээх, цатгаж, өлсгөх нь тэнцвэргүй байх, өлнөөр нь хүйтэн усаар услах, бордоог гэнэт солих, эсвэл ялзарч муудсан буюу бохир бордоогоор тэжээх нь цөм гэдэс өвдөх, дүүрэх, баас алдах зэрэг өвчнийг үүсгэнэ.
Эзэгнэн хамаарах талаар: Малын байр дулаан эсэх, салхи нэвтрэх, нарны гэрэл тусахаар ямар, тэжээл хэрхэн яаж өгдөг хэвтэр хийгээд малын эрүүл мэнд хамгааллын байдал ямар байгаа ойлгох хэрэгтэй. Жишээлбэл: хүйтэн шөнө малыг хашааны гадна байлгах, хашаа саравч хүйтэн хог тоос ихтэй, чийглэг нойтон, эсхүл уур амьсгал гэнэт хувирах хий салхинд цохиулсан зэргээс шалтгаалан хямарна. Хэрлэг, уушгины өвчин зэрэг амархан тусна.
Эдэлж хэрэглэх талаар: Эмээл, тохом, тоног хэрэгслийн байдал, эдэлж хэрэглэсэн арга маяг зэргийг ойлгох. Жишээлбэл. Ажил нь хүнд, холын аянд хүнд ачаа тээх зэрэг нь уушги, зүрхний өвчнийг амархан үүсгэнэ. Эмээл тохом нь муугаас морины нуруу нь гэмтэнэ. Хэтэрхий унаж давхиснаас дөрвөн хөл гэмтэх, эмнэг морийг элдэж зодох, хүчтэй чангааж татахаас уушги зүрх амархан гэмшинэ.
Эмчлэн зассан өнгөрөлт: Өвчтэй малд ямар тарилга хийснийг мэдвэл зарим халдварт өвчний сэжгийг арилгаж болно. Эмчилсэн байдлыг ойлгох нь өвчнийг магадлан тогтоох болон эмийг зохистой хэрэглэх, эмчилгээний үр дүнг дээшлүүлэх, засалт / эмчлэлт/ буруудахаас сэргийлэх зэрэг чухал ач холбогдолтой. Нөгөө талаар эмнэж өнгөрсөн байдлыг ойлгох нь засал буруудсан эсэхийг мэдэж болно. Жишээлбэл: түгжрэлтэнд богино хугацаанд их хэмжээний туулгах эм өгснийг мэдэхгүйгээр дахин их хэмжээний туулга өгвөл муу үр дүн гарна. Өөрөөр түгжирсэн малыг усан жилбэн гэж буруу нотолж лантанз, гуа хатан мэтийн эм хэрэглэх явдал ч гардаг байна.
Өвчний түүх: Энэ нь өнгөрсөн үед өвчнөөр өвчилж байсан зэргийг мэдэхэд чухал. Учир нь зарим өвчнөөр өвчилсөн мал дахин тэр өвчнийг тусдаггүй. Хэрэв зарим өвчин хурц хэлбэрээс архагт шилжих /гэдэсний хурц үрэвсэл архагт/ бусад өвчинтэй давхцах /түгжирсний дараа гэдэс үрэвсэх, гэдэс үрэвссэнээс уушги үрэвсэх, шархнаас зогсоо өвчин тусах, нүдний дахилттай үрэвсэл, яс зөөлрөх, дал зэрэг өвчин үүсч мэдэх тул өвчний түүхийг ойлгох нь чухал.
Хээлтүүлэг болон төллөх: Үүнд хээлтүүлэгч малын хээлтүүлэгт орсон байдлыг ойлгоно. Ингэхдээ удамшлын сайн муу, үр хувирал, үрийн хэмжээ нь багасах зэрэг бөөрний ажиллагаа доройтсоны шинж тэмдэг зэргийг ойлгоно. Хээлтэгч мал бол хээл тогтох ба төллөх байдлыг мэдэх. Эдгээр нь өвчнийг шинжлэх болон эм хэрэглэхэд ач холбогдолтой. Жишээлбэл: сая гарсан унага нь эхээ хөхөөд удалгүйгээр гэнэт цус багасах, тарлах, цусаар шээх зэрэг шинж тэмдэгтэй бол төрөх унага иймэрхүү үзэгдэл байсан эсэхийг мэдэх хэрэгтэй. Хэрэв унага төрөхдөө иймэрхүү үзэгдэлтэй, нэг л азаргаар гишгүүлсэн, түүний унага үхсэн түүхтэй бол нялх унаганы цус хайлах өвчин гэж анхны алхам тодолж болно.

Үргэлжлэл бий...

"Хятад мал эмнэлгийн онолын суурь зүү төөнөлөг" номноос

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна