Эрэлт ихтэй мэргэжил

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 21 -нд

Морин спорт сонирхогчдын цар хүрээ тэлэхийн хэрээр удам сайтай хурдан хүлгээс гадна уралдаанд түрүүлэх нөхцлийг бүрдүүлж байдаг нарийн мэргэжлийн хүмүүсийн эрэлт ч нэмэгдэж байна. Уралдаанд түрүү авсан хурдан хүлгийн ард уяач, өндөр мэргэшсэн эмч, адуучин, тахлагч гэсэн хүмүүс заавал байж байдаг. Эдгээрийн дотроос тахлагч маш чухал үүрэгтэй, тун ховор мэргэжил. Мэргэжлийн тахлагч нь сайн дархан байх ёстойгоос гадна мал эмнэлгийн салбарын нарийн мэдлэгтэй, тахлах ба засч янзлах өндөр дадалтай байх ёстой юм. Тун чухал үүрэг гүйцэтгэдэг мэргэжил болохоор эрэлт ихтэй байдаг нь мэдээж. Ялангуяа морин тойруулгын уралдаан өндөр хөгжсөн өрнө дахинд энэ мэргэжилд онцгой анхаардаг бөгөөд тахлагч гэх тусгай мэргэжил олгодог мэргэжлийн сургуулиуд тогтмол үйл ажиллагаа явуулж жил болгон олон арван өндөр түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэж байдаг. Манайд энэ чиглэлээр тусгайлан сургадаг эсэхийг мэдэхгүй юм. Европын холбоонд гэхэд л Европын тахлагчдын ассоциаци “EFFA” гэсэн байгууллагыг 1997 онд Парис хотноо үүсгэн байгуулсан гэхээр өнгөц харахад чухал биш мэт санагдаж болох ч энэ мэргэжилд өрнөдийнхөн ямар их анхаарал тавьдаг нь харагдана.
Одоо “EFFA”-д Европын 19 орон багтдаг бөгөөд холбоо нь өөрийн зорилгоо албан ёсоор “Тахалгааны хамгийн өндөр дээд стандартыг хөхиүлэн дэмжих замаар адууны насыг уртасгах” гэж тодорхойлсон байна. Энэхүү холбоо нь идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд гишүүн улс болгонд тахалгааны сургууль байгуулагдсан. Тахалгааны сургуулиуд ямар төрлийн мэргэжилтэн бэлтгэдгийг ойлгомжтой болгохын тулд зарим нэг жишээг дурдъя.
Их Британи
Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсад тахлагч гэсэн мэргэжил олгодог гурван сургууль бий. Майерско ба Уоркширийн коллежуудад тусгай факультет байдаг бол Херефордод тусдаа тахлагчдын сургууль гэж байдаг. Херефордын тахлагчдын сургууль 1946 онд нээгдсэн бөгөөд тахлагч ба төмрийн дарханы гол төв. 2000 онд 1,5 сая фунтын төсвөөр сургалтын шинэ төв байгуулсан. Энэ төвд сургалтанд шаардлагатай, 1900 м.кв. талбайд хичээлийн анги, хурал ба танилцуулга явуулах танхим, номын сан, компьютерийн төв, цутгалт хийх тусгай цех зэрэг байгууламж байдаг. Херефордод богино хугацааны ба урт хугацааны гэсэн хоёр хэлбэрээр сургалт явуулдаг. Урт хугацааных нь 1,2 жил бол богино хугацааных нь 10 долоо хоног. Жилийн сургалт буюу “Level 2 diploma“ нь металлыг зүсэх, давтах, хатаах, гагнах, цутгах ба металл хийц бэлдэх суурь мэдлэг өгдөг. Үүнээс гадна англи хэл, математик ба хөдөлмөр хамгаалал гэсэн хичээлүүд сургалтын хөтөлбөрт багтдаг. Сургалтын хичээлийн явцыг хянахын тулд бичгийн хяналтын ажил ба практик дадлагын шалгалт авдаг.
Бас нэг онцгой анхаарах зүйл байдаг нь Херефордын тахлагчдын сургуульд зөвхөн Британийн иргэн элсч суралцах эрхтэй. Өөрөөр хэлбэл тахалгаа, дархан бэлтгэх үндэсний онцлогоо гадагш алдалгүй хадгалж үлдэх, Британийн онцлогт тохирсон өвөрмөц тахалгааг гадны нөлөөнд автахаас сэргийлэхэд онцгой анхаардаг гэсэн үг. Элсэгчид нь Британийн бүрэн дунд боловсролын дипломтой байх ёстой бөгөөд хэлний болон математикийн шалгалт өгч элсэнэ. Мөн тахлагч гэсэн мэргэжил эзэмшихэд хувийн зүгээс ямар сэдэл, сонирхолтой байгааг элсүүлэхдээ онцгой анхаарна. 16-18 насны элсэгчид шалгалтанд үнэ төлбөргүй орох эрхтэй бол бусад насныхан 150 фунт төлөх ёстой болно. 16-18 насныхан жилийн сургалтын зардалд 800 фунт төлөх бол бусад нь 1600 фунт төлнө. Сургалт дууссаны дараагаар төгсөгч нь төмрийн дархан, металл хийц бэлтгэх ба арилжааны салбарт ажиллах эрх олгодог диплом авна.
Төгсөгч нь мэргэжлээрээ гүнзгийрүүлэн сурах хүсэлтэй бол хоёр жил үргэлжилдэг “Level 3 Extended Diploma“ хөтөлбөрт элсэн суралцах боломжтой. Энэхүү гүнзгийрүүлсэн сургалтанд зэвэрдэггүй ган эсвэл зэс гэх мэт тахалгаанд ховор ашиглагддаг материал дээр ажиллах дадал олгохоос гадна уран сайхны тахалгааг заадаг. Мөн багахан хэмжээний бизнес эрхлэх үндсийг заадаг тул төгсөгч нь өөрийн гэсэн бизнес эрхлэх чадвартай болдог. Элсэхийн тулд “Level 2“ –ыг төгссөн диплом, ярилцлаганд орох хэрэгтэй. Үүнээс гадна төмрийн дархан ба тахалгааны ажил эрхэлж байсан дадлага туршлагатай байвал давуу тал болно. 
Герман 
Германд морьтой холбоотой бүх л төрлийн мэргэжил олгодог олон тооны сургууль байдгийн дотор тахлагчийн сургууль ч бий. Тахлагч гэсэн мэргэжлээр ажиллахын тулд тусгай лиценз авсан байх шаардлагатай тул сургууль төгсөх зайлшгүй шаардлагатай. Энэхүү ховор мэргэжлийг олгодог олон сургууль байдгийн нэг нь Баварийн улсын шинжлэх ухаан ба судалгааны төвд байдаг. Эндэхийн сургалт нь анхан шатны дамжаа, практик хэсэг, үндсэн дамжаа, шалгалт гэсэн хэд хэдэн үе шат бүхий цогц сургалтаас бүрдэнэ.
Анхан шатны сургалт нь дөрвөн долоо хоног буюу онол ба дадлагын 160 цаг бөгөөд жил бүр 6-7 саруудад явагддаг. Төлбөр нь 1000 евро. Үндсэн сургалт дөрвөн сар үргэлжлэх бөгөөд 3200 еврогийн төлбөртэй. Жилд хоёр удаа 1-5 сар, 8-12 саруудад явагддаг. Энд оюутнууд туурайн өвчин эмгэг ба эмчилгээ, тах ба тахалгааны тоног хэрэгсэл бэлдэх, тахалгааны янз бүрийн арга гэх мэт олон сэдвээр онолын гүн мэдлэг олгоно. Дадлагын ажлыг сургуулийн жүчээнд хийдэг.
Түвшин тогтоох шалгалтын үеэр оюутан нь халуун металлтай ажиллах, туурайн цэвэрлэгээ, тах бэлтгэх, үеийн эмгэг засах тах бэлдэх гэсэн салбар дахь дадал, чадвараа харуулах ёстой. Шалгалтын үнэ 3000 евро бөгөөд шалгалт өгөхийн тулд анхан шатны ба үндсэн дамжаа дүүргэсэн гэрчилгээ, даатгал төлсөн баримт, мэргэжлээрээ хамгийн багадаа хоёр жил туслахаар ажилласныг батлах гэрчилгээ шаардлагатай.
Баварийн энэ сургууль нь улсынх бол энэ чиглэлээр мэргэжил олгодог хувийн сургуулиуд бас байдаг. Жишээлбэл, Дортмунд дахь Швеппе сургууль. Энэ сургуулийг 1850 онд Кристофер Швеппе нээсэн бөгөөд анхандаа хувийн дунд зэргийн дархны газар байсан бол өдгөө тахлагч, малын эмч ба жокей нарт зориулсан олон тооны сургалт, хурал зөвлөгөөн тогтмол явагддаг судалгаа ба сургалтын орчин үеийн төв болжээ. Тахлагч болох хүсэлтэй хүн энд 1195 еврогийн төлбөртэй анхны шатны сургалтанд хамрагдаж болно. Анхан шатны сургалт нь онолын 80 цаг, дадлагын 80 цаг. Анхан шатны сургалтыг амжилттай дүүргэсний дараагаар сертификат олгодог. Мөн эндээ 4100 евро төлөөд шалгалтанд бэлдэх 4 сарын сургалтанд хамрагдаж болно. Энэхүү сургалт нь 640 цагтай. Тусдаа төлбөр төлөөд сургуулийн дэргэдэх байранд амьдарч болно. Сургуулийн дадлагын ажлыг Кристофер Швеппегийн үр хойч болох Манфред, Кристоф, Диана Швеппе нар явуулдаг. Онолын хичээлийг тусгайлан урьж авчирсан өндөр зэрэглэлийн малын эмч нар заана. Швеппегийн сургууль нь Үндэснийхээ тахлагчдын холбоо ба олон улсын EFFА холбоотой нягт хамтран ажилладаг.
Швед
Шведэд тахлагчаар ажиллахын тулд мөн л тусгай лиценз авах ёстой байдаг. Энэ чиглэлээр мэргэжил олгох сургалтыг Үндэсний тахлагчдын холбоо SHF хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор энэ холбоо нь 450 гишүүнтэй. Сургалтууд нь холбооноос зохион байгуулсан богино хугацааны дамжаанаас эхлээд төмрийн дарханы сургалт давамгайлсан сургууль, биологи ба хөдөө аж ахуйн гимнази хүртэл олон хэлбэртэй.
SNF-д төлөөлөл бүхий дөрвөн сургуульд тахлагч гэсэн мэргэжил эзэмшиж болно. Үүнд: Скаре дахь сургууль, Лерум дахь гимнази, адуу судлалын боловсрол олгох үндэсний төвүүд болох Стремсхольм ба Вангений төвүүд.
Стремсхольм ба Вангений төвүүдэд тахлагчийн боловсролыг мал эмнэлгийн нэг салбар дахь дээд боловсролын түвшинд олгодог. Өөрөөр хэлбэл тахлагч нь дээд боловсролтой мэргэжилтэн. Сургалтын хөтөлбөрийг SHF-тэй хамтран боловсруулдаг бөгөөд Европын тахлагчдын холбооноос дэмжсэн байдаг. Үргэлжлэх хугацаа нь 80 долоо хоног бөгөөд Шведийн иргэдийн хувьд үнэ төлбөргүй. Оюутнууд туурайн арчилгаа, дарханы ажил, мал эмнэлэг, менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдлын дамжааг дүүргэдэг. Элсэхийн тулд политехникийн суурь боловсрол эзэмшсэн гэрчилгээ шаардлагатай. Шведэд политехникийн боловсролыг дунд сургуульд өгдөг тул шведүүдийн хувьд ийм гэрчилгээ авах нь асуудал биш. Үүнээс гадна адуу арчлах дадалтай гэсэн баримт, тахлагчийн туслахаар сараас багагүй хугацаанд ажилласан тухай баталгаат захидал хэрэгтэй.
Шалгалт нь элсэгчийн харилцах ба сэтгэн бодох чадварыг тодорхойлох ярилцлага, багаж хэрэгсэлтэй ажиллах ба адуу хариулах дадлаа харуулах практик хэсгээс бүрдэнэ.
SHF-ээс зохион байгуулдаг дамжааг хоёроос цөөнгүй жил ажилласан туршлага бүхий диплом авсан тахлагч ба малын эмч нарт зориулан явуулдаг. Дамжаагаар тахлах ба тах бэлдэх орчин үеийн технологи ба аргатай танилцуулахааас гадна туурайн өвчнийг анагаах сүүлийн үеийн арга барилыг заана. Сургалт долоон бие даасан хэсгээс бүрдэнэ. Үүнд: анатоми ба физиологи, ерөнхий тахалгаа, мал эмнэлгийн үндэс, үений согог засах тахалгаа, унаганы тахалгаа, тах бэлдэх, туурай цэвэрлэх. Хэсэг тус бүрийн үргэлжлэх хугацаа нь 1-3 хоног. Бие даасан хэсэг тус бүрийн төлбөр тусдаа бөгөөд дунджаар 2500-6500 крон байна. SHF-ийн гишүүдэд хөнгөлттэй.
Дамжааг дүүргэсний дараагаар 6000 крон төлөөр мэргэжлийн түвшин ахиулах шалгалт өгч болно.Үүнээс гадна мэргэжлээрээ зургаагаас цөөнгүй жил ажилласны дараагаар мастер тахлагч гэсэн тусгай цол авч болдог. Үүний тулд хийсэн ажлаасаа танилцуулаад тусгай шалгалт өгнө. Одоогийн байдлаар 10 сая хүн амтай Шведэд 18 мастер тахлагч байна.
АНУ
Америкт энэ чиглэлийн боловсролын стандартыг боловсруулж, тахлагчийн сургуулиудад эдгээр стандартыг мөрдөхийг хянаж байдаг. Тахлагч нарын үндэсний ассоциаци AFA гэж байдаг. AFA-гаас боловсруулсан шатлалын дагуу долоон түвшин бүхий сургалтыг дүүрэг ёстой. Эхний шат нь танилцуулах үүрэгтэй бөгөөд заавал дүүргэх шаардлагагүй ч анхан шатны түвшин. Дараагийн түвшин нь “сертификатлагдсан тахлагч” бөгөөд AFA-гаас албан ёсоор баталгаажуулсан байх ёстой. Энэ шатанд хүрэхийн тулд нэг жил ажилласан, тахалгааны тухай суурь мэдлэг байна. Гурав дахь түвшин нь туслах тахлагч. Энэ түвшинд гарахын тулд хоёр жил ажилласан, тахыг гар аргаар хийж сурсан байх шаардлагатай. Дөрөв дэх нь “тахлагч дархан”. Үеийн согог засах тахалгаа гэх мэт илүү өндөр түвшний дадал ба сурцтайгаар хоёр жил ажилласан байх ёстой. Тав дахь шат нь “эмчлэгч тахлагч”. Энэ түвшний тахлагч нь доголонг засах чадвартай мэргэжилтэн байх ёстой.
“Багш тахлагч” нь зургаа дахь шат бөгөөд туурайн өвчин эмгэгийн талаар гүн мэдлэгтэй, янз бүрийн тахалгаа хийх арвин туршлагатай байх ёстой. Зөвхөн ийм тахлагчид л багшлах эрх олгодог. Хамгийн дээд шат нь “Мастер тахлагч”. Энэ түвшинд хүрсэн тахлагч нь дээр дурдагдсан бүх зүйлсийг хийхээс гадна багаж хэрэгсэл бэлдэх явц ба техникийн талаар гүн мэдлэгтэй байх ёстой. Мөн нарийн чадвар шаардсан ажлыг богино хугацаанд гүйцэтгэж чаддаг байна. Эдгээр түвшинд гарахын тулд шаардлагатай багц баримт бүрдүүлээд түвшин ахиулах шалгалт өгдөг. Дэлгэрэнгүйг АFA-гийн албан ёсны вэб сайт дээрээс үзэж болно.
АНУ-д одоогоор тахлагч гэсэн мэргэжил олгодог 30 гаруй сургууль байна. Эдний дийлэнх нь “horseshoeing schools” гэж нэрлэгддэг хувийн байгууллагууд. Түвшин ахих сургалт нь шатлалаасаа хамаараад дөрвөн долоо хоногоос хагас жил хүртэл үргэлжилдэг. Төлбөр нь 1-15 мянган ам.доллар. Ийм сургуулиуд гол төлөв өөрийн гэсэн дотуур байртай, практик сургалтыг сургуулийн жүчээнд явуулдаг нь ихээхэн цаг, мөнгөө хэмнэн суралцах таатай уур амьсгал бүрдүүлдэг.
Америкийн тахлагч мэргэжил олгох сургуулиудад гадаадын хүн элсэн суралцахад ямар ч асуудалгүйгээр давуу талтай. Хамгийн гол нь сургуулийн удирдлагатай урьдчилан и-мэйлээр мэдээлэл солилцон тохиролцоод оюутны виз авах хэрэгтэй.
Хилийн чанадад тахалгаа, тах бэлдэх дархны ажилд ямаршуу ач холбогдол өгч, анхаарал тавьдаг нь эндээс харагдаж байгаа байх.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна