Аймгийн Алдарт уяач Р.Бэхбат: Миний адуу сайн болохоор хүмүүс захын дааганаас л хоргоодог юм

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 18 -нд

Аймгийн Алдарт уяач Р.Бэхбат: Миний адуу сайн болохоор хүмүүс захын дааганаас л хоргоодог юм
-Аль галын гишүүн билээ?
-Баянцагаанд 2012 онд 10 хүний бүрэлдэхүүнтэй  “Баянхайрханы хүлэг” гэж гал байгуулагдаж байсан юм. Тухайн үед баг харгалзалгүй гишүүнээр орж байлаа. Манай дөрөвдүгээр баг чинь хамгийн олон уяачтай. Тэр дундаа аймгийн цолтнууд ихтэй. Бараг сумын 50 хувь нь уг багт амьдардаг юм. Баг дотроо “Алтан жолоо”, “Баянхайрхны хүлэг” гэж хоёр галтай. Энэ багийнхнаас санаачлан хаврын уралдааныг явуулснаас хойш баг болгон хийдэг уламжлалтай болсон. 
-Уулзаж байгаа уяачдын маань ихэнх удам залгасан улс байна. Та ч бас удам залгасан уяач уу?
-Манайх чинь хэзээний адуутай айл. Аймгийн Алдарт уяач аав маань бурхан болтлоо л морь уясан хүн.  Би багадаа үеийнхээ хөвгүүдийн адилаар тавтай хурдан морь унаж эхэлсэн юм. Харин долоотой хүүхдүүд эмнэг даага сургадаггүй байхад эмнэг даага сургаж явлаа. Тэр үед ээж маань амьд сэрүүн байсан. Нэг өдөр аав эмнэг даага эмээллээд намайг мордуулаад тавьчихсан. Өнөөх нь булгиад хойшоо аваад нисчихгүй юу. Ээж араас хүүхэд алаад хаячихлаа гэж хашгичаад,  аав ч сандраад морио эмээллэж аваад хариугүй мордохын даваан дээр би буцаад давхиад ирсэн. Тэгсэн хойшоо давхиж байгаад нэг их урт ганга таарсан тулаад буцаж эргэсэн юм байна лээ. Ингэж долоотойгоосоо хойш даага сургадаг болсон.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Бид чинь эцэг эхээс арвуулаа. Би дээрээсээ гурав дахь байгаа юм. Миний даахины найраар аавын төрсөн ах Чимэд нэг охин хонгор даага өгсөн. Миний энэ гүүний төлүүдийг аав уяж, сумандаа болон тойргийн сумдаас олон айраг түрүү авсан. Гэхдээ аймгаас хараахан айраг түрүү хүртэж чадаагүй. Ер нь ах дүүсээрээ одтой нааддаг улс л даа. Аав эгчийнхээ хүү Баттөмөрийг цэргээс ирэхэд нь унагатай гүү өгсөн юм. Тэр нь мөн хурдалж их насанд олон ч  түрүүлсэн.
-Хүүхэд насны  дурсамжаасаа хуваалцаач?
-Наймдугаар ангиа төгсөөд Алтанбулагийн техникумын мал зүйчийн ангид орж суралцсан. Дунд нь цэргийн гурван жилийн албыг хаагаад сургуулиа 1986 онд төгссөн юм. Би чинь нутаг амьтай хүн л дээ. Тэгсэн сургуулиа төгссөн манай Баянхонгороос ганц ч хуваарь байдаггүй ээ.  Намайг Завхан руу хуваарилана гэнэ. Цэрэгт байхад ээж маань өөд болчихсон болохоор учраа хэллээ. “Нутагтаа очиж амьдармаар байна. Хэдэн өнчин дүүгээ өсгөхөд аавдаа тусламаар байна. Хэрвээ намайг өөр газар хуваарилчихвал хаячихаад сумандаа л очно” гэвэл комиссын хүн хаана ч хуваарилсангүй. Харин Улаанбаатар хотод тэдэн сарын тэдэнд ХАА-н яаман дээр ирээрэй гэж хэлээд яваад өглөө. Аз болоход сайн хүн таарсан л даа. Хэлсэн өдөр нь яваад очсон Баянхонгорт хуваарилав. Ингээд Баянхонгорт онгоцноос буусан сум нэгдлийн дарга Жадамбаа, ерөнхий зоо Саахалт нар баяртайгаар угтаж авсан юм. Тэр жил дүү маань Санхүү эдийн засгийн техникумыг бас төгссөн. Ингээд би аймгийн ХАА-н дарга Эрэмгийлхам дээр ороод “дүү бид хоёрыг төрсөн суманд маань хуваарилаад өгөөч” гэж гуйсан. Тэгсэн “худлаа яриад бай. Эхнэр л авах гэж байгаа биз” гээд итгэх янз алга. Тэгэхээр нь паспортоо үзүүлбэл сая нэг үнэмшээд “чи дүүгээ сум руугаа явуулчих. Харин чи сумын наадам өнгөрөөгөөд Эрдэнэцогтын хангайд үхрийн хээлтүүлгэн дээр ажиллаарай” гэлээ. Би тэгье л гэж байгаа юм. Ингээд хоёулаа гэртээ яваад очсон хөөрхий аав маань хөл нь газар хүрэхгүй баярласан. Эмэгтэй дүү тогоо шанагаа барьж, би морины ажлыг хийгээд ёстой л нар нь гарч билээ. Тэр жил аав маань хоёр нас мордуулж, нэг нь түрүүлж, нөгөө нь гуравласан. Аав энийг их яринаа. Ингээд би 1986 оноос 1990 он хүртэл багтаа ажилласан.
-Дүү нар жоохон байсан уу?
-Дунд сургуульд сурцгааж байсан. Аав маань 500 хонь малладаг байлаа. Тэр их ажилтай байж морь уяад айраг, түрүү авна гэдэг мундаг шүү. Тэгэхэд би баг бригадын ажил хийгээд морь уяж амжихгүй л явлаа. Би чинь 1988 онд эхнэр авч өрх тусгаарласан юм. Тухайн үедээ хөтөлгөө морьтой ажлаа хийгээд явна. Хоёр хонгор, хоёр зээрд гэхчилэн зүс ижилсүүлэн гоёноо. Тэр жил өөрийн нэрийн гүүнээс гарсан борлог үрээгээ наадмаас 10-н хэд хоногийн ааваараа заалгаж байгаад уялаа. Улмаар сумын наадамдаа мордуулж, соёолон аман хүзүүнд хурдлуулж билээ. Түүнээс хурдан моринд илүүтэй хорхойсох болсон.
-Аав тань адуу өмчилж өгөө байлгүй?
-Айл гэр болсон хүүдээ аав маань дөрөв таван адуу, хэдэн бог таслан өгсөн. Ингээд эхнэртэйгээ хоёр талаасаа 32 малтай айл гэр болж байлаа.  Бас малын наймаа ч сонирхох болж,  ийшээ тийшээ явж 30 гаруй ямаа, Баацагаанаас 10-н хэдэн гүү авч, нутгаасаа Төмөрбаатар гэж хүнээс азарга авчирлаа. Тэр үед адуу ч хямд байлаа. Харин би 5000 төгрөгөөр азарга авч, адуу үнэд орууллаа гэж зэм сонсож явлаа. Адуу маань ч янзын өсөж хоёр азарга адуутай болсон. Манай суманд хэд хэд түрүүлсэн Батбаатарын халтар азарганы удмаар азарга тавьчихсан байгаа юм.  Би чинь 2000 он хүртэл арваад жил хэдэн бог малаа хүнд хариуцуулаад, өөрөө наймаа хийсэн хүн л дээ. Тэгээд 2000 онд хоёр азарга адуугаа алдаад бага азарга адуугаа хайгаад олоогүй. Харин бүдүүн азарга адуугаа олоод хүнд тэжээлгэлээ. Өвс тэжээлийг нь бэлдээд өгчихсөн. 1000 гарчихсан малаа дөрвөн айлд хуваагаад маллуулчихлаа. Дараа нь дөрвөн айлдаа 50,50 мал үлдээгээд үлдсэн 800-гаасаа /400 ямаа, 400 хонь/ нэг мухар цагаан ямаа үлдээгээд 400 ямаагаа бүгдийг нядалсан. Тэгэхэд арьс 16,17 мянга хүрч байлаа. Өнөө 400 хонио нэг тус бүрийг нь 10,000-аар хүнд өгчихсөн. Бүдүүн азарга адуунаас маань нэг хоёр нь үхээд 17 адуу амьд үлдсэн юм. Энэ хэдээ өөр дээрээ авсан. Соёлондоо түрүүлдэг бор морь маань бүдүүн морь болчихсон, хөөрхий.  Өнөө харж байсан хүн “энэ хаашдаа үхэх нь. Чи аваад яв” гэхээр нь би пургонд ачаад сумын төв дээр авчирсан.
-Тэгээд яасан бэ?
-Цагаан ус өгсөн босоод ирсэн. Тэгээд овъёосоор тэжээсэн дороо л тэнхэрсэн. Тэр үед манайх чинь 100 гаруй үхэр, сарлагтай байлаа. Тэгсэн цагаан сар өнгөрөөд үхэр их үхээд байна гэхээр нь очсон жалганд хэд хэдээрээ үхээд, ердөө 20 гаруй үхэр амьд үлджээ. Би чинь 2000 оны зуднаар үхэр адуу нийлсэн бодтой 40 гаруй онд орж байсан. Тэр зуднаар 250-иад мянган адуутай байсан сум чинь үхсээр 36,000 малтай үлдсэн юм. Бараг л дууссан. Улсууд ч гоё эмээл, ташуур, хазаараа мал болгосноор манай сум дахин малжиж байлаа. Би маш олон мал Баянцагаан суманд авчирч өгсөн. Зарим нь ч авах боломжгүй боллоо гээд надад үлдэж байсан. Болоогүй зарим нь хот явлаа, аймаг явлаа хоёр адуу байна, хоёр үхэр байна. Чи аваадахаач гэхээр нь авсаар байгаад 100 гаруй сарлаг, 70 гаруй үхэртэй болчихлоо. Хоёр төрлийн үхрээ нэмэхээр зургаан хошуу малтай болчихож байгаа юм. Ингээд наймаагаа хаяж хөдөө гарахаас өөр аргагүй боллоо.
Нөгөө талаар намайг айл болоход хоёр талын эцэг эх маань унаганы 10 ногт, 10 чагттай унага болон үхрийн зэл зэхэж өгсөн юм. Бүүр хазаар ногт, чөдөр, эмээлийг ч бэлдсэн. Юугаар ч дутаахгүй айл болгож өгсөн тэднийхээ сэтгэлийн бэлгийг эдэлж хэрэглэе гэж бодсон хэрэг. Тэгээд л ажиллуулж байсан дэлгүүрээ зараад мал дээр гарсан. Түүнээс хойш 16 жил өнгөрчээ.
-Өнгөрсөн хугацаанд мал маллаад ямар амжилт гаргав?
-Гурван удаагийн сумын Аварга малчин боллоо. 2009 онд аймгийн Манлай малчин боллоо. 2009 онд чинь бас айхтар зуд боллоо шүү дээ. Тэгэхэд би Цогт гэж найзтайгаа малаа аваад Хустайн нуруунд очиж өвөлжсөн юм. Бид сарлагаа орхиод, монгол үхрээ, адуутайгаа аваад явсан. Гэхдээ тэр үедээ сарлагаа орхисон нь буруутсан байна лээ. Ирэхэд хоёрхон сарлаг л үлдсэн байсан. Тэгэхэд Хустайн нуруунд өвөлжчихөөд,  наашаа Лүнд ирж малаа төллүүлсэн юм. Тэр үед Уянгаар биднийг ирэхэд тэр малаа дуусчихсан. “10 ишигтэй ямаа өгөөч, ээждээ цай уулгах” гэсэн юм гэх хүмүүстэй олон таарсан. Тэр тоолонд өгсөөр би сумандаа 30 гаруй ишигтэй ямаатай ирж байлаа. Уянга ч мөнгөтэй газар байна лээ. Сүүлд 100 эр хонь авъя гээд би аваачиж өгч л байсан юм. Ингэж би хоёр том зудыг хохиролгүй давсан хүн дээ.
-Эзэмшсэн мэргэжил бас нөлөөлсөн байх, тиймээ?
-Тэгэлгүй яахав. Цагаан борог бол янзын сайн. Шуураад жалганд бөөгнөрсөнийг нь л хамаад авчихдаг юм. Хавар муудсан төл, төллөөд халуурах гээд байгаа хонь, ямаа, гүүнд өгөхөд тэр дороо л нам. Хоол маягаар жоохон жоохон өгчихнө. Ямар ч хор байхгүй. Би цагаан борогийг өгөх янзын “сонирхолтой”.
-Өнгөрсөн жилийн өвсийг энэ жил өгнө гэсэн үг үү?
-Тиймээ. Би чинь хангайн хүн шиг л өвс тэжээл цуглуулдаг хүн. Одоогоор 10 адуу тэжээж байна. Түүнд чинь овъёос тонноос наашгүй. Дээр нь 500 кг хивэг, 100 гаруй боодол өвс орно. Говь-Алтайн Хүрхрээн өвс ямар сайхан гээч. Тийм сайхан өвс идэж байгаа адуу чинь тэнхээтэй байх юм.
Би сумандаа анх адуу тэжээсэн юм. 2000 оны зуднаар 17 адуугаа өөрөө тэжээж эхэлсэн. Овъёосыг халуун газар түмпэнд хийгээд тавихаар дорхноо соёолчихдог. Тэгж ургасан овъёосыг өгөхөөр янзтай. Тэгээд их цасанд явахгүй байгаа адууг чинь пургоноор мөр гаргаж байгаад 500 метрт орших задгай устай голд аваачиж усалдаг байлаа. Өдрийн норм бол өглөө шанага тэжээл, орой шанага тэжээл өгнө. 2000 оны зуднаар 20-иод үхэр, 20-иод адуу тэжээж онд оруулсан. Тэндээс тэжээж болох юм байна гэж ойлгосон л доо.
-Та сумандаа анх адуу тэжээж байж. Тэр чинээгээрээ уясан морьд ч амжилт үзүүлж байв уу?
-Тийм шүү. 2000 оноос хойш сум битгий хэл тойрсон сумдаас айраг, түрүү тасраагүй. Баянхонгор аймгийнхаа “Хонгорын хурд” сэтгүүл дээр жил болгон л гардаг болсон. Ямар сайндаа аймгийн уяачдын шинэ жилээр “сэтгүүл дээр жил болгон гардаг хүнтэй танилцъя” гээд нэг залуу ирж байхав.
-Нутаг адуугаараа голдуу наааддаг бололтой?
-Ер нь нутгийн адуугаараа наадах сонирхолтой. Хүн ер нь нэг сайн гүүтэй бол наадчих л юм байна лээ. Одоо миний нэг гүүний төл дөрвөн ч адуу давхиж байна. Би морь уясан түүхэндээ ердөө таван соёолон түрүүлгэсэн хүн. Ноднингийн их насны уралдааныг харж байхад 20 хүртэл дандаа зүүн талын соёолон байна лээ. Тэгээд би ч нутгийн соёолон тэжээж уяад түрүүлгэсэн хүн шүү гэж бяцхан бахархсан шүү. Миний адуу сайн болохоор хүмүүс захын дааганаас л хоргоодог юм. Би яахав нутгийн ханшаар л өгчихдөг.
-Нутгийн ханш нь хэд байх уу?
-500-тай байгаад энэ жилээс буурчихлаа. Энэ жил бүдүүн адуу 500 болчихсон. МУ-ын Алдарт уяач Дамбын Баяраа бид хоёр чинь нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Баяраа тэр жил аавдаа зориулж суварга босгоод ард наадам хийсэн. Тэгээд мотоциклийн байтай дөрвөн насны морьдын уралдааныг хийсэн. Байны хоёр насыг нь Цэндоо гуайн хөгшин, хоёрыг нь аймгийн Алдартууд дааж том наадам хийж байлаа.
Тэр үед манай манай найз Баяндорж Дорнодоос нэг азарга авчихаад ерөөсөө давхиулж чадахгүй байсан юм. Өнөөх нь жоохон явж байгаад суучихдаг. Тэгээд дээрх уралдаанаас 10-н хэд хоногийн өмнө авчирч өгөхөөр нь би “миний хэлсэн юмыг сайн хийгээд байвал би уяж өгье. Миний үгэнд л сайн ороорой“ гэж тоглоом шоглоомоор хэллээ. Би ч хурдтайг нь бол мэдсэн л дээ. Өмнө нь Баян-Өндөрт гараад л хоёр, гурван км-т тасархай явж байгаад сууж байгаа юм.  Тэр үед хурдтай нь хурдтай юм. Гэхдээ бяр нь дутаад байна гэж харж байлаа. Ингээд би витамин тарьж, овъёосоор тэжээж, сүүлдээ гүүний саам ч өгсөн. Ингэж тэр наадамд гуравлуулсан юм. Тэгэхэд хоёр азарга уяж өнөөх нь түрүүлсэн. Баяндорж маань баярлаад хөөрсөн хүн намайг барьж авч үнсээд л. Тэр уралдаанд Завхан, Говь-Алтайн олон адуу ирсэн чансаатай уралдаан болсон.
-Сумын баяр наадмаас хэдэн айраг түрүүтэй вэ?
-Сумын баяр наадмаас 30-аад түрүү байна. Айраг түрүү нийлээд 60,70 гарсан байгаа.
-Эндээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн адуугаа онцлон сонирхуулаач?
-2007, 2008 оны үед би таван адуу уяж мордуулаад дөрөв нь түрүүлж, нэг нь аман хүзүүдсэн.  Миний амжилтын оргил жил байгаа юм. Тэр жил азарга, соёолон, даага, жороо морь түрүүлж, нэг даага аман хүзүүдсэн. Дараа жил нь найман даага уялаа. Тэгээд наадмаас өмнө болсон нэг хөгшний 70 насны ойн баяраар наймууланг нь явуулсан. Барианд ирэхэд дунд нь Норов гэж хөгшний даага гурваар ирж, бусад нь миний дааганууд орсон. Түрүү, аман хүзүү, дөрөв, тав, зургаа, долоо, найм гээд дараалаад ирж байлаа. Би хоёр гурван жил даага түрүүлгэж явлаа. Яаж ингэж даага сайн давхиулсан гэхээр ногоо идэхээс өмнө цагаан өвсөн дээр сургасны ач тус л гэж бодсон. Тэр үед чинь даага эрт сургадаггүй байлаа. Заавал тамир суулга байж сургадаг байсан юм. Харин би цагаан сар өнгөрөөгөөд л хоёр, гурван сард сургачихна, амар. Залуу ч байж, хүн гуйхгүй өөрөө л амжуулчихна.  Одоо нас 50 гараад явчихлаа. Хүн гуйх нь л болох нь дээ.
-Найман даагыг унах хүүхэд олдож байв уу?
-Олдолгүй яахав. Манайх дөрвөн хүүхэдтэй. Том гурав нь гурвуулаа даагаа уначихна. Тавыг нь хүний хүүхэд гуйж байгаад унуулчихна. Гэхдээ хүний нялх хүүхдүүдийг бас сургах ажил гарч байгаа юм. Эхэндээ аргадаад байсан үсэргээнээр л ойчно, эсвэл гутал нь сугараад үлдэнэ гээд асуудал гарна. Тэгэхээр нь өгсүүр ойрхон газар тарласан мөн л ганц нэг нь унаад болдоггүй ээ. Бүүр хүндрүүлээд сайран дунд тарлалаа. Тэгээд “та нар энэ рүү унавал толгойгоо хагална, аюултай” гэж аминдаа тулсан ер ажрахгүй хүрээд ирж байнаа. Ингэж сургаж уралдуулж байлаа.
-Та адуу малны наймаа сайн хийдэг бололтой. Танаас гарсан адуунууд хэр уралдаж байна вэ?
-Шинэжинст рүү нэг хээлтэй байдас зарсан. Төл нь ноднин даагандаа хоёр түрүү, гурван айраг авсан байна лээ. Бас Баацагаан руу зарсан хээлтэй гүүний төл бас сайн байна. Ноднин шигшмэл хурдад долоолсон. Энэчлэн гайгүй байгааг нь дуулаад баярлах л юм. 
-Та энэ хавьдаа даага 500-аар зарсан гэсэн. Тэд чинь яаж давхиж байна?
-Тэр жирийн дааганууд л даа. Адуужих гэсэн улсад охин голдуу дааганууд 700,800-аар зарж байсан. Цэцэн багийн нэг залуу хоёр сайн удамтай даага авмаар байна. Та ямар үнээр өгөхийн гэхээр нь саяас яриад 800 мянгаар өгч байлаа. Үүний сацуу олон ч хүнд адуу бэлэглэсэн. Би аавынхаа нэрэмжит дааганы уралдааныг зохион байгуулдаг юм. Жил бүрийн найман сард хийдэг. Бас Баян-Өндөрт ургийн наадмаа дөрвөн жилд нэг удаа хийнэ. Манай ах дүүсээс анхны ургийн баярыг зохион байгуулж байлаа. Энэ жил тов ёсоор ургийн баяр болно. Төрсөн ахын хүүхдүүд зохион байгуулж байгаа бөгөөд Баян-Өндөртөө дааганы уралдаанаа зохион байгуулахаар тохирсон. Энэ мэтчилэн өөрийн хэмжээнд морины төлөө зүтгээд л яваа гэж боддог ш дээ.
-Танай хүүхдүүд морь уяж байна уу?
-Морь уяхгүй ээ. Отгон хүү л морины сонирхолтой. Энэ жил аймгийн шилдэг унаач боллоо. Бага маань аавынхаа адуу малны ажлыг үргэлжлүүлэх байх гэж боддог юм. Өнөө хэд нь хотод ажиллаж амьдарч байна. Охин яахав мал төллөхөөр ирж тусалнаа.
-Та туслах малчинтай юу?
-Өөрөө одоохондоо амжуулна. Гэхдээ аймгаас нэг төлчин авсан. Маргаашнаас ирнэ.
-Таны адуу хэд хүрч байна?
-Ноднин уржнан хүртэл адуугаараа тэргүүлдэг байлаа. Харин одоо гуравт явж байна. Дөчин хэдэн адуутай байхаасаа сумандаа тэргүүлсээр ирсэн. Одоо би 100 гаруй адуутай.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Молор эрдэнэ морины босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна