Сумын сайн малчин Д.Батмөнх: Хязаалан үрээ сумандаа гуравлуулж анхны айргаа амсаж байлаа

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 15 -нд

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул, сумын сайн малчин Д.Батмөнхтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдэн онд сумын сайн малчин болж байсан бэ? Таван хошуу малаа бүгдийг нь маллаж байна уу?
-2012 онд таван төрлөөр малаа сайн өсгөж, сумынхаа сайн малчин болж байлаа. Түүнээс хойш энэ амжилтаа ахиулахын төлөө хичээн ажиллаж байна. Ноднин хонь, ямаа голдуу 900 гаруй толгой мал тоолууллаа. Үүнд адуу 100 гаруй бий.  Жилдээ дөчөөд унага, 400-500-гаад хурга ишиг, 30-аад тугал бойжуулдаг юм. Харин тэмээний хувьд сүүлийн хэдэн жил цөөрөөд байгаа нь тун харамсалтай. Тэмээг ачилга уналганд л голдуу хэрэглэдэг байснаа больсон болохоор өсгөхгүй байх шиг байна. Уг нь төр засгаас дэмжээд нэг ботгонд 50 мянган төгрөг өгөхөөр болсон ч үр дүн нь харагдахгүй л байх шиг байх юм.
-Адууныхаа тоо толгойг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
-Анхааралгүй яахав. Адууныхаа чанарыг сайжруулахын тулд гаднаас хурдан удмын үрээ, байдас нэлээн цуглуулаад байгаа шүү. Сүүлийн үед манай Баян-Овоогийнхон шинэ монгол адуугаар адууныхаа цусыг сэлбээд л байна. Би ч гэсэн олны жишгийг дагаад сэлбэнэ дээ. Одоо ч шинэ цагийн адуу, тэжээл гэдэг үг шинэ содон зүйл байхаа больж байх шигээ. Миний хувьд хүн амьтнаас асууж сураад сүүлийн нэг, хоёр жил тэжээж үзлээ. Ногоон бордоо, хивэг, овъёосыг түлхүү хэрэглэж байгаа юм. Харж байхнээ цагаан өвсний адууг бодвол тамир тэнхээ арай л илүү байдаг бололтой.
-Хэзээнээс хурдан морины уяа сойлго тааруулж байгаа вэ?
-Би чинь удам залгасан уяач. Миний аав адуучин, аймгийн Алдарт уяач хүн явлаа. Насаараа хурдан тууртын дэл сүүл боосон аав минь 77 хүрч бурхан болсон.  Хэнтий аймгийн Салтаа Сэдэд гуайн адуунаас манай нутгийн өвгөн хонгор халзан үрээ, хүрэн халзан үрээ авчирсан юм гэнэ лээ.  Харин аав хонгор халзан үрээг нь авч азарга тавьсан нь манай адууны нэг хэсэг болсон юм. Энэ азарга өөрөө хурдан байгаад зогсохгүй төлүүд нь ч сайн давхисан. Хонгор халзан сумандаа яг л айргийн таваар ордог байсан сонин түүх бий. Нэг л удаа гуравласан байдаг юм. Үүнээс үүдээд Тавын халзан нэртэй болж байлаа.  Ийнхүү хурдан тууртын уяа сойлго тааруулах аавыгаа дагаж хойно, урд нь гүйсээр моринд орсон хүн дээ, би.
-Хонгор азарга  яагаад дандаа л тавлачихдаг байсан юм болоо?
-Тэр үед Цэнджавын хээр, Жигжидийн хүрэн, Батзандангийн саарал гээд сум орондоо нэртэй хурдан хүлгүүд байж. Аргагүй хурдан адуунууд байсан шиг байгаа юм. Би бага байсан болохоор сайн мэдэхгүй. Ямартаа ч тэр халзан азарганы төл хонгор морь хязааландаа суманд км хэртэй хол түрүүлж байсан гэнэ лээ. Бас 1987 онд Бэрхийн авто баазын ойгоор аман хүзүүдэж байсан. Сүүлд би 11-12 нас хүрээд аавынхаа хонгор морь, ухаа халзан азарга, хоёр хүрэн азаргыг нь унаж уралддаг байлаа.  Гэхдээ аав маань нэгдэл нийгмийн үед нэгдлийн мал хариуцдаг байсан болохоор сумандаа л одтой сайхан наадчихдаг байв.
-Таны хувьд уяачийн гараагаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Би есдүгээр ангиа төгсөөд л мал дээр гарсан. Тэр үед аав маань дэргэд байсан болохоор алдахад түшиж, оноход урмын сайхан үгээрээ мялаадаг байлаа. Ингээд 1995 оноос бие даан морь уях болж, түүнээс хоёр жилийн дараа хязаалан үрээ сумандаа гуравлуулж анхны айргаа амсах нь тэр. Тэгэхэд аав маань “миний хүү болж байна. Хойч үедээ илүү сайн уяарай” гэж захиад, надаас дутахааргүй их баярлаж билээ.
-Түүнээс хойш хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-2001 онд хүрэн азаргаа айргийн таваар хурдлуулснаас хойш хэсэг хугацаанд айраг түрүү тасарсан нь бий. Харин  хоёр, гурван жилийн өмнөөс уясан морьд ганц нэг айрагдаж эхлээд байгаа нь урам нэмээд байгаа. Гэхдээ сүүлийн үед л уралдаан олон болчихоод байгаа болохоос биш зундаа  ганц нааддаг байлаа шүү дээ. Ноднин сумын 90 жилээр дааганаас бусад насыг уяж мордуулаад хээр морио тавлууллаа. Үүний урд жил бас тавлуулаад байсан юм. 90 жилээр азарга арван хэдээр, шүдлэн наймаар ирсэн. Насныхаа залууд сумаасаа гарч аймаг, бүсэд гарч морьдоо уралдахын тулд хичээгээд л явна.
-Залуу уяачийн уяаны ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна