Сумын Алдарт уяач А.Лхагвасүрэн: Аав минь үр хүүхэд бидэндээ хурдан удмын сайн адуу бэлдэж өвлүүлсэн

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 28 -нд

Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, сумын Алдарт уяач Александрын Лхагвасүрэнгийн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Удамт уяачийн түүх уралдаанчаас эхэлсэн байх. Хэдтэйгээсээ хурдан морь унасан бэ?
-Таван настай унаа морь унаж сураад, зургаатайгаасаа эхлээд хурдан морь унасан. Анх аавынхаа өвгөн хээр морийг унаж сумынхаа аман хүзүүнд хурдлуулаад, Сундуй ахынхаа зээрд азаргыг түрүүлгэж байлаа. Мөн даага бас түрүүлгэж байсан. Мөн аавынхаа хурдан шарга морийг унаж өвлийн уралдаанд аман хүзүүдүүлж, таваар давхиулж байсан. Одоо амжилтаа нэг бүрчлэн санахгүй байнаа. Ямар ч байсан долоо, найман жил хурдан морь унахдаа гайгүй сайн л гэгддэг байсан. Намайг морь унадаг байхад манайх улсын наадамд явж байгаагүй. Архуст, Баяндэлгэр зэрэг тойргийн сумдын наадамд очдог. Одоог бодвол наадам ч цөөн болдог байлаа даа. Тэгээд 13-ны жил ороод мориноос хасагдаад аавдаа туслан морь уядаг болсон доо.
-Хэдий үеэс Лхагвасүрэнгийн нэртэй морьд түрүүлж, айрагдах болсон бэ?
-2008 онд анх сумынхаа наадамд соёолон морь айргийн гурваар давхиулж байлаа. Аавтайгаа зөвлөж уясан л даа. Тэгээд намар нь 9 сарын 1-нд даага айрагдуулснаас хойш жил алгасалгүй морь уяж таван түрүү, арав гаруй айраг хүртэн сумын Алдарт уяач цол хүртээд байна. Энэ бол аав минь үр хүүхэд бидэндээ хурдан удмын сайн адуу бэлдэж өвлүүлэн үлдээсний буян.
-Улсад түрүүлсэн хүрэн азарганы  удмаар наадаж байна уу?
-Тиймээ, хүрэн азарганы охин төлийн төлөөр наадаж байна.Над сайхан цавьдар морь бий.Тэр маань суманд хоёр түрүүлж, долоо айрагдсан.
-Урмаар тэтгэн хурдалсан удамт хүлгүүдээ танилцуулаач?
-Хул азарга маань байна. Хүргэн ах Мэндсайханаасаа Сүхбаатарын Асгатаас ирсэн унагатай гүү авч байсан юм. Хул азарга маань даагандаа сумын наадамд 18, шүдлэндээ 21, хязааландаа 13-т  тус тус давхиад  соёолон хавраа айрагдаад, зунаа долоолж байсан. Хавчиг азарга сумынхаа наадамд айрагдаад, долоотой азарга хаврын уралдаанд түрүүлж, Баянжаргаланд очиж дөрөвт  давхиж байлаа. Ноднин Багануур, Бага Хэнтийн зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт  давхисан.
Архуст, Баяндэлгэр, Баян сумдын 90 жилийн ойд айрагдаад Атарт түрүүлсэн. Энэ жил 12 настай. 14 медальтай.
-Төл нь ч уралдаж байгаа байх?
-Хүрэн азарганыхаа удмын гүүнүүдээс хураалгасан. Төлүүд нь арав дотор л давхиж байна.
-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн чансаа өндөр нь хэдэн оны ямар наадам байсан бэ?
-Баян сумын 90 жилийн ой юмуу даа. Шарга азаргатайгаа очоод таваар давхиулж айрагдуулсан. Баян сум эртнээсээ хурдтай. Төрийн наадмын түрүү олон сайхан хурдан хүлгүүд төрсөн нутаг. Тэр утгаараа олон газрын уяачид ирж наадсан. Азарганы уралдаанд Манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы Сүмбэн зээрд түрүүлээд, миний шарга аман хүзүүнд явж байгаад тавласан.
-Аймгийнхаа наадамд оролцож байсан уу?
-Наадаж байсаан. Цавьдар морь маань 11, хул азарга маань 15-аар  давхиж байлаа.
-Морь түрүүлж, айрагдахад уралдаанч хүүхдийн авхаалж самбаа хичээл зүтгэл ихээхэн чухал. Өөрийн хүүхдүүд унаж байна уу?
-Би хоёр хүүхэдтэй. Нэг нь дөрөвтэй, нөгөө нь хоёртой. Одоохондоо хараахан морь унаагүй л байна. Томроод унах байхаа. Одоогоор айлын хүүхэд гуйж морио унуулдаг.Адуу, хүүхэд, уяач гурвын хийморь цогцолж байж морь давхидаг юм гэнэ лээ. Тийм болохоор аль болох сайн хүүхдээр  унуулахыг хичээдэг дээ.
-Залуу уяачийн цаашдын ажил үйлст амжилт хүсээд ярилцлагаа өндөрлөе. Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Та бүгдэд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна