“Сопоко” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Манлай: Бид “малчдын мөрөөдлийг биелүүлнэ” гэсэн уриатай ажилладаг

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 11 -нд

Харьцангуй шинэ технологи. Гэхдээ бид 20 жилийн баталгаа амласан” гэх итгэл дүүрэн залуутай ярилцлаа. Энэ бол “Хот айл” брэндээрээ зах зээлд танигдсан “Сопоко” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Манлай юм. Тус компани малчдад зориулсан цуврал брэндүүдээрээ хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээгээд байгаа билээ.
-Малчдын, манай уншигчдын талархалт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэгчтэй уулзаж буйдаа таатай байна. Компанийнхаа талаар товч танилцуулаач?
-Манай компани 2011 онд үүсгэн байгуулагдсан. 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний аж ахуйн нэгж. Нүүрсний үнийн өсөлт нөгөө талдаа сэргээгдэх эрчим хүчээр тог цахилгаанаа шийдэх хүсэлтэй орон зай, зах зээлийг болгож байгаа хэмээн тооцоолсон хэрэг л дээ. Тэгээд тоног төхөөрөмжөө худалдаж аваад Монголдоо нарны дэлгэц үйлдвэрлэж эхэлсэн.  Гэвч борлуулалт бидний бодож байсан хэмжээнд хүрээгүй. Зах зээлийн судалгаа явуултал нарны дэлгэцийг хамгийн өргөн хэрэглэдэг аж ахуйн нэгж нь үүрэн телефоны операторууд, хүмүүс нь малчид болж таарсан. Ингээд дээрх хоёр зах зээлдээ зориулан маркетингийн бодлого боловсруулж  үүрэн телефоны оператор компаниудад хамтран ажиллах хүсэлт илгээсэн. Тэр дагуу одоо хүртэл бидэнтэй хамтран ажиллаж байгаа компани бол үндэсний оператор Жи Мобайл. Харин нөгөө сегмент  болох малчдадаа зориулан тусгай брэнд үүсгэн тэр маань амжилттай явж байна.
-”Хот айл” брэнд  байх нь?
-Тухайн үед зах зээлд гарчихсан байсан ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг судалж үзээд маркетинг өрсөлдөөний стратеги боловсруулж “Хот айл” хэмээн нэрийдэхээр шийдсэн юм. Яагаад энэ нэрийг сонгосон бэ гэхээр манай тэр том хөлдөөгчийг хот айл дундаа хэрэглэж болохоор  зайтай. Гурван хонины мах гулуузаараа багтана гээд рекламддаг байсан шүү дээ, санаж байгаа бол. Энэхүү маркетинг маань ч гэсэн хүмүүст хүрч ижил төрлийн бүтээгдэхүүнтэй үнийн хувьд ойролцоо хэрнээ зай томтой хэмээн олзуурхаж байсан. Одоо ч ялгаагүй малчдын талархалт бүтээгдэхүүний нэг.
-Хэрэглэгчид нь ам сайтай байдаг юм билээ?
-2014 оноос хойш бид бүтээгдэхүүнийхээ төрлийг олшруулж  хэд хэдэн шинэ брэндийг бий болгосон. Ингэхдээ мөн л малчдынхаа ахуй амьдралын хэв маягийг тооцож үзсэн. Монголчууд оршин байгаа газар орноосоо шалтгаалаад амьдралын хэв маяг нь ч харилцан адилгүй өөр. Жишээлбэл хангайн айлууд чандмань хэлбэртэй гурван гэрээрээ буудаг бол говийн айлууд гол төлөв ганц нэгээрээ байдаг. Ганц айлд “Хот айл” брэндийн хөлдөөгч нүсэр санагдаж болно шүү дээ. Тэгвэл тэдэнд зориулсан авсаархан хийгээд үнэ хямд нүүдэл суудал хийхэд төвөг багатай хэмээн тооцоолж “Оторчин” брэндээ худалдаанд гаргасан. “Оторчин” хөлдөөгч  үнийн хувьд хямдхан бөгөөд залуу гэр бүлийн хурим найр зэрэгт бэлгэнд өгөхөд тохиромжтой. Бас л гарсан цагаасаа эхлээд малчдын талархлыг хүлээж байгаа манай шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэг.
-Хамгийн том болон хамгийн жижиг хөлдөөгчийг бүтээжээ дээ?
-Тиймээ. Энэ жил буюу 2016 онд бид “Нүүдэлчин” багцыг худалдаанд гаргасан. Энэхүү багц нь дундаж хэрэглээтэй хүмүүст зориулсан. Өөрөөр “Хот айл” томдоод “Оторчин” багадах хэрэглээтэй айлд зориулсан.
-Хэдэн гулууз мах багтах вэ?
-Хоёр гулууз мах багтана.Үнийн хувьд ч гэсэн нөгөө хоёрынхоо дундаж ханштай. Бидний бүтээгдэхүүнүүд хэрэглэгчийн талархлыг хүлээж амжилтанд хүрч байгаагийн бас нэг хүчин зүйл бол Монголдоо үйлдвэрлэсэн баталгаат толийг дагуулдаг.
-20 жилийн баталгаа гэдэг үг чихний хажуугаар өнгөрөх боломжгүй л дээ. Энэ баталгаа одоо ч хүчинтэй юу?
-Тэгэлгүй яахав. 20 жил хүчинтэй. “Хот айл” брэнд зах зээлд амжилт олмогц өрсөлдөгч компаниуд  маань дуурайхыг оролдсон. Гэвч толиных нь хүчин чадал хүрэлцэхгүй амжилт олоогүй л дээ. Нарны толийг зах зээлд нийлүүлэх маркетингаа боловсруулж байхдаа хүн цочирдох хэмжээний зүйлийг санал болгох ёстой гэсэн бодолтой байсан. Тэгээд судалж эхэлсэн л дээ. Хамгийн эхлээд Нарантуул зах дээр нарны толь зарж байгаа хүмүүсээс асуусан ямар хугацаатай баталгаа өгдөг юм гэсэн. 1 сар, 3 сар, 6 сар гэж хариулсан. Гэтэл Америкт 10, 20, 25 жилийн баталгаа өгдөг юм байна. Нарны толь буюу дэлгэц бол харьцангуй залуу технологи  шүү дээ. Хамгийн эхнийх нь 35 жил болж байх жишээтэй. Тэд нар нь одоо хэр нь ямар ч асуудалгүй ажиллаж л байгаа гэнэ. Тиймээс бид ярилцаж байгаад 20 жилийн баталгаа амлахаар шийдсэн. Зар сурталчилгаа явсан даруйдаа хүмүүст хүрч “20 жилийн баталгаа өгдөг газар байдаг юмуу. 20 жилийн дараа асуудал гарвал ирээд солиулж болох уу” гээд л асууж эхэлсэн. Ингэж асуух нь аргагүй л дээ. Захаас авсан баталгаагүй дэлгэц нь хоёр жилийн дараа паг суучихдаг. Харахад зүгээр хэрнээ  цахилгаан гаргахгүй. Шинийг авахаас өөр аргагүй болно. Тэгээд л хоёр долоо хоногийн дотор дэлгэцүүд маань дуусчихсан. Эхний 70 дэлгэц авсан хүмүүстээ бид өөрсдөө эвдсэн байсан ч нэг удаа үнэгүй сольж өгнө гээд амлачихсан юм. Гэтэл дэлгэц маань төлөвлөж байснаас богино хугацаанд зарагдаад хаа холоос зорьж ирсэн хүмүүс  олон тоогоор хийхгүй гээд бухимдаж зэмлэж байсан удаатай.
-Эхний 70 дэлгэцнээс ирсэн үү?
-Хоёр жилийн хугацаанд ганц нэг хүн солиулсаан. Дээгүүр нь машин гарчихлаа, мотоцикльтой хүн дайрчихлаа, салхинд савчихлаа гээд ирсэн хүмүүсийн дэлгэцийг бид амласан ёсоороо үнэгүй сольж өгсөн. Яг үнэндээ анх тэгж амлаад, эргэлзэж байсан юм билээ. Тэгээд солиод өгөхөөр нутаг усандаа очоод орсон гарсан бүгдэд ярьдаг бололтой. Түүнийг нь сонсоод дараагийн худалдан авагч хүрээд ирдэг.
-20 жилийн баталгаа гэдэг нэг талаасаа маркетингийн бодлого хэдий ч нөгөө талаараа та бүхэн бүтээгдэхүүнийхээ чанарт тийм хэмжээний итгэл үзүүлдэг гэсэн үг биз?
-Тэгэлгүй яахав. Манай бүтээгдэхүүнүүдийн чанарт эргэлзэх хэрэггүй.
-Хөлдөөгч гурван төрөл байна. Толины тухайд...?
-Манайх гурван төрлийн л толь үйлдвэрлэдэг. 85 вт чадалтай хамгийн жижиг толио бид “Оторчин” багцандаа тавьж өгдөг. 150,160 вт-ын чадал гаргагч дунд зэргийн толио “Нүүдэлчин” болон “Хот айл” багцандаа тавьж өгдөг. Хамгийн том буюу 260-270 вт-ын хүчин чадалтай толио дээр ярьсан үүрэн телефоны оператор компаниудад санал болгодог. Нэг үеэ бодвол малчид маань цахилгаан эрчим хүчээр хангагдаж гэрээсээ утсаар ярьдаг болж. Малчдаа ийнхүү цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж техник, технологийн дэвшлийг мэдрэх боломжийг олгоход хувь нэмрээ оруулдагтаа манай компанийнхан сэтгэл хангалуун байдаг шүү. 
-Юнител компанитай хамтардаг уу?
-Хамтран ажиллах санал хүргүүлсэн. Одоогоор хараахан хамтарч ажиллаагүй байна.
-Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Баянзүрхийн хонхор хэмээх газар манай эгчийнх нутагладаг. Урд талын уулан дээр нь юнител компанийн станци суурилагдаж тэр хавийнхан гар утасны сүлжээтэй болсон юм. Зун ямар нэг доголдол үүсдэггүй байснаа сэрүүсэх тусам сүлжээ нь унаж одоо өдөр 1-4 хооронд л ярих боломжтой болсон. Учир мэдэх хүмүүс нарны тусгал бага байгаа учраас толь нь гүйцэд цэнэг авч дийлэхгүй байна хэмээн тайлбарласан байна лээ. -Жи мобайлийн сүлжээ хаанаас ч барьдаг нь толины чанартай холбоотой байх нь ээ?
-Тэгж хэлж болноо. Манайх толио нарны тусгал хамгийн бага  байдаг 1-2 сарын тооцооллоор хийсэн. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сард л ажиллаж байвал бусад саруудад ямар нэг асуудал үүсэхгүй гэсэн үг. Жи мобайлийн сүлжээнд ямар нэг доголдол гардаггүйд мэдээж манай толины хүчин чадал нөлөөтэй. Дээр нь бид тооцоон дээр нь зөвлөгөө өгдөг.
-Та түрүүн нарны толь бол харьцангуй залуу технологи гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Малчид хэрэглэгчид толиныхоо насыг уртасгахын тулд юун дээр анхаарах ёстой вэ? Өөрөөр хэлбэл зөв ашиглах зөвлөмжийг хүргээч?
-Манай компанийн бодлого үйл ажиллагааны томоохон хэсэг нь энэ. Бид манай компанийн толийг аваач гэхээсээ илүү хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ гэдэг талаар зөвлөмж мэдээлэл хүргэдэг. Малчдын хийдэг нэг номерийн алдаа бол цахилгааны холболт. Утас кабелиудаа дутуу чангалснаас болоод дэлгэц шатахаас эхлээд гал түймэр гарах аюултай. Саяхан манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг нэгэн айлын гэр шатсан харамсалтай хэрэг гарлаа. Бид нар ослын газар Онцгой байдлынхантай хамт очиж үзлээ. Гэтэл саяын хэлсэнчлэн цахилгааны холболтоо буруу, дутуу хийснээс болж гал гарсан байх жишээтэй. Хэдийгээр нарны дэлгэц, хөлдөөгч 12 вт нам хүчдэлээр ажилладаг хэдий ч цахилгааны гүйдэл утсыг буруу холбовол гүйдэл өндөрсдөг. Өөрөөр хэлбэл хүчдэл буурахын хэрээр гүйдэл өндөрсдөг урвуу хамааралтай. Тиймээс малчид хэрэглэгчид та бүхэн тольтой холбосон утсаа гэрлүүгээ оруулахдаа хүүхэд хүрэхээргүй буюу орон доогуураа, эсвэл мухарт байрлуулах хэрэгтэй. Мөн утасныхаа бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж хэвших хэрэгтэй. Холболт буюу монтажны тухайд ийм байна. Дараагийн гаргадаг түгээмэл алдаа бол цэнэглэлт. Өдрий турш нараа дагуулж цэнэглэх ёстой байтал мартчихдаг. Энэ нь аккумляторын насыг богиносгодог. Аккумлятор дотор тодорхой хэмжээний химийн урвал явагдаж байдаг. Цэнэгийг бүрэн дуусгах эсвэл хэтрүүлэн цэнэглэж буцалгах бүрт урвал явагдаж ууршиж байдаг. Үүнээсээ болоод аккумлятор дахин бүрэн цэнэгээ авахаа болино. Өөрөөр хэлбэл эхний удаад нам суулгахад цэнэгийн багтаамж нь 95 хувь хүртэл буурна. Ахиж яаж ч залгаад 100 хувь болохгүй. Хоёр дахь удаагаа цэнэгийг бүрэн дуусгахад 85 хувь хүртэл буурах жишээтэй. Энэ мэтчилэн буурсаар сүүлдээ цэнэгээ хадгалахаа болино. Зүй нь аккумляторын цэнэг 30 хувьд хүрмэгц унтрааж байх ёстой.
-30 хувьд хүрснийг хэрхэн мэдэх вэ?
-Тусгай хянагч төхөөрөмж бий. Цэнэг 30 хувьд хүрэх буюу дүүрч 100 хувьд хүрмэгцээ автоматаар салдаг. Өөрөөр хэлбэл таны аккумляторт таны өмнөөс санаа тавина гэсэн үг. Харамсалтай нь малчид хамгийн гол хэрэгцээт энэхүү төхөөрөмжөө тэр болгон авдаггүй.   
-Үнэтэй юу?
-60 болон 100 мянган төгрөгийн үнэтэй хоёр төхөөрөмж бий. Хамгийн гол нь хянах төхөөрөмжтэй аккумлятор 4-5 жил ашиглагддаг. Ингэж тооцож үзвэл хэд дахин хэмнэх боломжтой. 
-Нарны толь 20 жилийн баталгаатай. Бусад нь...
-Хөлдөөгч, аккумлятор, хянахдаа нэг жилийн баталгаат хугацаа өгдөг. Баталгаат хугацаандаа оношлогоо, үйлчилгээ үнэ төлбөргүй.
-Малчдад зориулсан бас нэгэн шинэ  бүтээгдэхүүн гаргасан гэсэн. Түүнийгээ танилцуулаач?
-Малчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн цаг завыг нь хэмнэж, хөдөлмөрийг нь хөнгөвчлөх зорилготойгоор гаргасан дараагийн бүтээгдэхүүн бол айрагны автомат бүлүүр. Аккумлятортой залгаад 30 минут айргийнхаа саван дээр барихад л хангалттай. Айргийг бүлэхэд хоёр төрлийн процесс явагдаж байдаг. Нэг нь агаартай урвалд орох. Нөгөө нь хүчтэй цохих хөдөлгөөнөөр тосыг нь ялгах. Энэ хоёр процессийг зэрэг хийх боломжтой автомат бүлүүр маань мөн эрэлт ихтэй байгаа. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр айрагны чанар сайжирч, малчдын өрхийн орлого нэмэгдэж байгаа. Богино хугацаанд эцсийн бүтээгдэхүүн болгоод хот хүрээ рүү нийлүүлснээр ашиг орлого нэмэгдэх нь ойлгомжтой шүү дээ. Бүлүүр авсан нэг айл жилдээ нэг портерын ашигтай ажиллаж байна гээд баяртай байна лээ. Бидний хувьд хэрэглэгчдийнхээ сэтгэл хангалуун байдлыг харах таатай байдаг.
-Сонсож буй надад ч гэсэн таатай л байна?
-Манай компани хэрэглэгчдийнхээ санал сэтгэгдлийг их сонсдог. Жишээ нь компанитай холбоо барих хэсэг дээр хамгийн түрүүнд миний өөрийн дугаар байдаг. Ажил ихтэй байдаг  ч малчдын дуудлагыг төвөгшөөлгүй авч санал хүсэлтийг нь сонсон түүнийг нь аль болох хэрэгжүүлдэг. Энэ бол биднийг сонгодог бас нэгэн давуу тал. Өөрөөр хэлбэл хэрэглэгч шууд шийдвэр гаргах түвшний хүнд хандаж санал гомдлоо хэлэх боломжтой. Бусад компаниуд ихэнхдээ менежерийнхээ дугаарыг тавьсан байдаг шүү дээ.
-Уяачдын талархалт бүтээгдэхүүн уралдааны улаан Хондаг хэзээнээс зах зээлд нэвтрүүлсэн бэ?
-Энэ бол ашиг орлого гэхээсээ илүүтэй нийгмийн хариуцлага гэдгээ хүлээн зах зээлд борлуулж байгаа бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл бусдын адил хурдны замын мотоцикль оруулж ирдэггүй. Манай замын нөхцөлд нийцэхгүй тэдгээр мотоциклийг унаад аваар осолд орж байгаа тохиолдол цөөнгүй байна. Тиймээс бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж малчдадаа найдвартай тээврийн хэрэгсэл нийлүүлэхийг зорьсон. Манайд дөрвөн саяар зарагдаж байгаа энэ мотоцикл Шинэ Зеландад гэхэд монгол төгрөгөөр найман сая байх жишээтэй. Уяачдын хэлдгээр уралдааны улаан Хонда нь эдэлгээ даах чадвар өндөр, шатахуун зарцуулалт бага. Дээр нь унахад зөөлөн. Өөр нэгэн давуу тал нь хайлшин бус төмөр хигээсэн обуд. Хайлшин обуд нь хурдны буюу бартаагүй замд зориулагдсан. Хад чулуу мөргөх зэрэг саад тулгарахад цохилтын хүчийг даахгүй хагарч осол аваар гаргах эрсдэлтэй. Харин төмөр хигээсэн обуд бол гулзайгаад л өнгөрнө. Тэгэхээр аюулгүй байдал талаасаа бас давуу. Сумын эмч нар сүүлийн жилүүдэд малчид бөөр, нуруу, түрүү булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвдөх нь ихэсч байна гэсэн мэдээллийг өгч байгаа. Энэ нь хатуу мотоцикль удаан хугацаагаар унаж бөөр нуруугаа байнга доргиож байсантай холбоотой гэдгийг үгүйсгэдэггүй шүү дээ. Малчдын өөрсдийнх нь яриагаар хямд үнэтэй хятад мотоциклийг нэг жил унадаг.Тэгвэл манайхаас санал болгож буй  япон мотоциклийг таван жил унана. Ингээд тооцож үзвэл харин ч илүү хямд тусч болох юм.
-Гарааны хурд сайтай гэлцэх юм билээ?
-Мотор нь хүч сайтай, тэсрэлт сайн авдаг. Дээр дурдсан давуу талуудыг мэддэг болсноос хойш уяачид, уралдаан зохион байгуулагсад бай шагналд их авдаг болсон. Жишээлбэл өнөө жил манай уяач өндөр амжилт гаргаж, морьдоо сайн уялаа  сайн мотоциклиор шагная гээд ирж байгаа нэг хэсэг байхад уяач маань танай мотоциклийг л сайн гээд байна гэж ирэх өөр нэг хэсэг байна.
-Малчдын орлого улирлын чанартай. Танайх төлбөрийн тухайд ямар нөхцөлтэй вэ?
-Тэр тал дээр их уян хатан бодлого баримталдаг. Бэлнээр болон урьдчилгаа төлбөргүйгээр “Хаан”, “Төрийн банк”-ны лизингээр авч болно.
-Орон нутагт гэрээт борлуулагч бий юу?
-Одоогийн байдлаар Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дундговь, Дархан, Сэлэнгэ зэрэг найман аймагт гэрээт борлуулагчтай болж, хотынхоо үнээр борлуулж байгаа. Баталгаат хугацаанд доголдол гарвал гэрээт борлуулагчаараа дамжуулаад засуулж болно. Алсдаа бүх аймагт гэрээт борлуулагчтай болохоор зорьж байна.
-Монгол ахуй соёлоо тээж яваа малчдад санаа тавьдаг та бүхэнд талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа. 
-За баярлалаа. “Сопоко” компани “Малчдын мөрөөдлийг биелүүлнэ” гэсэн уриатай ажилладаг. Урьд  өмнө бүтэхгүй мэт санагдаж байсан олон зүйлс ойрын үед биеллээ олох болно. 2017 онд ч гэсэн шинэ шинэ бүтээгдэхүүнүүд  та бүхнийг хүлээж байгааг дуулгах таатай байна.

Б.Эрдэнэсүрэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.