Бичигтийн боомт дээр байгаа 800 адууг буцааж татна

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 08 -нд

Адууг  амьдаар нь экспортлохыг түр зогсоох шийдвэрийг ХХААХҮЯ-аас гаргасан. Үүнтэй холбоотой асуудлаар өнөөдөр ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн, Шадар сайдын А.Үйлстөгөлдөр, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар мэдээлэл хийлээ.
2008 оноос хойш Хятад улс руу адууг амьдаар нь экспортолж эхэлсэн бөгөөд жилдээ 3-7 мянган адуу экспортолж байгаа ажээ. Гэтэл хүйтэн сэрүүний улиралд адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй тууж, зарим үед адууны нүд хөлдөх, турж эцэх зэргээр асар их зутардаг байна. Тиймээс адууг амьдаар нь экспортлох шийдвэрийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл түр зогсоожээ.
Мөн одоогоор Бичигтийн боомт дээр 800 гаруй адууг экспортлохоор аваачсан байгаа бөгөөд эдгээр адууг экспортод гаргахгүй, буцаж татах шийдвэрийг гаргаж, холбогдох байгууллагад үүрэг өгсөн байна.
Энэ талаар МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд амьд адуу экспортлох зөвшөөрлийг түр зогсоосон шийдвэр гарсан байсан. Бичигтийн боомт дээр байгаа 800 адуу бол шийдвэр гарахаас өмнө экспортлох зөвшөөрлөө авчихсан байсан аж ахуй нэгжүүдийг адуу байгаа юм. Тэр аж ахуй нэгжүүд адуугаа хоёр, гурав хоногийн дотор гарчих байх гээд машин дээрээ байлгасан гэх мэдээлэл байна.
Энэ асуудлыг холбогдох газруудаар нь шалгуулна” гэв. Дашрамд дурдахад, адуу экспортолдог аж ахуй нэгжүүд нэг адууг малчдын гар дээрээс 400-500 мянган төгрөгөөр авч хилээр гарган зарахдаа нэг сая төгрөгөөр зардаг байна.
Түүнчлэн үржүүлгийн чиглэлээр адуу экспортлох зөвшөөрлийг хэвээр үлдээсэн бөгөөд жилд үржүүлгийн чиглэлээр 100 орчим адуу экспортолдог байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна