Сумын Алдарт уяач Н.Анхбаяр: Аварга халтар тав түрүүлж, арав айрагдсан адуу

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 01 -нд

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Анхбаяртай цөөн хором ярилцлаа. Удам дамжсан залуу уяач 2011 оны сумынхаа шилдэг уяачаар шалгарч байсан бөгөөд түүний эцэг Няммөнхийн Аварга халтар морь сумандаа тав түрүүлж, арав айрагдаж байсан хурдан буян юм. 
-Аавын тань Аварга халтар Тосонгийн нэрлэгдэх адуунуудын нэг юм байна. Ер нь ямар амжилт үзүүлсэн хүлэг юм бэ?
-Сумынхаа баяр наадамд тав түрүүлж, арав айрагдсан дурсагдахгүй байхын аргагүй хурдан хүлэг байгаа юм.  Халтар морь манай аавын унаган адуу. Шүдлэндээ дөрөвлөөд, хязааландаа түрүүлж, соёолондоо аман хүзүүдэн, хавчигтаа болон түүний дараа жил арав гаргаж давхисан. Харин түүний дараа жил нь гурвалж, сумынхаа 70 жилийн ойгоор дахин түрүүлэн, 1974,75,76,77 онуудад завсаргүй дөрөв түрүүлсэн. Сүүлд бас нэг гурвалсан гэдэг юм. Халтар морины төрсөн дүү бас нэг бор морь бий. Бор морь соёолондоо түрүүлж, бүдүүрсэн хойноо буюу 2001 онд дахиад нэг түрүүлсэн.  Удам дагаж хурдалсан сайхан буянгууд байгаа юм. Аав маань энэ сайхан буянгуудынхаа ачаар сумын Алдарт уяач цолыг хүртсэн.
-Алдартыг удмыг залган уяа эвлүүлж буй хэдэн хүн байна?
-Бид эцэг эхээсээ гурвуулаа, би ууган хүү нь. Манай ээжийн талынхан бас морь мал уядаг. Тэдний маань нөлөө ч гэсэн бас байдаг байх. Нагацууд маань сумынхаа наадамд олон морь шөвгөрүүлж байсан хүмүүс. Ийм сайхан энергитэй хүмүүсийн дунд байдаг болохоор би 2001 оноос эхлэн бие даан морь уяж байна. 2006, 2007 оны сумын наадмаас тус тус нэг айраг авсан. 2006 онд хүрэн хязаалан тавлуулж, 2007 онд халтар шүдлэн дөрвөөр давхиулсан. Харин 2009 онд хээр морь түрүүлсэн. 2012 онд хар азарга маань сумынхаа наадамд гурвалсан. Товчхондоо морь уяснаасаа хойш сумынхаа наадмаас нэг түрүү, таван айраг хүртээд байна. Цаашдаа адуугаа сайжруулж улам сайн уяна гэж бодож байгаа.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа

"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна