“Хурд Боржигон” МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач С.Алтанхуяг: Дэг журам, ёс жаягтай сайхан наадмыг хэвшил болгохоор хичээж байна
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат, “Хурд Боржигон” МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Сандагдоржийн Алтанхуягтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- “Хурд Боржигон” МСУХ үүсгэн байгуулагдсан түүхээс яриагаа эхэлье?
- Баянтал сум 1994 онд байгуулагдсан Монгол улсын отгон сумдын нэг. Тиймдээ ч уяачдын холбоо хожуу 2001 онд байгуулагдсан. Хэдийгээр отгон сум 10 хүрэхгүй уяачтай ч нэгдэн нийлж, холбоо байгуулаад тэргүүнээр тухайн үеийн Засаг дарга Гантөмөр, нарийн бичгээр Боржигоны өв соёлын талаар хамгийн сайн мэдэх Ганхуяг сонгогдон ажиллаж байлаа. Би 2002 онд Баянтал суманд ажиллахаар ирсэн. Харин 2003 оны уяачдын холбооны хурлаар намайг тэргүүнээр сонгож, өдийг хүртэл энэ албыг хашиж байна.
- Та холбооны ажлыг хүлээн аваад ямар ямар ажил хийсэн бэ?
- Энэ ажлыг хүлээж авахад манай холбоо 10 гаруй уяачтай. Ийш тийшээ наадамд явахад нөгөө арван уяачийн тав нь морь уяад гал болоод явчихдаг байлаа. Хэдий уяач цөөхөн ч адууны чанар сайн л даа. Таван уяачийн таван адуу бүгдээрээ орно. Заримдаа гурав дөрөв нь орох нь ч бий. Баянтал сум тийм л адууны хийморьтой нутаг. Талын Их уул хайрхан, баруун талаар Баян хайрхан нь харагдах сайхан нутаг. Иймээс энэ нутгийн уяачид хийморьтой, морь нь айрагдаж явах ерөөлтэй гэдэгт би итгэдэг.
- Холбоо одоо хичнээн гишүүнтэй болсон бэ?
- Тухайн үед цөөн уяачтай холбооны үйл ажиллагаа цомхон байсан болохоор нэг хэсэг унтаа байдалд орчихоод байлаа. Харин 2010 оноос морь сонирхох залуус олширч, уралдаан ч өрсөлдөөнтэй болдог боллоо. Үүний ачаар манай сумын уяачдын холбооны хөгжил ч огцом дээшилсэн. Шинэ залуусаар хүрээгээ тэлсэн манай холбоо одоо 40 гаруй гишүүнтэй. Эндээс тэргүүлэгч 28 гишүүнтэй. Манай холбооны удирдлагад тэргүүн, нарийн бичгийн дарга, хүндэт тэргүүлэгчид буюу ахмад уяачид, тэргүүлэгч гишүүд багтдаг. Мөн хяналтын зөвлөл, гишүүд, дэмжигч гишүүдтэй. Дэмжигч гишүүдэд моринд дуртай боловч өөрөө морь уядаггүй улс ордог. Одоогийн байдлаар Улсын Алдарт уяач нэг, аймгийн Алдарт нэг, нийт сумын Алдартын болзол хангасантайгаа 12 хүн байна.
- Нэг довонд хамт уралдаж байсан морь нь улсын наадамд хоёр жил дараалан айрагдчихлаа. Магадгүй залуучууд Бямбасүрэн гуайг хараад урам зориг нь сэргэж байгаа байх?
- Тэгэлгүй яахав. Говь-Угтаал сумын 70 жилийн ойд 1996 онд би залуу уяач очсон. Тэр наадамд соёолон аман хүзүүдүүлж миний дээд талд Цэлхээ гуай, минийх гуравт ороод Бямба гуайн соёолон дөрөвт орж би аав хүү хоёрын дунд сууж байлаа. Тэр том уяачдыг анх удаа зүс харалцан танилцсан. Дараа нь Баянталд шилжиж ирэхэд нь би уяачдын холбооны тэргүүн байсан. Энэ сайхан уяачийг манай нутагт ирлээ гэдгийг сонсоод үнэхээр их баярласан. Манай холбоо сэтгэл гарган дэмждэг. Аймгийн Алдарт уяачид хоёр ч удаа амжилтыг нь тодорхойлон Бямба гуайн цолыг авч байсан. Магадгүй зарим нэг хүмүүс зурагтаар хараад Дэрэнгээр цоллуулахад нь шүүмжилсэн байх. Гэхдээ төрсөн нутгийнхаа нэрийг гаргах нь аргагүй.
- Залуу уяачид олонтой бололтой? Тэднийгээ хэрхэн дэмжин байгаа вэ?
- Холбооны зүгээс бид залуучуудаа нэгтгэх, хоёрт галын зохион байгуулалтанд оруулах. Худаг ус, бэлчээрийн талд чадлын чинээгээрээ туслахыг зорьдог. Мөн уяачдын холбоо шинэ жилийн баярыг зохион байгуулж тухайн жилийн шилдгүүдээ шалгаруулан амжилтыг нь урамшуулдаг. Мөн гишүүдийн татвар, холбоог дэмждэг спонсоруудаас өгсөн хандиваар наадам хийсэн. Холбооны танилцуулга, түүх, үйл ажиллагааны талаар бичлэг хийн CD гаргалаа. Анх сумын холбоо таван уяачтай байхад би ганцаараа цагаан хоолой бариад л ийшээ тийшээ гүйж наадам зохион байгуулдаг байсан бол одоо бид олуулаа болсон. Хамтдаа зохион байгуулж байна. Манай сумын давуу тал бол уралдааны зам, үүнийгээ ашигладаг. Хүмүүс манайд ирж уралдаад дараа дахин ирэх сонирхолтой буцдаг. Манайх голцуу сунгаа тааруулан наадмаа хийчихдэг юм.
- Жилд хэдэн уралдаан зохион байгуулдаг юм бэ?
- Холбоо жилд дөрвөөс таван наадам зохион байгуулдаг. Уяачдын холбооны нэрэмжит уралдаан, сумын тахилгат Сүлд овооны уралдаан, мөн ганц нэг байгууллагын ой гээд суманд болж байгаа бүх уралдааныг холбоо өөрсдөө зохион байгуулдаг. Бидний зорилго бол эмх цэгцтэй, будилаан маргаангүй, морь хүүхэд мэнд наадах уралдаан зохион байгуулах. Уралдааны зам сайхан болохоор дэг журамтай зохион байгуулахад л болно. Бид сайн зохион байгуулаад хэвшвэл ойр орчмын нутаг орныхон үлгэр жишээ авна. Баянталд очиж уралдах юмсан, зам сайтай, гоё зохион байгуулалттай. Тэнд сунгаа хийчихээд дараагийн наадамд очин уралдах сайхан гэдэг бодлыг уяачдад төрүүлэхийг хичээдэг. Бид өөрсдөө сумынхаа бүх айраг, түрүүг авах биш, гаднаас ирж уралдах морьдод гоё уралдаан үзүүлэх, дэг журам ёс жаягтай наадам хийх нь манай залуусын зорилго.
- Уралдааны тухайд ийм байж өөр ямар зорилго, зорилттой ажиллаж байна вэ?
-Холбооны үйл ажиллагааг уяачидадаа илүү чиглүүлэх, хамгийн гол нь Монгол наадмын дэг жаяг, уяачдын ёс жудагыг авч үлдэх. Мөн отгон сумын цөөн уяачдынхаа тоог нэмэгдүүлэх. Манай дээд үеийн Баян сумын уяачид улсын наадамд зөв уралддаг, мундаг байсан тухай ном зохиолуудад их байдаг. Уяачийн ёс зүй, жудаг гэдэг ямар сайхан, ямар мундаг уяачид байсныг залуу уяач дүү нартаа сургаж үлдээх Баянтал сум адууны нутагт учраас уламжлал болосн том уралдааныг зохион байгуулдаг болох нь бидний хэтийн зорилго.
- Тэргүүн өөрөө хэзээнээс хурдан хүлгийн уяач сойлго тааруулах болсон юм бэ?
- Манай аавынх адуутай айл болохоор багадаа хурдан морь унаж өссөн гэдэг. Аав маань техникум төгсөөд төвд ажилчин болж манайх төвийн айл болсон. Багадаа зуны амралтаараа эмээ өвөө дээр очин хурга ишиг хариулдаг байсан. 1991 онд Багануур дүүрэгт 10-р анги төгссөн. Тухайн үед би гар бөмбөг, сагс сонирхдог, сургуулийн шигшээ багт тоглодог байсан болохоор Биеийн тамирын дээд сургуульд конкурсдах гэж байсан. Аав түрүүлээд хөдөө гарсан байснаа нэг ирэхдээ адуу малтай болсон тухайгаа хэлсэн юм. Морь хүнийг өөртөө татдаг, моринд татагдах сэтгэл хүчтэй байсан учраас төлөвлөсөн бүх юмаа орхиод аавынхаа нутаг Дундговийн Цагаандэлгэр суманд мал дээр гарч байлаа.
- Тэгээд хэдий үеэс морь мал уясан юм бэ?
- 1993 оноос айлын том хүү болохоор адуу малаа хариулах болсон. Өмнө нь хонины морь л унадаг байлаа. Уяа тааруулж эхэлсэн нь 1994 он, Цагаандэлгэр сумын Сүхийн Хүрэлхуяг ах надад морь уях “А” үсгийг заасан. Морьтой холбогдох замыг нээсэн хүн нь аав. Аавын өвөө Алагийн Жамбаагийн Хувсур гэж их мундаг морь унадаг, уургалдаг хүн байсан. Аав тэр хүний морийг болон Сүмбэрийн хурдтай уяачдын морийг унаж байсан юм билээ. Тэгээд өөрөө сэхээтэн болоод явчихсан учраас намайг моринд ороход их дэмжсэн. Хурдан сайхан адуу өндөр үнээр худалдаж авч өгсөн.
- Анх хаанахын ямар удам угшилтай морьд уясан бэ?
- Дашдоо гуайн адууны угшилтай азаргатай, мөн Тамчигийн Очирын адууны сайхан зээрд адуунуудыг л уяж эхэлсэн. Хамгийн анхны айраг 1996 онд Цагаандэлгэр суманд жил бүр болдог Баян уулын тахилга наадамд хоёр их морь, хоёр даагатай очин хүрэн морь, хонгор халзан даага айргийн тавд орсон. Хүрэн даага нь долоод, ногоон морь нь 21-т орж одтой сайхан наадсан. Тухайн үед морины хоол тааруулах нарийн юмыг сайн мэдэхгүй, залуу хүний аз өмөөр л хурдалсан байхаа. Дараа нь Говь-Угтаал сумын 70 жилийн ойд Баянцагаан, Говь-Угтаал, Дэрэн, Цагаандэлгэр гээд тойрсон сумдын 270 гаруй хурдан тууртаас азарган соёолон айргийн гурав ирсэн. Тэр үед зургаан насны адуу хөтлөөд л наадамд явдаг байсан үе.
- Тэрний дараагийн уралдаануудад ямар амжилт үзүүлсэн бэ?
- 1996 онд олон айраг түрүү авсан. Дараа жил нь айрагдсан соёолон зээрд азаргаа Цагаандэлгэр суманд гуравлуулж, соёолон бор морио долоолуулж байсан. 1998 онд Говь-Угтаалын Буман малын баярт зээрд даага их хол түрүүлгэн, цавьдар зээрд соёолон азаргаа 17-д, зээрд хязаалан 21-т орсон. Надад Говь-Угтаал сум их өгөөжтэй байдаг, дөрвөн том наадамд нь дөрвөн даагаа их хол түрүүлгэж байсан. Дараа нь Баянцагааны даншиг наадам болоход Их хурдад оролцсон морьд ихэнх нь ирж уралдсан. Залуу байсан болоод ч тэр үү тэр наадам миний хамгийн том наадам байсан. Тэнд Жамъяндоржийн буурал духт хүрэн түрүүлж, Даваахүү гуайн Өндөр зул хонгор азарга айргийн гуравт орсон. Тэнд 670 даага мордон миний Говь-Угтаал, хүрэн тойрмын сунгаанд хол түрүүлсэн зээрд даага 13-т орсон. Би одоо болтол тийм том наадам үзээгүй. Анх намайг хөдөө гараад морь уяхад зарим улсууд намайг шоолдог байсан. Уяаныхаа хажууд гудас дэвсээд олсон хэдэн морины тухай номнуудаа уншдаг тийм хүн байсан. Сүүлд морь мал сайн давхихад хүмүүс “Алтаа ер нь ном уншиж байгаад морь уясан хүн дээ” гэдэг байсан. инээв Энд тэндээс морины зурагтай, морины тухай л ном байвал аваад тэрийгээ толгойдоо ортол 10, 20-н удаа уншдаг байлаа. Цагаандэлгэрт арван жил болоод 2000 онд Сүмбэрт ирсэн. Сүмбэрт яагаад намайг олон хүн мэддэг болсон гэхээр номны ид шид. Би уншсан номоо цээжилчихсэн. Тэгээд найз нөхөдтэйгөө морь ярихаар номноос уншсанаа ярихаар нөгөө хэд маань намайг бүгдийг нь мэддэг гээд ойлгочихдог. Сэрээннямын Банзрагчийн ухаа морь, Галтын хүрэн морь ямар удам угшилтай, 20 дугаар зууны найман манлай хүлэг гээд л ярина. Тэгэхээр морийг үнэхээр мэдэх юм аа гэнэ. Номын буянгаар найз нөхөд дундаа Сүмбэрийнхэндээ их үнэлэгдсэн. Өөрөө морь малаа уяан найз нөхөд дэмжихээр нэг хэсэг морь гайгүй давхидаг юм билээ.
- Дараа ньхаанахын наадамд амжилттай наадсан бэ?
- 1999 онд хоёр сайн шүдлэнтэй байгаад дунд сунгаан дээр дөрөв, таваар ороод, их сунгаанд хоёуланг нь хол түрүүлгээд мулталсан. 2000 онд сайн даагатай байсан ч айрагдуулж чадаагүй.
2001 онд зудны дараа жил Говь-Угтаалын Түвдэн өвгөний хүү надад нэг сайн хусран хүрэн даагаа сайн адуу цуглуулаад эзэн болж чадаагүй гэж намайг загнаж байгаад өгсөн юм. Би зуданд таван сайн азарга адуу дуусгаад тав зургаахан адуутай үлдсэн. Зуднаас өмнө айл нутаглаж байхдаа надад наймаа хийе дааганаас чинь авъя. Би чамд таван ханатай гэр юу байдаг юм өгье гэдэг байхад нь би шинэ азарга, шинэ гүүнээс төл гаргах гээд дараа болъё гээд хаяачихсан байсан юм. Тэгээд зудны дараа найзынхаа өгсөн хүрэн даагыг уяж Говь-Угтаалд түрүүлгээд, Говьсүмбэр аймгийн наадамд аман хүзүүдүүлсэн. 2002 оноос гурван жил айраг авалгүй бараг шантартлаа морь уясан. Морийг тэжээлээр уядаг үе гарсан байхад би хуучин тамиртай цагийн уяагаар морио уях гээд зуданд адууны хамаг тамир чөмөг тасарчихсан байсныг мэдэрдэггүй байлаа. Ингээд 2005 оноос овъёос хивэгээр гурван адуу тэжээсэн нь гурвуулаа энэ хавиар айрагдан тэр жилээ долоон айраг авсан. 2006 онд бас 10 гаруй айраг, 2007 онд бас 10 гаруй айраг, түрүү авсан. 2008 онд адуу ид хурдан байсан юмуу өөрсдийн тэжээсэн дөрөвхөн адуугаар тойрсон Дундговийн Дэрэн, Цагаандэлгэр, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийнхаа энэ хавийн наадмаар. долоон түрүү, 14 айраг авсан. 2009 онд дөрөв таван айраг авсан. 2012 онд хоёр айраг аваад 2011-2013 онд өнжсөн. 2014 онд соёолон аймгийн наадамд, Цагаандэлгэрийн наадамд айрагдуулсан. Энэ жил морь нэг их уяж айрагдуулаагүй, харин “Галын хүлэгч” галынхаа уяанд л анхаарсан.
- Сайн адуу цуглуулаад зуданд алдсан ч гэсэн энэ хугацаанд мэдээж буцаад адуужсан байлгүй. Хаа хаанаас адуу авсан бэ?
- Өөрийн адууны угшлын тав зургаан адуу үлдсэн нь сайн нь байсан. Тэр үрээ, байдас дээрээ найз нөхөд, ойр хавийн хүмүүсээс наймаа хийж адуу авсан. Дэлгэрхаан, Баяжаргалан чигээс бас ганц нэг гайгүй гүү байдас авсан.
- Мэдээж байгалийн шалгарлаар үлдсэн болохоор чанартай нь үлдсэн байх.
- Тав зургаан үрээ, мундаг сайхан азарга байсан. Хурдан туурттай холбогдоод 20 гаран жил явлаа. Өөрөөрөө их бахархаж байгаа, сонирхолоо даган өөрөө гардан уяад 2015 оны нүүрэн дээр өөрийгөө дүгнэлээ. Төвд өсөөд хөдөө гарсан гэхэд боломжын санагдлаа, мөн өвөө эмээгийн буян, Манай аавын аав чинь Сосорын Ишгэндэн гэдэг хүн олон жил адуу малласан тийм мундаг хүн бий. Хувсосор гэдэг хүн чинь уг нь мундаг халхын түүхэн номонд бичигдэх ёстой хүн. Жамбаагийн Хувсосор гээд хамгийн том өргөмөл хүү нь, үр хүүхэдгүй байхдаа өргөсөн. Сосорын Ишгэндэн гэдэг нь манай өвөө, Ишгэндэний хүү Сандагдорж миний аав. Тэгэхээр манай дээдсүүдийн буян заяа миний морийг ивээн хурдалдаг байх гэж боддог.
- Морь уях гэдэг насаараа суралцдаг эрдэм учраас унаачаас нь эхлэн бэлдэх ёстой гэдэг.
- Тийм. Эрийн гурван наадам чинь хүн хэзээ ч яг төгс сурч чаддаггүй тийм гайхамшигтай гурван спорт. Нэг хүн дархалж ноёрхох нь маш ховор, бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг шиг, хэдий сайн аварга ч гэсэн унадаг, ээлж халаагаа өгдөг шүү дээ. Хэдий мундаг уяач байсан ч хоёр гурван жил сайн давхиад өнжиж л байдаг. Би өөрийгөө үнэлээд бахархсан юм нь юу гэхээр 94 оноос эхлээд 20-н хэдэн жил уяхад 70 гаруй айраг, түрүүг авсан нь. Өнөөдөр миний өмссөн малгай сумын Алдарт уяач болно гэхдээ би аймгийн Алдартын хэмжээнд байна. Угаасаа морь морь дагасан хүн нөр их хөдөлмөр гаргана.
- Төрийн наадамд уралдах бодол бий юу.
- Байлгүй яахав. Уяач бүрийн хүсэл. Гэхдээ өөртөө 100 хувь итгэсэн үедээ төрийн наадамд мордуулах санаатай. 50-аас урагш давхих морьтой, ивээл жилдээ, нөгөө морь давхидаг хэлбэлзлийн үе дээрээ очих санаатай. Гэхдээ сумынхаа уяачдыг гал болгон улс руу авч явах бодолтой. Эрлийз, тэжээлийн адуу витамин тариатай байсан ч малчны хотноос улсын довонд айрагдах нь тасрахгүй гэж би боддог. Баян талаас Бямба гуай нэрээ гаргалаа, дараа нь манай залуучууд Баярмагнай, Нямсүрэн, Бямба гуай гурав яваад 15, 35,45 гуравт гурван адуугаа давхиулаад ирлээ. Энэ нь тэр зөрөг зам маш ойрхон байгааг л харуулж байна. Ганцхан би тэр жаахан боломжийг л хүлээгээд холбоогоороо нэг гал болон халхын наадмын дэвжээнд үзвэл эр хүний бас бахдал жаргал байх.
- Баянталын уяачид нийлэн асар майхнаа барьчихсан Хүйн мандалын торгон ногоон дэвжээнээ ирж уясан хүлгүүдийнхээ эд хавийг үзэх тэр агшинд дахин уулзъя. Ярилцсан баярлалаа.
- За баярлалаа. Юуны өмнө хүлэг морьдоо сойн үндэсний их өв соёлыг уламжлан яваа хийморилог уяачид, тэдний гэр бүл, унаач бяцхан хүүхдүүд, нийт малчиддаа Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уяачдынхаа өмнөөс эрүүл энх, элбэг дэлбэг, аз хийморьтой байж өвлийг өнөтэй давахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна