АРГАГҮЙ ХУРДАН АРГАМАГУУД МИНУ ЗЭЭ...

Батсайхан
2016 оны 11-р сарын 01 -нд

                                                                                           Дорнод аймгийн МСУХ-ны 20 жилийн ойд зориулав.
          Хурдан морины тухай нэгэн түүхийг та бүхэнтэйгээ хуваалцъя. Луу жилийн өвөл Дорнод монголын алс зүүн хязгаар Халхголын сав нутгаар цас их унаснаас онцгой хүйтэрч, 2013 оны могой жил гарч хавартай золгосон ч цас улам нэмж, сүүлдээ бүр шуурч зуд болов. Хахир цагийг давсан ч малчид амьжиргааны хэдэн малаасаа салж, үлдсэн хэдээсээ төл бараг авсангүй, ядарсан зонд өглөгийн гараа сунгасан нэгэн эрхэмийн сэтгэлийн бэлгийг өрх бүрт хүргэж, 5 сард ажил шувтарч буцлаа. Замдаа морины нөхдүүд маань гуйсныг ёсоор болгож хэдэн адуу ачиж аймаг дөхүүлж өгөх үед зам зуур Буйр нуураас урагш байх “багвар” Лхагвасүрэн гуайн хүү Алтангэрэлийнхээр оров. Худаг дээр хэдэн адуу нь байна. Тэгсэн Алтангэрэл “Ахаа өнгөрсөн жил аймгийн наадамд аман хүзүүдсэн ухаа халзан морь маань энэ шүү дээ” гэж байна. Үгүй тэгсэн тэр морины хажууд байгаа хонгор морь нүдэнд тусаад болдоггүй, тэсгэлгүй асуулаа. Халзан морь ч сайхан л амьтан байна, харин тэр хажууд нь байгаа хонгор морь яадаг морь вэ? “Миний имт хонгор гэдэг морио, ахаа... Гурван жил дараалан сумынхаа наадамд түрүүлээд байгаа юм” гэж байна. Тэгнээ тэр, арай л өөр морь юм даа, үгүй чи тэгээд сумандаа түрүүлсэн морио аймагт очиж уралдахгүй яадаг хүүхэд вэ гэв.  “ Хоёр, гурван ч удаа очсон, араас нэхээд 10 дотор л зурхай давдаг юм аа”. Аан за, тэгээд чи яг юун дээр алдаад байна гэж бодож байна гэлээ.  “Өө тэгээд хоолыг ихдүүлдэг болов уу, аймгийн наадмын эхний өдөр сумаас цуг очсон найз нөхөд, ах нарын морьд түрүүлж айрагдаад жаахан хатуу нясуун юм хүртээд” гэсэн шүү юм ярьж байна нөгөө Алтангэрэл маань... Хонгор морийг уургалуулж, хөлийн шөрмөс, арьс хөрсийг нь барьж үзэв, үнэхээр янзтай юмаа. Би бодлоо, улсын том цолтой уяач нарыг ярилцлагыг уншиж байхад Их насны морийг наадмын эхний өдөр, тэр өдрийнхөө хамгийн эхэнд мордуулвал сайн, учир нь олон жил уягдсан морь олны хөлийн газар очоод идэхээ болж, хамгийн холоос, жин үдийн халуунд уралддагаас их эрсддэг гэж байсныг саналаа... За, дүү хүү энэ жил хонгор морио сумандаа бүү уралд, гурван жил түрүүлсэн одоо болно, уралдмаар байвал өнгөрсөн жил аймагт айрагдсан энэ хавчиг халзан морио уралдана биз, харин би аймгийн морины комисст сайн тайлбарлаж ойлгуулаад энэ жилийн аймгийн баяр наадмын их насны морийг наадмын эхний өдөр өглөө эрт мордуулья... гэж ярьж тохироод салж билээ. Зуны эхэн сар гарч Зүүн Матад уулын тахилганд Алтангэрэлийн хонгор морь араас ширүүн ирээд аман хүзүүдэв. За хө болж байна даа, одоо сумынхаа наадамд уралдалгүй шууд аймагт л уралдана шүү гэж хэлээд явуулав. Сумын наадамд хавчиг халзан морь нь ч түрүүллээ, аймгийн наадамд хонгор морио аваад иржээ. Маргааш өглөө аймгийн наадам эхлэнэ, их насны морио бүртгүүлээд бид хоёр уулзав. За дүү хүүгийн хоншоор мэдэж дээ, ганц орой хоолыг нь тааруулаарай гэлээ. Монгол наадам ёслол төгөлдөр эхэлж их насны морьд гарааны зурхайгаас эргэлээ, Хийморийн овооны ар доор тархины морьд ирэхэд Халхгол сумын Л.Алтангэрэлийн хонгор морь араас хөл чангатай нэхэн ирж 10-руу шургалаа, барианы даамал -морь тайлбарлагчийн хувиар би чанга яригчаар наадамчин олонд зарлав. Энэ хонгор морь өнөөдөр айргаас хасагдахгүй ээ гэж...
          Түрүү магнайд Чойбалсан сумын ААУ Б.Бэххуягийн уясан хонгор, Халхгол сумын Л.Алтангэрэлийн хонгор аман хүзүүдэж, Хэрлэн сумын ААУ Ц.Эрдэнэцогтын хонгор, Булган сумын Н.Болдбаатарын хонгор, Матад сумын САУ Б.Зоригтбаатарын хонгор морьд удаалан Дорнын шаргал тал шигээ зөөлөн зүстэй, ижилхэн цагаан хонгор морьд хурдалж нэгэн түүх бичигдлээ. Л.Алтангэрэл маань хонгор морио Хэнтий аймгийн түүхт 90 жилд, Сэцэнхааны хурд зүүн бүсийн даншигт дахин аман хүзүүнд хурдлуулж халхын довтой хурдан хүлэг гэдгийг нь батлав. Хонгор морины угшил нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Т.Энхцогтын унаган адуу, хонгор морийг хурдалмагц унаган эзэн нь төрсөн дүү хар саарал морио 2014 онд уяж сойн Баянуул, Халхгол сумын 90 жил, Дорнод аймгийн зүүн бүсийн наадамд тус бүр түрүүлгэж, хар саарал морь МУАУ Т.Батцоожийн уяан дээрээс 2015 онд төрийн наадамд айргийн тавд хурдалсан юм. Ийнхүү би бээр халхын хурдан буянтай таарсан азтай хүн. Агтны бийд газар үз, аавын бийд хүнтэй танилц гэдэг ардын сайхан сургааль бий. Морь хурдан, зөв байвал гадагш гарч уралдах хэрэгтэй шүү гэж залуусаа уриалж энэхүү түүхээ өндөрлөе.... Аргагүй хурдан аргамагууд мину зээ...
Хатагин овгийн Улаангууд Янжингийн Буджавын Батсайхан                         2016.10.26

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.