“Ану сервис” компанийн Гүйцэтгэх захирал Б.Буяннэмэх: Монгол наадамд миний морьд тоо нэмж, тоосоо өргөж байгаа нь л чухал
Мориныхон гэх өнөр бүлийн одтой хөвгүүдийн нэг Ховд аймгийн Мөст сумын уугуул Буднямын Буяннэмэхийг зочны хоймортоо тухлуулж, яриа дэлгэлээ. Жороо морь цуглуулдаг өвөөгийн маань гени нөлөөлсөн юм байлгүй, морь гэдэг хийморилог амьтанд би өөрийн эрхгүй л татагдсан хэмээн ярих түүнтэй ийн хөөрөлдлөө.
“Энэ жил улсын Алдарт уяачийн болзол хангасан”
-Туулай жилд од хийморь дүүрэн байсан “Унаган хурд”-чууд энэ жилийн шилдэг гал уяагаар нэрлэгдэх нь бараг тодорхой болоод байна. Ингэхэд ер нь хэчнээн айраг түрүү хүртсэн бэ?
-Манай галынхан хаврын бүсийн “Дүнжингаравын хурд” уралдаанаас хойш 12 айраг түрүү хүртэн өнгөтэй сайхан наадлаа. Дүнжингаравын хурдад миний хонгор халзан хязаалан соёолон насны ангилалд уралдаж айргийн тавд хурдалсан.
-Булганхангайн хурдад ч мөн соёолонд уралдсан байхаа?
-Тэгсээн. Булганхангайн хурдад хонгор халзан үрээ гуравлаж, Сувдан бор маань аман хүзүүнд хурдалсан. Улсын баяр наадмын тухайд манай галын Баяраагийн Шувуухай зээрд шүдлэн дөрвөлж, хонгор халзан соёолон маань тавлан, эрлийз ангилалд Сувдан бор маань гуравт хурдалсан. Бүсийн наадмуудаас манайхан Архангай болон Дорноговь аймгийг сонгож уралдан Архангайд Баяраагийн Шувуухай хүрэн, миний хонгор халзан соёолон хоёр түрүүлж, хоёр их морь
гурав, дөрвөөр орсон. Харин Дорноговьд Цагаандалайн хонгор үрээ тавлалаа.
-Энэ жилийн отгон уралдаан Молор-Эрдэнийн мялаалга наадамд ч одтой наадсан?
-“Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч Бат-Эрдэнэ ахын “Молор-Эрдэнэ”-ийн мялаалга наадам их өргөн дэлгэр, гол нь чансаа өндөртэй болсныг хэлэх нь зүйтэй байх. Энэ жилийн отгон уралдаан гэдгээрээ улс бүсийн наадмуудад түрүүлж, айрагдсан бүх морьд уралдсан. Их насанд л гэхэд 220 гаруй хурдан буян тоосоо өргөж, миний хээр халзан аман хүзүүнд хурдалсан.
-Архангайд дөрвөлсөн үү?
-Тиймээ, Архангайн Тамирын хурдад түрүүлсэн их морь түрүүлж, дөрвөлсөн миний хээр халзан морь аман хүзүүнд хурдалсан. Хээр халзан морь маань Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул Жагаа найзын маань унаган адуу. Өнгөрсөн өвөл надад ирсэн юм. Молор-Эрдэнийн мялаалга наадмын үеэр 22 галын уяачдын дунд “Адуучин” нэвтрүүлгийг зохион байгуулж, уяачдын ур чадварыг сорьсон нь бусад уралдаанаас их өвөрмөц болсон. Энэ дашрамд Монголын хурдан морины хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж яваа Бат-Эрдэнэ ахдаа баяр хүргэж, хурдан морины босоо цагаан хийморь өнөд ивээж явахыг хүсэн ерөөе.
-Ерөөл бат оршиг. Буяннэмэхийн хувьд ч гэсэн мориныхон гэдэг өнөр бүлийн өөдрөг яваа хөвгүүдийн нэг нь. Сүүлийн хоёр жилд өмтэй сайхан наадлаа. Улсын цолны болзол, чанар хангагдсан биз дээ?
-Өнгөрсөн жилийн тухай миний ихэнх айраг түрүүнүүдийн 80 хувь нь бага нас байсан. Харин энэ жил гурван дээд насны амжилт ороод, Алдарт уяачийн болзол хангагдаж байгаа байхаа.
-Улс бүсийн наадмын айраг түрүү хэд хүрээд байгаа вэ?
-Яг тоолоогүй ээ. 15, 16 юм байгаа байх. Анхнаасаа алдар нэр, цол хэргэмд дурлаж моринд ороогүй болохоор нэг их ач холбогдол өгч тоолоод байдаггүй юм.
-Гэхдээ нэгэнт цолны болзол биелчихсэн бол авах л болно шүү дээ?
- Монгол наадамд миний морьд тоо нэмж, тоосоо өргөж байгаа нь л чухал.
- Эрлийз, Монгол адууг ялгаж уралдуулсан энэ жилийн баяр наадмын тухайд таны бодлыг сонсмоор байна?
-Наадам сайхан өргөн дэлгэр сайхан болсон. Урьд нь зургаан насны морь л уралддаг бол энэ есөн насны морь уралдлаа. Олон аавын хүү төрийн наадмын хишиг хүртэж, баярын магнай тэнийсэн байх. Бүтэн жилийн хөдөлмөр хөлс хүчээ зориулсан уяачид сүүлийн мөч хүртэл горьдлого тавьж байдаг. Тэр утгаараа боломж нэмэгдсэн. Гэхдээ зохион байгуулагчид маань дараа дараагийн удаа ялгалтандаа дээрээ анхаарах хэрэгтэйг анзаарсан байх. Энэ жилийн тухайд цөөн хэдэн хүнийг эс тооцвол ихэнх уяачид маань төрийн наадамдаа хүндэтгэлтэй хандаж, ямар нэг будлиан гаргахаас сэргийлсэн.
-Будлиан гэснээс соёолонгийн уралдааны тухайд лавлах нь зүйтэй байх?
-Будлиан гэх нь ч хаашаа юм. Тавд хурдалсан шарга үрээ шүдээр тэнцэлгүй хасагдаж, дүрэм ёсоор миний хонгор халзан соёолон урагшилсан. Шарга үрээний тухайд шүдний асуудалтай гэдгийг өвөл сонсож байсан л даа. Тэгээд найз нөхөдтэйгээ зөвлөж байгаад морины комисс дээр очсон.
-Найз нөхөдтэйгээ зөвлөж байгаад аа...?
-Яахав, хонгор халзан миний үрээ ч олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнгийн талаар яригдаж байсан болохоор тэр хүмүүсийн саналыг сонсох гэж бодоод. Манайхан ярьж байгаад хэлэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн учраас комиссынхонд шаардлага тавьсан. Уг нь бол айрагдаж, түрүүлсэн морьдыг шүдлэх ёстой шүү дээ. Комиссын гишүүд үзээд “соёолон гэж тооцож болохгүй юм байна” гэсэн дүгнэлтэнд хүрч Баасанхүү генерал газар дээр нь шийдвэрийг гаргасан. Энэ завшааныг ашиглаад улсын начин Моломжамц ахдаа “ийм сайхан хурдан буян хайрласанд” баярласнаа илэрхийлмээр байна.
-Наадмын үеэр баярын сэтгэгдэл хуваалцахад ч гэсэн ингэж ярьж байсан. Хонгор халзан үрээ нэлээд түүхтэй тань дээр иржээ дээ?
-Хонгор халзан үрээг би хурдан гэдгийг нь мэдэж байсан л даа. Хязааландаа улсын наадамд зургаалаад, Хөвсгөлийн даншигт их хурдан байхдаа хадуураад замаасаа гарчихсан шүү дээ, морь сонирхогчид мэдэх байх. Тэгээд л Молом ахаас гуйсаар байгаад авсан юм. Молом ах ч гэсэн ерөөлийн үгтэй өгье гэж өгсөн болохоор үрээ маань энэ жил ийм амжилттай наадлаа.
Монголд байгаа цэвэр азаргануудын дунд богино зайн уралдааныг зохион байгуулна
-Эрлийз морьдыг ялгаж уралдуулахдаа өдөр судрыг нь харгалзаж үзвэл ямар вэ? гэдэг саналыг нэг бус уяач тавьж байсан. Та хувьдаа хэрхэн үзэж байна?
-Миний хувьд ч гэсэн цаг хугацааны тухайд өөр бодолтой байгаа. Нэгэнт л төрийн наадмын нэг хэсэг болгож байгаа юм бол төв цэнгэлдэхэд наадамчин олны өмнө цоллуулдаг баймаар байна. Яагаад гэвэл би дээр хэлсэн. Айрагдаж түрүүлж байгаа морьдын цаана олон хүний хөлс хүч, хөдөлмөр шингэсэн байдаг. Бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж байгаа хүн нэр төртэйгээр цоллуулахыг хүснэ шүү дээ.Тийм болохоор 7-р сарын 9-нд уралдуулчихдаг болбол яасан юм гэдэг саналыг холбогдох хүмүүст нь уламжилмаар байна. Эрлийз ангиллын морьдыг 9-нд уралдуулсан нь өөр нэгэн ач холбогдолтой.
-Ямар?
-Түрүү хоёулаа ярьсан даа. Мэр сэр эрлийз адуу монгол морьдтой уралдсан гэж. Түрүүлж уралдуулснаар энэ байдал үгүй болно. Эхний өдөр эрлийзэд уралдуулчихсан хүн дараа нь ахиж тавихгүй шүү дээ.
-Санадаг л санаа байна. Эрлийз адууг ялгаж уралдуулах болсонтой холбоотойгоор гарч ирсэн өөр нэгэн санал бол ойрын зайн уралдааныг тогтмолжуулах явдал. Энэ тухайд юу хэлэхсэн бол?
-Болохгүй юм байхгүй. Монголын хурдан морийг хөгжүүлэхэд уяач болгоны санал чухал. Өнөөдрийг хүртэл уяачид маань тодорхой санал санаачлагуудыг дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлсээр ирсэн. Жишээлбэл хаврын уралдаанууд байна.”Ирээдүйн түмэн эх” хурдан дааганы уралдаан байна. Манлай уяач Алтангэрэлийн санаачлан зохион байгуулсан уралдааны цар хүрээ жилээс жилд тэлж, ирэх жилээс өнгөрсөн жилийн ялагч нь зохион байгуулдаг байхаар болж байна. Нэг хүн зохион байгуулж байснаас жил бүр өөр хүн байвал өөр санаа, өөр дэвшил гарна шүү дээ.
-Тэгэхээр “Ирээдүйн түмэн эх-2012” уралдааныг Батзориг уяач зохион байгуулах нь ээ?
-Тиймээ, тэгж ойлгож болно. Миний хувьд ч монголын хурдан морины хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж нэгэн шинэ уралдааныг зохион байгуулахаар болсон.
-Шүдлэнгийн уралдааныг хэлж байна уу?
-Үгүй ээ, тусдаа өөр уралдаан. “Макс” группийн захирал Тод манлай уяач Шинжээ /Цэрэнжигмэд Тод манлайг ойр тойрныхон нь ийнхүү дууддаг/ Ганбаатар ах нар маань жил бүр компанийнхаа нэрэмжит соёолонгийн уралдааныг зохион байгуулдаг. Сүүлийн хоёр жил би “Ану сервис” компанийнхаа нэрээр жил шүдлэнгийн уралдааныг зохион байгуулж спонсорлож байгаа. Цаашид энэ уралдаан маань уламжлал болно. Үүнээс гадна ирэх хавар “Ирээдүйн түмэн эх” уралдаантай хамтатган Монголд байгаа цэвэр азаргануудын дунд богино зайн уралдааныг зохион байгуулах бодолтой байгаа.
-Бүртгэлийн хураамж бооцоотойгоор уу?
-Бүртгэлийн хураамж байхгүй. Уралдааны зардал, бай шагналыг спонсорлогсод хариуцах болно. Энэ уралдааныг зохион байгуулснаар манайд идээшсэн цэвэр цусны азаргануудаас аль үүлдрийнх нь хурдан юм бэ гэдэг нь харагдах болно.
-Содномцог Манлайн хамтаар Орос руу явсан сураг байсан?
-Монгол туургатны наадам болно гэсэн сургаар “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ, Манлай уяач Содномцог ах бид гурав ОХУ-ын нэг номерын морин заводод очиж тэндэхийнхээ тойруулгат уралддаг найман азаргыг авчирсан. Түүнээс гурван Англи азарга нь миний өөрийнх. Азаргануудаараа үржил селекци хийж, адуунуудынхаа цусыг сайжруулах бодолтой байгаа. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд хэдхэн хоногийн өмнө 6006 бөх барилдаж, Монгол бөх Геннисийн номонд бүртгэгдлээ. Түүн шиг мориороо Геннисийн номонд бүртгэгдэж яагаад болохгүй гэж. Юуны хэрэгтэй морьтон Монгол нэртэй билээ дээ. Нэг өдөр хэдэн зуун мянгаараа уралддаг манайх шиг оронд тоог хэд ч хүргэж болно шүү дээ.
-Монголын хурдан морины хөгжлийн ирээдүйд саналаа нэмэрлээч гэвэл?
-Монголын морин спорт нэг үеэ бодвол хөгжиж л байна. Холбооны зүгээс шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, хамгаалалтын хувцсаар жигдрүүлсэн нь маш зөв алхам байсан. Цаашид ч илүү олон зүйлийг хийнэ хэмээн найдаж байгаа.
Морь айрагдаж түрүүлэхээс илүүтэй уяж сойж байх тэр үе хамгийн жаргалтай байдаг
-Танай уяанаас мордсон хээр азарга Монголын хамгийн үнэтэй адуугаар тодорсон. Энэ үйл явдлыг та хувьдаа хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Үйл явдлыг аль өнцгөөс нь ?арахаас шалтгаалж, янз бүрийн үнэлэлт дүгнэлт өгөх байх. Би хувьдаа энэ мэдээг сонсоод баярласан. Яагаад гэвэл Монгол адууны үнэ өсөж байна. Үүнийг дагаад малаар амжиргааны эх үүсвэрээ болгодог малчдын ахуй амьдралд эерэг үр дүн гарна гэсэн үг. Цөөхөн хэдэн монголчууд бидний нэг нь ч гэсэн сайн сайхан явбал сайхан биз дээ.
-Тантай санал нэг байна. Гэхдээ гарцаагүй айрагдаж түрүүлэх адууг уралдахынх нь өмнө мөнгөөр зодоод авчихдаг жишиг тогтох нь. Энэ байдал даамжирвал нөгөө л монгол наадам цөөн хэдэн мөнгөтэй хүний зугаа болох нь гэдэг хэл ам тасрахгүй, дээр нь уяачийн эрдэм гэх бахархал бүдгэрч мэдэх юм шиг?
-Өөрийн чинь хэлж буйг үгүйсгэх аргагүй. Гэхдээ монголын хурдан морины хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж яваа бизнесменүүдийг буруутгах аргагүй. Аливаа спорт ивээн тэтгэгч спонсортой байж л хөгждөг. Морь ч ялгаагүй. Хурдан адуунд сэтгэл зүрхээ хөрөнгө мөнгөө зориулж, монголын ард түмэнд цэнгэл хайрласан Наранхүү ахыг буруутгах аргагүй юм. Тэгээд ч эрт дээр цагаасаа монголд хамгийн үнэтэй зүйл морь л байсан шүү дээ. Сүүлийн үед л үнэд ороод байгаа юм биш. Нэг сайн морь мянган хонины үнэд хүрч байсан түүх байдаг юм билээ.
-Ингэхэд Буяннэмэх хурдан моринд хэр хөрөнгө хаядаг вэ?
- Би авмаар санагдсан адуугаа авч байж л санаа амардаг. Нэлээдгүй үнэтэй авсан адуу бий, бий.
-Нууц биш бол сонсож болох уу?
-Монгол жижигхэн шүү дээ. Нууцсаад байх юу байхав дээ. Алтангэрэл Манлайгаас авсан хүрэн соёолон байна.
-Их илэн далангүй хариулт байна. Юу Буяннэмэхийг морь руу ингэтэл татаад байдаг юм бэ?
-Худлаа даруу загнаж байгаа юм биш шүү. Морь айрагдаж түрүүлэхээс илүүтэй уяж сойж байх тэр үе хамгийн жаргалтай байдаг юм. Сэтгэл зүрх, ухаан санаагаа нэг зүгт төвлөрүүлээд шимтэх нь хүнд таатай мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Дээрээс нь морины орчин их гоё. Эр хүнд байх ёстой хамгийн гол чанар болсон ёс жудагийн тухай ойлголт мориныхон дунд их чухал байр суурь эзэлнэ. Тэр олон эрчүүд нэг дор цугларч байгаа хэрнээ сөрөг зүйл гарахгүй. Биенийхээ үгийг сонсож, биедээ хүндэтгэлтэй хандана. Өөр ямар ч салбарт байхгүй үнэтэй чанар. Энэ бүхэн л намайг моринд татдаг байх даа.
-Өнгөрсөн гурван жилд хувь хүнийхээ тухайд хэр их өөрчлөгдөв?
-За нэг их өөрчлөгдөж сүйд болоогүй дээ. Буяа Буяагаараа л байгаа. Яахав монгол ёс заншлаа илүү ойроос мэддэг болж. Түүнийгээ дагаад үйл хөдлөл, үг яриа тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байгаа байх. Уяачийн тухайд, уяаны эрдмийн тухайд гэвэл яагаа ч үгүй л дээ. Сургуулиар бол дөнгөж л нэгдүгээр ангиа дүүргэсэн гэсэн үг. Ямар ч байсан унших дайны болсон гэсэн үг. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэгчлэн сайн уяачийн дэргэд байгаа болохоор зах цухаас нь гадарладаг болж байна. Манай Гэрлээ бид хоёр хоорондоо зөвлөж морьдоо уядаг. Гэрлээ миний мэдэхгүйг хэлж өгнө. Би Гэрлээгийн сонсоогүйг дуулгахыг хичээнэ. Мөн буруу зөв олон асуултыг эмээлгүйгээр тавина. Гэрлээ маань ч тэр болгонд цааргалалгүй тайлбарлаж өгдөг. Манай хүний гол давуу чанар нь хөдөлмөрч. Болохгүй эвлэхгүй байгаа адуугаа хаячихалгүй юун дээр нь болохгүй байна гэдгийг олж тогтоодог. Магадгүй энэ бүхэн нь өнөөдрийн амжилтынх нь үндэс болдог байх. Хааяа морь гайгүй янзтай байхаар “айрагдах байхаа” гэхэд хэзээ ч “тийм энэ тэр” гэж түрүүлж дуугардаггүй. Ер нь л их нямбай хүн шүү. Уяачдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Гэрлээдээ маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Дотроо баярлаж талархаж явдаг ч тэр болгон ил гаргаж хэлээд байж чадахгүй юм даа.
-Аав маань миний уяаны дотны зөвлөх гэж ярьж байсныг чинь санаж байна? Нутаг нугынх нь нэрийг гаргаж буй хүүгээрээ аав нь бахархана биз?
- Аав маань миний хамгийн сайн зөвлөгч. Наадамд явах бүрт аав морьдыг маань шинжээд санаа бодлоо хэлдэг. Тэр зөвлөгөөг нь манай уяач бид хоёр хүлээж авна. Ялангуяа морьдын эрүүл мэндтэй холбоотой асуудалд байнгын санаа тавина. Мөн манай аав морьдын зураг авах их дуртай. Морь тус бүрийнх нь зургийг аваад он сар өдөртэй нь хадгалчихдаг. Тэр нь уяаны ажилд их нэмэр болноо. Хүний эцэг эхэд үр хүүхдийнх нь өөдтэй өнгөтэй яваа нь юу юунаас илүү том бэлэг байдаг байх. 2009 онд Баянхонгорын даншигт морь айрагдуулчихаад байж байтал хамгийн түрүүнд аав маань баяр хүргээд “хүүгийнхээ буянаар нутаг усны минь нэр гарлаа” гэж билээ. Гэхдээ аавын маань “Миний хүү монголын хурдан морины түүхийг бичилцэж яваа шүү” гэдэг үг надад маш их урам хайрласан.
- Аливаа зүйлд амжилт гаргахад ар гэр, эргэн тойрны нөлөө их чухал шүү?
-Тэгэлгүй яахав. Гэрийнхэн хамт олон бүгд л намайг ойлгож дэмждэг. Ялангуяа морь малны холбогдолтой ажил гэвэл ногоон гэрлээр чөлөө олгоно. /инээв/ Хүнд зав цаг байдгийг моринд ороод л мэдсэн.
-Харин ч эсрэгээрээ завгүй болмоор юм?
-Хүн завгүй байх тусмаа ажлаа хуваарилж сурдаг юм билээ. Морь миний хувьд хобби, чөлөөт цагаа өнгөрөөх арга биш. Морь миний хувьд ажил. Ажилдаа цаг заваа яаж зарцуулдаг вэ, моринд мөн л тэгж ханддаг. Тийм ч учраас миний нэртэй хурдан хүлгэд энэ хэмжээний амжилт гаргаж байгаа байх.
-Морь айрагдаж түрүүлсэн амжилтын нэг хэсэг нь унаач хүүхэд байдаг?
-Тэгэлгүй яахав. Манай гал таван унаач хүүхэдтэй. Түүнээс Тэмүүжин, Өсөхбаяр, Алтанхуяг, Хонгороо нарын дөрвөн хүү нь миний морьдыг унадаг. Тэмүүжин маань аваргын бор азарганаас эхлээд амжилт гаргасан ихэнх морьдыг маань унасан. Айраг түрүүнээс гадна бид хоёр чинь улсын наадамд гурван удаа зургаалж, хоёр наймласан хүмүүс шүү. Манай Тэмүүжин маш сайн унаач. Алдаан дээрээсээ ямагт суралцаж, дараагийн удаа түүнийгээ засаж чаддаг.
-Аваргын бор гэснээс энэ жил яагаад уралдаагүй вэ?
-Шөрмөс нь бага зэрэг гэмтээд энэ жил уралдаагүй. Одоо бол зүгээр болсон. Дараа жилээс уралдана. Бор азарга өөрөө ч биш үр төл нь ч гэсэн уралдах байх. Энэ завшааныг ашиглаад аварга найздаа чөлөөт бөхийн багийг дэлхийн аваргын тэмцээнд амжилттай бэлтгэсэнд нь баяр хүргэе.
-Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Уясан хүлэг тань хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж явахыг хүсье.
-Тэр ерөөл бат сайхан оршиг. Хурдан морь сонирхогч залуус, морины хорхойтнуудын гарын авлага болсон танай сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсч, морьтон монголчууддаа аз жаргалын дээд эрүүл энхийг хүсэн ерөөе.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна