Сумын Алдарт уяач Д.Улаанхүү: Сумандаа хязаалан түрүүлгэж, уяачийн гараагаа эхлүүлж байлаа

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 23 -нд

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, сумын Алдарт уяач Д.Улаанхүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Улаанхүү уяач могой жилд хэрхэн наадав даа?
-Хаа сайгүй адууны ханиад гарсан болохоор хаширлаад нэг их олон газраар наадсангүй. Хүү маань сумандаа азарга тавлуулж, даагаа аман хүзүүдүүлсэн амжилттай л байна даа. Би таван хүү, нэг охинтой. Тэднээс дунд хүү маань аавынхаа уяаны ажлыг үргэлжлүүлэн уяа сойлго тааруулдаг юм. Сумын Алдартын болзол хангачихаад байна.
-Таны хувьд морь уяад хичнээн жил болж байна вэ?
-Багын л адуунд хорхойтой хүүхэд явлаа. Манай аав морь уяхгүй ээ, маарамба хүн. Ер нь ах дүү нар дотроосоо би л адуу малд дуртай нэгэн байлаа. Ингээд Улаанбаатар хотын Толгойтын 022-р ангид алба хаагаад 1983 онд халагдаж ирээд сонирхолдоо хөтлөгдөн найз Хүрэлийнхээ тусламжтайгаар морь уях гэж оролдож эхэлсэн юм.  Ингээд бие дааж морь уяад 1989 онд сумандаа хязаалан түрүүлгэж, уяачийн гараагаа эхэлж байлаа. Манайх тэмээ малладаг байсан болохоор адуу бараг байхгүй шахуу. Ингээд л адуу цуглуулж эхэлсэн дээ. Галшараас нэг шарга үрээ аваад, азарга тавьж хоёр жил төл авлаа. Гэтэл эр төл гараагүй. Энэ мэтчилэн цуглуулснаа өсгөөд 100 гаргасан. Миний адуу сайн л гэж хэлнэ. Дэлгэрэхийн хээр, Дамдиа саарал азарганы угшилтай хонгор азарга, Болоожийн хонгорын төл хонгор азарганы төлүүд сайн л даа. Бас тайж адууны удамтай халзан азарга байлаа. Одоо надад нэг халзан азарга бий. Долоон медальтай, хавчиг азарга. 
-Анхны түрүүнээс хойш ямар ямар томоохон наадмаас айраг түрүү хүртсэн бэ?
-1990 онд Дорноговь аймгийн АХ-ын 69 жилийн ойгоор хар даагаа аман хүзүүдүүлж байлаа. Тэр жилээ суманд дахин аман хүзүүнд хурдлуулсан юм. Дараа нь шүдлэнд нь сумандаа гуравлуулж, хязаалан үрээ Цохионд болсон гурван багийн өдөрлөгт түрүүлгэлээ. Соёолонд нь эмэгтэйчүүдийн баяраар түрүүлгээд, их морь болоод хэд хэд айрагдсан. Мөн халзан азарганы төл болох олон халзан адуугаа их хурдлуулсаан. Суманд цавьдар халзан азарга гурвалж, хүрэн үрээ дөрөвлөж байлаа.
-Хар морь хаанахын угшилтай адуу вэ?
-Дэлгэрэхийн хээр азарганы төл. Эх нь манай сумын Цэгмид гэж өвгөний хүрэн гүү байгаа юм. Харин халзан азарга болохоор Алтанширээгийн аймгийн Алдарт уяач  Балданжамцаас Болоож нэг даага авч зарсан юм билээ. Би аймгийн Алдарт уяач Лхагвасүрэнгээс хавчиг азарга анх авч байсан юм. Долоон адуугаар сольж авч байлаа. Халзан азарганы эх  нь Алтанширээгийн адуу байгаа юм.
-Халзан азарга танд ирээд яаж давхисан бэ?
-Арваас хойш уралдуулж үзээгүй шүү. Надад ирэхээсээ өмнө олон удаа түрүүлж, айрагдсан хурд нь танигдсан адуу байсан юм. Гарсан төл болгон нь л хурдалсан.
-Бидний яриа өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар, 2014 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна