Шилэгдмэл азаргануудын ширүүн өрсөлдөөн “Их хурд-7” уралдаанаас...

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 25 -нд

Монголын морины их олимп шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаан өчигдөр Хүйн долоон худагт боллоо. Гурван  жилийн давтамжтай шигшмэл шилэгдмэл хүлгүүд урилгаар оролцдог энэхүү уралдаанд уяа сойлго нь жигдэрч, хурд нь хутганы үзүүр мэт ирлэгдсэн шандаст 56 хурдан азарга бүртгүүлж  50  нь гарааны зурхайгаас  эргэжээ. Шигшмэл шилэгдмэл азаргануудын гал маналзасан уралдаан үзэгчдийг өндөлзүүлсээр барианд ороход Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Төрийн торгон сүргийн уяач Ононгийн Батболдын уясан хээр азарга түрүү магнайд хурдлан алтан жолоо өргүүллээ.  Д.Онон уяач зөвхөн адууныхаа чанарыг сайжруулсангүй хүүхдүүдээ уяаны эрдмийн гаршсан их уяачид болгон төлөвшүүлснээ өчигдөр ийнхүү батлан харууллаа.
Аман хүзүүнд төрийн наадмын түрүү Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Монгол улсын Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатарын Магнай халиун азарга хурдалж, энэ цагийн эрхгүй хурдан хүлэг гэдгээ дахин нотоллоо. Уралдсан цагаас уясан уяач, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүлэн хурдалсаар ирсэн энэ цуут хүлэг хоймор нутгийн уяачдад төрийн наадмын анхны түрүү /азарганы /, шигшмэл морьдын их хурд уралдааны анхны айргийг авчирч Хөвсгөлчүүдийнхээ хийморийг дахин өргөсөн нь энэ билээ.
Айргийн  гуравт дүүлэн дүүлэн хурдалдаг Дүү хээр давхижээ.  Шүдлэн цагаас Монголын хурдан морь сонирхогчдын эчнээ танил болсон энэ шандаст хүлэг өнөө жил онцгой хурдан байгаа бөгөөд өнгө тольдох “Дүнжингаравын хурд-2016” уралдаанд гарсан цагаас өнгөлсөөр аман хүзүүдсэн бол хэдхэн өдрийн өмнө болсон монгол төрийн наадмыг мөн л хэсэгтээ өнгөлж, моринд хайртай монгол түмнээ огшоосон билээ. Ийнхүү Дүү хээр ахын шийрийг хатаах аргагүй хурдан ажнай гэдэг нь   батлагдлаа.
Монгол төрийн наадмын амжилтаа давтан морины их олимпод айрагдсан хурдан хүлгүүд бол Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Д.Дагвадоржийн  Яруу хээр, Шөвгөр зээрд азарганууд юм. Ардын хувьсгал ялснаас хойш анх удаа нэг хүний хоёр азарга айрагдсан байдаг бол шигшмэл морьдын “Их хурд” уралдааны 21 жилийн түүхэнд анх удаа нэг хүний хоёр азарга айрагдаж буй нь энэ билээ.  Д.Дагвадорж  Яруу хээр азаргаа эрхэм журмын нөхөр Тод манлай уяач Д.Бат-Эрдэнэд бэлэг болгон өгсөн бөгөөд “Яруугаа  айрагдаж, андын хийморийг өргөөсэй” хэмээн  илүүтэй хүсч байсан хэмээн баярын сэтгэгдэл хуваалцсан билээ.
Зургаад Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор хурдаллаа. Төрийн наадмыг хөтөлсөөр аман хүзүүдсэн хонгор азарга энэ цагийн даалуу азаргануудын нэг. Төрийн наадмын түрүү   шандаст хурдан Наран хонгор самсаа шархирч, хоолой зангируулсан бахдам уралдааныг үзүүлж, наадамчдыг огшоож чадсан билээ.
Долоод Архангай аймгийн Өндөр-Улаан сумын  уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Бадамжунайгийн хүрэн халзан азарга хурдаллаа. Залуу уяачийн хийморь даган хурдалдаг хүрэн азарга хэдхэн хоногийн өмнө болсон төрийнхөө их баяр цэнгэл наадамд мөн л өнгөнд уралдаж наймд давхисан бол шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд анх удаа тоосоо өргөж долооллоо.
Наймд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул  аймгийн Алдарт уяач Д.Доржхорлоогийн шарга азарга хурдаллаа.  Төрийн наадмын түрүү хүртсэн Өвөрхангайчууд сүүлийн жилүүдэд одтой сайхан наадсаар байгаагийн нэг нь Д.Доржхорлоо уяа юм.
Есөд  Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул аймгийн Алдарт уяач Ж.Бат-Эрдэнийн хүрэн азарга хурдалж,  жанжны нутгийн уяачдын хийморийг өргөлөө.
Адуун сүргийн манлай шилэгдмэл азарганы уралдааны аравт Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Одонбаатарын халиун хурдаллаа. Мөн л хэдхэн хоногийн өмнө болсон төрийнхөө их баяр цэнгэл наадамд өнгөнд уралдсаар зургаалсан халиун азарга өнгөрсөн жил хязааландаа аман хүзүүнд хурдалж байсан билээ.
 Ийнхүү шигшмэл морьдын “Их хурд-7” уралдааны азарганы уралдаан тооны хувьд цөөн ч чанартай сонирхолтой үзүүштэй болж чадсан юм.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна