С.Хэнгэрэг:”Санжаабүүрэгийн зээрд Нэрэмжимээ угшлын адуу”

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 11 -нд

Одоогоор Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ морь айрагдуулсан хоёрхон айл бий.  1932 оны улсын баяр наадамд шүдлэн айрагдуулж байсан бор адуут Донойдоо, түүний үр сад дөрвөн үеэрээ төрийн наадамд хурдан хүлгэдээ айрагдуулсан анхны айл болон монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдсэн. Харин хоёр дахь нь 1925 онд зээрд халзан морио гуравт хурдлуулан өм нээгдэж байсан Н.Пад түүний үр сад, ураг төрлийнхөн юм.  Алдарт хүрэн азарганы эзэн Н.Падын унаач хүүхэд явсан С.Хэнгэрэг гуай өдгөө нас сүүдэр 92 зооглож буй. Адуунд дуртай өвгөдийнх нь аз хийморь дөрвөн үед нь хариагүйд олзуурхаж явдаг бууралтай Өлзийт хороололд хүүгийнх нь уяан дээр таарч цөөн хором хөөрөлдсөн юм.
“Н.Падын өвөг эцэг Тэнгэрнүдэн гэж хүн найман ханатай их гэртэй байсан нь надад өвлөгдөж ирсэн. Тэгэхээр би энэ айлын их гал голомтны хүн болж таарч байгаа биз. Наваанмөр гуайг нутаг орондоо нэртэй сүрхий номтой хүн байсан гэлцдэг юм. Харин Пад ахынх хувьд нутгийн нэг хөгшин эсгий татдаг хээр азаргаа уяхыг зөвлөж, тэр нь хошууны наадамд айрагдсанаас хойш хурдан морь уяж, олон айраг түрүү хүртсэн гэдэг. Одоогоор бол улсын мундаг том цолтон байх байсан биз.Пад ахынх их олон адуутай, олон ч морьд уядаг байсан санагддаг юм.  Би цэрэгт явах хүртлээ Пад ахын хурдан морьдыг унасан. Нөгөө алдартай хүрэн азаргыг ч гэсэн унаж явлаа шүү дээ. Тэр үед одоог бодвол уралдаан цөөн, морьд олон уралддаг байж дээ. Тийм болоод ч тэрүү нэг мориор олон жил сайхан нааддагсан. Одоо хүүхдүүдээс дуулж байхнээ сайхан сайхан хурдан морьд нэг хоёр жил уралдаад л давхихаа больчихдог юм шиг байна. Жилд олон уралдаад тэгдэг юмаа даа янз нь.
-Танаас нэг зүйл тодруулмаар байна л даа. Шийтэрийн зээрдийн эцэг Санжаабүүрэгийн зээрд Падын хүрэний төл  мөн үү? Танай нутгийн өөр өөрөөр ярих юм билээ?
 -Дээр үеийн хөгшчүүл хурдан морины угшлыг буруу хэлбэл нүгэл хэмээн цээрлэдэг байсан. Тиймээс ямар ч үед хурдан морины удам судрыг үнэнээр нь өчдөг байлаа. Улсын наадамд гурав түрүүлж дөрөв айрагдсан Санжаабүүрэгийн зээрд  түүний төл улсын наадамд  дөрөв түрүүлж, гурав айрагдсан Шийтэрийн зээрд азарга бол Нэрэнжимээ угшлын адуу. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул “Шодон” хэмээх Нацагдорж гэдэг хүн хэдэн үрээгэ? алдчихаад байж л даа. Тэгсэн тэрийг нь Чулуутын голд усанд орох гээд явж байхад нь Пад ах харчихаад “энэ ер нь ямар   аятайхан үрээ вэ” хэмээн Санжаабүүрэг гуайд хэлсэн байдаг юм. Тэр нь нөгөө айхтар Санжаабүүрэгийн зээрд шүү дээ. Тэгэхээр нь Санжаабүүрэг гуай сураг ажиг тавьж байгаад Нацагдорж гуайнд очин “Танай алдуул үрээг чинь оллоо. Газар ойроор нь би авчихъя” хэмээн тохиролцсон юм гэдэг. Тэгээд Пад ахаар уяулж, зээрд үрээ дараа жил нь хязааландаа айргийн гуравт хурдалсан байдаг юм.
Баярлалаа танд урт насалж удаан жаргаарай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна