Сумын Алдарт уяач Э.Мөнх-Алдар: Улсынхаа наадамд уралдах хэтийн төлөвлөгөө бий

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 06 -нд

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул, сумын Алдарт уяач Э.Мөнх-Алдартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Дөрөв дэх үеийн уяач гэсэн. Дээдсийнхээ талаар хуучлаач?
-Өвөөгийн аав Сампилын Гомборагчаа гэж хурдан хар морьтой хүн байсан юм гэнэ лээ. Харин манай өвөө буюу Гомборагчаагийн Түдэв гэж хүн ааваасаа өвлөж авсан унаган адуугаараа нааддаг нас болгонд морь уядаг. Олон адуутай, олон ч адуу зарсан хүн байсан гэдэг. Өвөө маань намайг бүр багад өнгөрсөн болохоор би төдийлөн сайн мэддэггүй юмаа. Миний Эрдэнэ өвөө, аавыгаа залгамжлан морь уясан хүн.
-Аавынхаа тухайд арай дэлгэрэнгүй мэдэх байлгүй?
-Аавын маань нэртэй хурдан халтар морь байсан нь АХ-ын 60 жилийн ойгоор сумынхаа наадамд түрүүлээд, тэрнээс хойш гурван жил дараалан амжилтаа бататгасан. Мөн Шинэ-Идэр, Галт сумдын наадамд хоёр удаа түрүүлсэн. Товчхондоо сумын баяр наадамд зургаа түрүүлсэн адуу. Түүний дараа бас нэг хурдан бор морь байсан. Тэр үед аав маань  агт дагадаг байгаад бор морио агтны адуунаас харж таньж авсан юм билээ. Тэр нь соёолон болтлоо сумандаа түрүүлээд, хавчигтаа суманд аман хүзүүдээд, бүдүүрсэн хойноо Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор байхаа таваар давхисан. Түүнээс хойш бас хэд хэд айрагдсан гэдэг юм. Тэгээд сүүлд зарагдаад Шинэ-Идэр, Галт сумдын наадамд нэлээд хэд орсон гэнэ лээ.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ? Танаас өөр уяа эвлүүлж байгаа хүн бий юу?
-Би эцэг эхээс наймуулаа. Дээрээсээ зургаа дахь нь. Манайхнаас хамгийн бага дүү бид хоёр л морь уядаг.
-Бие даасан нь хэзээнээс вэ?
-1994 оноос уяж эхэлсэн. Бусдын нэгэн адил моринд томдоод, уяаны ажил  руу шилжсэн. Бүр тодруулбал  аймгийн Алдарт уяач Ванчинбазар гуайн морийг унадаг байсан. Ванчинбазар гуайн аав нь манай Жаргалант суманд малын эмчээр ирсэн байсан юм. Тэгээд аймаг руу нүүхэд нь хар алаг даага авч үлдээд, шүдлэнд нь аман хүзүүдүүлж, 1997 онд АХ-ын 66 жилийн ойгоор сумынхаа наадамд дөрвөөр давхиулсан.
Нас нийлсэн хойно нь 1999, 2000 онуудад сумандаа түрүүлгэж, 2001 онд АХ-ын 70 жилийн ойгоор айргийн тавд давхиж байсан.
-Зөв адуугаа авч үлджээ?
-1999 онд хүрэн азарга авч уяад, сумандаа дөрвөөр давхиулж байсан. Тэр хүрэн азарганы эцэг тал нь Төмөрбулаг сумын унаган адуу, харин эх тал нь манай Жаргалант сумын нэгдлийн адуу байсан гэдэг. Бас нэг саарал даага маань шүдлэн цагаасаа хойш хурдалж 2001,2002 онуудад хязаалан, соёолондоо түрүүлсэн. Саарал морины эх нь Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Пүрэвжавын сумандаа ес айрагдсан хээр азарганы төл. Харин эцэг азарга нь Галт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дарам гэдэг хүний унаган адуу.  Өөр манай адуунаас хурдалж байсан нь 2007 онд аман хүзүүдэж, 2008 онд түрүүлсэн миний унаган нэг хээр морь байна. Соёолон болтлоо давхисан бас нэг хурдан бор хээр адуу байсан.
-Танай унаган адуу юу?
-Бор хээр морины эх гүү нь манай унаган адуу, эцэг азаргыг нь Увс аймгийн Өндөрхангай сумаас авчирсан. 2006 онд даагандаа түрүүлээд, 2007 онд шүдлэндээ аман хүзүүдээд, 2008 онд хязааландаа түрүүлж байсан.
-Амжилтын тань цуваа нэлээд урт хөврөх нь бололтой?
-10 түрүү, 3 аман хүзүү, 8 айраг авсан амжилтаараа сумын Алдарт уяач цол авсан.
2006 онд сумандаа аман хүзүүдсэн хээр үрээ 2008 онд хязааландаа тавлаад, мөн ондоо Завхан аймгийн Их-Уул суманд болсон нэг том наадамд таваар давхисан. Дараа нь бүдүүрээд 2009, 2010,2011 онуудад түрүүлчихээд, сургуулийн 70 жилийн ойд бас түрүүлсэн. Бас нэг шар халтар морь нутгаасаа авч, 2012 онд сумынхаа наадамд аман хүзүүдүүлж, Шинэ–Идэр суманд болсон Хөдөлмөрийн баатар, академич Ширэндэвийн 100 жилийн ойд түрүүлгэсэн.
-Нутаг адуу гэсэн үү?
-Манай нутгийн Хөдөлмөрийн баатар Туваанжав гэдэг хүний унаган адуу байгаа юм.
-Мөнх-Алдар уяачийн нэрийг дуурсгасан өөр ямар хурдан хүлгэд байна?
-2003 оны сумынхаа наадамд хоёр хээр даагаа нэгийг нь гурваар, нөгөөг нь дөрвөөр давхиулж, хээр хязаалангаа аман хүзүүдүүлсэн. Харин 2004 онд хээр шүдлэнгээ  аман хүзүүдүүлсэн.
-Удам дамжсан уяачийн хамгийн бахдалт наадам хэзээнийх вэ?
-Манай аав АХ-ын 60 жилийн ойгоор сумынхаа наадамд их насны морь түрүүлгэж байсан бол би 10 жилийн дараа 70 жилийн ойгоор их морь айрагдуулж, 80 жилийн ойгоор их насны морь түрүүлгэсэн. Түүндээ их баяртай байдаг. Мөн Шинэ–Идэр суманд болсон Хөдөлмөрийн баатар, академич Ширэндэвийн 100 жилийн ойд зургаан аймаг, 26 сумын уяачид оролцсон том наадамд их морь түрүүлгэсэн нь бас их сайхан байсан.
-Буурлуудын буянаа арвижуулан сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна?
-Адуугаа сайжруулах гээд Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Хосбаяр гэж хүнээс нэг азарга авч тавьсан. Мөн Дорнод аймгийн Матад сумаас нэг азарга авсан. Тэдний маань үр төлүүд эхнээсээ гарч л байна. Дараа жилээс уяж үзнэ дээ.
-Дөрвөн үеийн удамт уяачид улс бүсийн наадамд уясан хүлгэдээ түрүүлгэж айрагдуулах баярт мөч ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. Ярилцсанд баярлалаа.
-Тэр ерөөл бат орших болтугай. Эр хүний эмээл хазаартай морь гэж улсынхаа наадамд уралдах хэтийн төлөвлөгөө бий. Энэ хүртэл зорин ирж уяач бидний сэтгэлийн үгийг хуваалцаж буй танай сэтгүүлийн хамт олонд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.