Сумын Алдарт уяач Н.Сонинбаяр: Хүрэн азаргаа сумын наадамд тасралтгүй таван жил орууллаа

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 06 -нд

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул, сумын Алдарт уяач Н.Сонинбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сонинбаярыг уяаны эрдэмд хөтөлсөн хүн хэн бэ?
-Миний аав  хоньчин хүн. Тийм болохоор бага нас хурга ишиг хөөсөн шигээ өнгөрсөн гэж болно. Би чинь дөрөвдүгээр ангиа төгсөөд л мал дээр гарч байлаа. Тухайн үедээ хүн бүл цөөтэй байсан болохоор ээж аавдаа туслахаар ийнхүү 10-тай жаалхүү малчин болсон юм. Тэгэхэд манайх 100 гаруй адуу, 800 хонь ямаа, 100 гаруй толгой үхэртэй байсан. Хүүхэд байхдаа аймгийн Алдарт уяач Гүрцэдэн гэж хүний морийг унадаг байсан нь хожмоо моринд орохын эхлэл байсан гэж болно.
-Бие дааж морь уях болсон нь хэзээ вэ?
-2002 оноос эхлээд сонирхлынхоо дагуу морь уяж эхлэсэн. Шинэ уяач би Дэлгэр овооныхоо наадамд хүрэн халзан соёолонгоо айргийн гурваар хурдлуулчихаад магнай хагартлаа баярлаж байлаа. Тэгээд 2003 онд цэрэгт явж жилийн дараа халагдаж ирээд тасралтгүй морь уяж байна. Өнгөрсөн хугацаанд хүрэн азаргаа сумын наадамд тасралтгүй таван жил орууллаа. 2005 оноос хойш гурав аман хүзүүдэж, нэг гуравлан, нэг дөрөвлөж миний нэрийг гаргаж буй буянтай амьтан даа. Одоо 20-той азарга бий. Төлүүдээс нь хязаалан хүрэн үрээ 2010 онд суманд түрүүлж, намар нь Тод манлай уяач Даваахүү гуай ирээд санал тавиад зарчихсан. Гэнэт л хүрээд ирэхээр нь үнэхээр их гайхсан шүү. Одоо ч мэдээлэл хурдан тардаг болж дээ. Бодвол интернэт, зурагтаар л олж харсан байхаа.
-Нууц биш бол ямар үнээр өгсөн бэ?
-Зургаан саяд л өгчихсөн.
-Хаанахын адуу байсан юм бэ?
-Манай сумын аймгийн Алдарт уяач Сандаг гэж настны адуунаас гаралтай. Эх нь аймгийн Алдарт уяач Гүрцэдэн гуайн надад өгсөн ягаан халзан гүү байсан юм. Намайг унаач нь байхад бэлэглэж байлаа. Тэр гүү надад олон сайхан төл өгсөн нь одоо ч хурдалж байгаа.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон юм бэ?
-Малын буянд сайхан л амьдарч байна. Адуу маланд тууштай явсных үр шимийг нь үзэж 2010 онд сумын Алдарт уяач боллоо. Одоогоор жижиг наадмууд, сум нийлсэн 24-25 айрагтай болоод байна. Энд миний хүрэн азарга болоод түүний төлүүдийн амжилт нэлээд жин дардаг.  Сүүлд 2013 онд сумынхаа 90 жилээр сартай хүрэн шүдлэнгээ айргийн дөрвөөр хурдлууллаа. Даагандаа суманд дөрөвлөж байсан энэ үрээ өнөө л хүрэн азарганы маань төл байгаа юм.
-Өнгөрсөн жил одтой сайхан наадав уу?
-Сайхан наадсаан. Морин жил гарсаар гурван айраг авсан. Ягаан халзан соёолон үрээгээ сумандаа түрүүлгэж, Хустайн овооны наадамд тавлууллаа. Бас сартай хүрэн үрээгээ гуравлуулсан амжилттай. Би ч одоохондоо унаган адуугаараа л наадаж байна. Яваандаа гаднаас адуу авч, шинэ цагийн адуутай болно доо.
-Сумандаа л наадаад байна уу?
-Ойр орчмын сумдынхаа наадамд очдог ч айхтар амжилт гаргаагүй л байна. Би чинь жилдээ 5-6 уралдчихдаг юм. Залуу хүний замын хүзүү урт гэдэг дээ. Олон олон айраг түрүү намайг хүлээж байгаа гэж боддог шүү.
-Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж байх болтугай.


 

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.