Сандагдоржийн хар буюу сайн хүлэг эзнээ алдаршуулдаг

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 30 -нд

Сайн хүлэг эзнээ алдаршуулдгийн  үлгэр болсон нэгэн нандин түүхийг уншигч тантай хамт сөхье. Энэхүү бахдам түүхийн эзэн, шандаст хүлгийн буянаар түмэндээ танигдаж, төрд үнэлэгдсэн эрхэм бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Урианхад овгийн Цэрэндондогийн Сандагдорж агсан юм. Моринд хайртай монгол түмэн түүнийг алдарт Оонон хар азаргаар нь андахгүй мэдэх билээ. Цуут хүлгийн эзэн 1965 онд Модот хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн бөгөөд найман нас хүртлээ хурга ишиг эргүүлж, хурдан морь унан малд нүдтэй “хүү” хэмээгдэж явав. Улмаар 1973 онд сумын найман жилийн дунд сургуульд элсэн орж 1981 онд төгсөөд, Улаанбаатар хот дахь Холбооны техникумд элсч, 1983 онд төгссөн, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь дотоод цэргийн 138 дугаар ангийн танкийн хороонд гурван жилийн алба хааж, 1986 онд халагджээ.
Цэргээс ирсэн даруйд сумынхаа холбоонд монтёроор ажиллаж байгаад 1990 онд малч удмаа даган хөдөө гарч, мал маллах болсон байна.
Ц.Сандагдоржийн эцэг С.Цэрэндондог бага залуугаас адуу малласан, сайн уяач. Удам дамжсан дээдсийн үйл хэрэгт шимтүүлэхээр ууган хүүгээ багаас хурдан морь унуулж, эмнэг даага сургуулан адуутай ойр өсгөсөн бөгөөд 1986 оноос морь уяхдаа дагуулан зааж зөвлөх болов. Монгол түмний бахархалт хүлгийн эзэн ийн уяачийн замналаа эхэлсэн билээ.
Эзэн хүний их алдарт хүргэсэн Оонон хар 1987 оны унага. Эх тал нь Дэлгэрхааны Жүнгийн адууны хул гүү бол эцэг нь С.Цэрэндондог уяачийн өөрийнх нь хурдан халтар азарга юм. Шүдлэн цагаас анх уягдаж, тэр жилээ сумын баяр наадамд аман хүзүүдэж амжилтын гараагаа эхэлсэн хар азарга  23, 24 хүртлээ уралдахдаа:
1990 онд хязааландаа Цэнхэрмандал сумын наадамд найм
1991 онд соёолондоо Цэнхэрмандал сумын наадамд түрүү
1992 онд хавчигтаа Цэнхэрмандал сумын наадамд түрүү
1993 онд долоотой азарга Цэнхэрмандал сумын наадамд түрүү
1993 онд Жаргалтхаан сумын 70 жилийн ойд түрүү
1993 онд Хэнтий аймгийн 70 жилийн ойд түрүү
1994 онд Цэнхэрмандал сумын наадамд
1995 онд Цэнхэрмандал сумын 70 жилийн ойд түрүү
1996 онд Жаргалтхаан сумын наадамд түрүү
1996 онд Цэнхэрмандал сумын наадамд түрүү
1997 онд улсын баяр наадамд аман хүзүү
1997 онд Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит бүсийн наадамд түрүү
1998 онд шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд айргийн тав
1999 онд “Боржигон” бүсийн наадамд 20-д давхижээ.
Халх даяар алдартай Хан Хэнтий нутгийн цуут хүлэг хоёр жилийн дотор улсын наадамд нэг айрагдаж, бүсийн наадамд түрүүлэн, морины их олимп “Их хурд-1” уралдаанд айрагдан бахдам амжилтыг үзүүлж, эзнээ шилдэг уяачид тодруулж, энэ биедээ Түмэн эх цолыг авсан билээ.
Ц.Сандагдорж нь 2002 онд 37 насандаа зуурдаар таалал төгсч, хурдан харынх нь үр төлүүд нь хошуу нутаг, хотол түмнийх нь магнайг тэнийлгэн хурдалсаар байна. Ингээд эцэст нь эрхэм уншигч танаа Оонон хар азарга төрийн наадамд түрүүлэн алдаад аман хүзүүдсэн тэрхүү наадмын зураглалыг Д.Даваагийн бичсэнээр хүргэе.

Оонон хар
1997 оны баяр наадмын өмнөх өдрүүдэд Буянт-Ухаагийн морь барианы асрын өргөтгөл хийгдэж байлаа. Нэгэн үдэш багын танил Дашийн Мөнхтөр ирж нэгэн зүйл надаас аминчлан хүссэнийг зөвшөөрч билээ. долдугаар сарын 10-ны орой манай уяаны дэргэд том хар жийп машинтай бадриун залуу ирж учир явдлаа хэлж хоноглосон юм. Энэ «битүүлэг» хүсэлт нь намайг машинд сууж азарганы уралдаан зүгээр л үзэж сонирхох төдий л байлаа. Дуу цөөн, томоотой суугаа залууг манай галынхан нэг их тоосонгүй. “Тэрний тийм азарга их сунгаанд тэгж давхилаа, их наадамд тэгж л давхина” гэхчилэн ярилцаж суув.
Жаргалын өдрийн өглөө азарга гарах зуурт нөгөө залуу маань наадмын гоёл алтан шаргал торгон дээл гарган өмсч америк ковбой малгай духдуулж, торгон хромон гутал өшиглөж ихэд л сүсэгтэй харагдав. Тэгээд над руу дөхөж: "За ахаа, миний машинаар азарга дагая" гэв. Тэгээд тугаа шилжүүлж том хар жипэнд орж суулаа.
Азарга гарч эхэллээ. Нөгөө залуу маань надад хандаж, “Ахаа, нэг хүн суулгачих уу” гээд их л болгоомжтой дуугарав. Хоёулхнаа тул хуучлах хүнтэй болох тул зөвшөөрөв. Тэгтэл тэнд ногоон дээлтэй хөдөөний бололтой шовгор бор хархүү зогсож байлаа.
Азарганы гараа будилаангүй сайхан болж шинээр босгосон зургаан километрийн даланг тойрон уралдаж эхлэв. Бид гурав Түргэний голын гарам орчим зогсон хүлээж байлаа. Хойно сууж явсан ногоон дээлтэй хархүү өөрийнхөө нэрийг Сандагдорж гэж танилцуулаад Цэнхэрийн хурдан хар азарганы эзэн гэж байлаа. Тэр хар азарга их сунгаанд өнгөлж, чих дэлдээд байсан тул тэд бүх зүйлийг бодож тийнхүү нууцлаад байсныг сая л анзаарсан юм. Тэр хоёр хулмаганаад л «Та аль талын хүн бэ?» гэж байв. Морины комиссын гишүүний хувьд аль талд ч байдаггүйг хэлэхэд, нилээд тайвширч билээ. Далан ороож азарганы түрүүч бүдэг бадаг цухуйхад Сандагдорж энгийн нүдээр харахад бэрх хол зайнаас «хар азарга, шар цамцтай хүүхэд өнгөлж» гэж гайхалтай хурц ялгаж харж хэлэв. Тэгэхэд нь би, "Тэгвэл миний дүүгийн л хар азарга биз ээ. Өөр тэгж өнгөлөх хар азарга байхгүй" гэж хэлэв.
Үнэхээр Цэнхэрийн хурдан хар азарга тасархай өнгөлөн Түргэний голыг гатлан Айдасын хүрийг өгсөж эхлэв. Хүүхэд нь азарганы амыг сул тавьсан байлаа.  Би хэдэнтээ "хүүхдээ татуул, их газар олон хурдан хүлэг бий"-г сануулахад "тэр зүгээр миний хар суудаггүй юм" гэж байв. Тэр нь надад итгэхгүй эмээж хаширлаад байгаагийн өнгө байв уу, уралдааны туршлага, арга барил дутмаг байсных уу, бүү мэд. Уг нь ямар ч хүлгийг татаж зуулган уралддаг билээ. Айдас уруудахад Даваахүүгийн түмний эх халтар азарга «маань» нэхэн барьж авлаа. Халтар ёстой л урж, хашир уяачийн хэлснийг хүүхэд нь хийж байлаа. Алдар толгой ороон гарч ирэхэд халтар сууж (гэдэс их байсан), хар азарга ганцаараа жигд явж л байлаа. Бидний баярын совин татаж "за одоо түрүүлэх магадлалтай боллоо, татуулсхийнэ байгаа" гэхэд Сандагдорж "Дамдинжавын хул азарга аймагтаа уралдаад миний харыг хэзээ ч дийлж байгаагүй юм" гээд л ханцуйгаа сэгсрэн дохиж "явуул" гэж байв. Тэр үед араас Батхүүгийн түмний эх хул, Даваахүүгийн зул хонгор азарганууд нэхэн ирж байгаа нь харагдаж эхлэв. Хэсэг яваад бидний тооцсоноор хул азарга суулаа. Гэдэс нь нарийдсан байв. Харин Өндөр зул (гэдэс хоол яг дүйсэн) чих нь соотгоноод л урагшаа ахиж тэргүүлэн тасарлаа. Даваахүү хажуугаар жийптэй орж ирээд "хөөе, өвгөний чинь азарга түрүүллээ" гээд хор малтаж тоос босгон давхиж өнгөрөв. Яг санаснаа хийсэн хүн тэгэхээс яах вэ? Түүний дараа Өндөр зулын ар хударгаар хар азарганы яг өмнүүр шар өнгөтэй супер 69 машин тас дайран гараад тоосоороо булж орхив. Эсрэг тал нь ингэж л олон нарийн арга хэрэглэж чадаж орхидгоос уяачид хохирч, хаширдагийг нүдээр үзсэн минь тэр. Тэгээд Өндөр зулыг хар азарга нэхэж хөөгөөд урагшилсангүй жигд л явсаар аман хүзүүдэж билээ. Тэр уралдаанд Даваахүү хар азаргыг хэрхэн дарах аргаа нарийн боловсруулж зохион байгуулалт хийж, дөрвөн цуутай азаргаа дөрвөн өөр хоол гэдэстэй, дөрвөн янзын тактикаар уралдуулсан байлаа. Тэрбээр халтар азаргаа Алдар толгойн суганд татан авч, Батхүүгийн Толин хулыг гуравлуулж, Зоригийн хүрэнг тавлуулж, Өндөр зулыг түрүүлгэж, мадаггүй Манлай уяачаа баталж чадсан юм. Оройхон майхан дээр нь очихдоо Сандагдоржийн аав Цэрэндондог уяачтай танилцаж билээ. Азаргаа татаж уралдсан бол зөвдөх байсныг хэлэхэд "Төрийн сүлд өршөө. Энэ их наадамд айрагдаж, аман хүзүүднэ гэдэг сайхан хувь заяа" гэж залбирч байлаа. Тэр орой Цэнхэрийн Дугарсүрэнгийн саарал шүдлэн хоёр дахиа түрүүлэхэд нөгөө залуу маань "манай амаагийн шүдлэн шүү дээ, миний ах Занын маань адууны угшилтай гэдэг" гэж байв.
Нутгийнхаа олон хурдан хүлэг, уяачдыг хөхүүлэн дэмжиж явсан тэр хархүү бол Цэнхэрмандалын харьяат Нанжидын Даваа гэдэг залуу байлаа. Үнэхээр тэдний өвөг дээдсийн адууны цус Дугарсүрэнгийн саарал үрээний судсаар гүйж байгаа нь түүний сэтгэлийг хөдөлгөсөн бизээ. Хар азарганы уяач Цэрэндондог гуай уг нь Сэцэн ханы Зоригтын хошуу Дэлгэрхааны хүн гэнэ. Тэр 7-16 нас хүртэл морь унаж, жар гартлаа морь уясаар 30-аад айраг, түрүү хүртээд байна.
Тэрбээр ийнхүү хуучилсан юм. Хар азаргаа анх шүдлэнд нь аман хүзүүдүүлж, хязааланд нь наймлуулж, соёолонд нь түрүүлгэж, түүнээс хойш дийлдэшгүй хурдлуулж хавчигт нь аймгийн 70 жилийн ой, Жаргалтхааны сумын наадамд тус тус түрүүлгээд арван нэгтэйд нь улсад уралдуулсан нь тэр гэнэ. Хар азарганы эх тал нь Дэлгэрхааны Жүнгийн адууны хул гүү, эцэг тал нь өөрийнх нь азарганы удам аж. Эхийн эх нь Чанцалын саарлын үр бөгөөд Галшарын Оонон харын удам судартай гэгддэг ажээ. Эцгийн эцэг хээр азарга гурван үе хурдалж айраг, түрүү авч байсан гэнэ. Зарим мэдээгээр Даваанэрэн начингийн хүрэн халзангийн цус хар азарганы угшилд шингэсэн гэцгээдэг. Ер нь Сандагдоржийн хар азарга бол Маарын хээртэй давхил, хийцээрээ төстэй тал бий.
Үнэхээр ч энэ хар азарга ясны хурдан хүлэгт тооцогдоно. 1997 онд Үндэсний их баяр наадамд айрагдсаны дараа Хардэл жанжин бэйсийн нэрэмжит зүүн бүсийн уралдаанд хар азаргаа бэлдэж эхэлжээ. Ер нь энэ уралдаанд давхар уяагаар уралдана гэж тооцоод улсад тарган уралдсан гэдэг. Нутагтаа ирсний дараа хар азарга гүү гишгэж турж эцсэн байна. Цэрэндондог уяач Галшар явахаа болихоор шийджээ. Харин хүсэл зориг нь дийлдэхээ болиод байсан Сандагдорж уяач зөрж нэг л өдөр адуугаа туугаад Галшарын зүг сэм явж оджээ. Адуугаа туусаар Галшар хүрэхэд ган тайлагдаж оройхон зуншлага эхэлж, ногоо сайхан ургасан байна. Нялх ногоо идсэн адуу ч дороо тэнхэрчээ. Энэ бүсийн уралдаанд Буяндэлгэрийн Жинст хонгор азарга (1998 онд Их хурдад түрүүлсэн)-тай хурд хуваан уралдаж хошуу өлгөн түрүүлж, Түмний эх цол хүртжээ. Түмний эх хар азарганы галуун сагаг нь тасарч маахайлах шахаад бэрэвхий нь урагдаж улаан нялга болж харьж ирсэн түүхтэй. 1998 онд Их хурдыг зорьж Буянт ухаагаар дайран өнгөрөхөд (7-р сарын 11-нд) их тарган, ажил хийгдээгүй байлаа. Их хурдын уяаны явцад хар азарганы хөлс түгжирч байснаа их сунгаанаар давхил нь орсон гэдэг. Тэгээд бяр хүч, хурд заан тарган ирээр давхиж айргийн тавд баригдан ясны хурдан хүлэг болохоо нотолжээ. Хар азарга 1999 онд 13-тайдаа Жаргалтхаанд болсон томоохон наадамд аман хүзүүдэж, давхар уяагаар Чойрт болсон Боржигоны бүсчилсэн уралдаанд хориодоор давхисан гэдэг.
Өнө цагийн Оонон хар азарга билээ
Өвгөн ноёны алсад цацарсан хишиг билээ
Олойр татсан тэнгэрийн заагаар
Од шиг харвах нар сартай буян билээ.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна