Соёолон адуугаар одтой наадагч Алдарт уяач Цэрэндоржийн Нямжав

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 23 -нд

Абшиг ерөөл, адис жанлав шингэсэн Боржигон нутгаар овоглодог Алдарт уяачдын нэг нь Сүмбэр сумын V багийн малчин Цэрэндоржийн Нямжав юм. 1952 онд Говь-Алтай аймгийн Цогт сум буюу говь хангайн цэнхэр оронд Цэрэндоржийн ууган хүү болон мэндэлсэн тэрээр таван настайдаа эцэг эхийнхээ хамтаар Төв аймгийн Архуст суманд шилжин ирсэн байдаг. Багаас малд нүдтэй, малч сэтгэлгээтэй хүү 1962 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд хөдөө гарч мал маллах болж, 1972 онд эх орны дуудлагыг аван Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь барилгын цэргийн  023-р ангид гурван жил алба хаажээ.
Халагдаж ирээд сангийн аж ахуйн адууг маллах болж, 1976 онд Цоохүү гэгч бүсгүйтэй ханилан өрх гэр тусгаарлаж, дөрвөн хүү, дөрвөн охины ижий, аав бололцсон юм. Үр хүүхдээ эрдэм боловсролтой болгох эцэг хүний үүргээ биелүүлэн  1980 оноос Сүмбэр сумын найман жилийн дунд сургуульд цахилгаанчин, сантехникч, мужаанаар ажиллаж байгаад 1993 оноос хувийн аж ахуйтан болсон байдаг. Харин хүлгийн хийморьт шүтэж, уяа сойлго тааруулсан нь 1964 оноос эхтэй. Анх буурал даагаа сурган өөрөө уяж, өөрөө унаад Төв аймгийн Архуст сумын наадамд айргийн гуравт хурдлуулж байсан нь Алдартын нандин дурсамжуудын нэг. Хоёр жилийн дараа олон тамгат хээр хязаалангаа Баяндэлгэр сумын наадамд айрагдуулж урамшин тэр цагаас хойш морь уях эрдэмд шимтэн суралцах болжээ. Говьсүмбэр аймагт болсон анхны Боржигон наадамд сартай хул азаргаа наймаар давхиулж, хоёр дахь удаагийнхад нь бор азаргаа дээгүүр давхиулсан тэрээр Шивээ-Овоогийн уурхайн 10 жилийн ойд хонгор халзан соёолонгоо айрагдуулж байсан удаатай. Мөн 2002 онд Шивээговь сумын наадамд хүрэн соёолон аман хүзүүдүүлж, МУ-ын Арслан Д.Азжаргалын начин цолны мялаалга наадамд хүрэн соёолонгоо түрүүлгэж байсан бол  2004 оны тус сумын наадамд хонгор халзан соёолонгоо аман хүзүүдүүлж байсан юм. Тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг аз хийморийн бэлгэдэл соёолон адуугаар одтой наадагч Ц.Нямжав уяач 2007 онд Говь-Угтаал сумын наадамд их насны зээрд морь  аман хүзүүдүүлж, 2014 онд Дорноговь аймгийн 90 жилийн ойд түрүүлгэж удаатай.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна