Ясны хурдан хүлэг

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 20 -нд

1955 онд Төв аймгийн Баян, Баянжаргалан сумд нийлж наадам хийв. Даваанэрэн начингийн хүрэн халзан азарга улсад түрүүлж ирээд давхар уяагаар мөн наадамд магнайлсан гэдэг. Хүрэн халзан ясны хурдан адуу байжээ. Хүрэн халзанг 20 нас хүрэх жил Дундговийн Говь-Угтаалаас нэртэй уяач Шаравжамц хоёр хурдан хүрэн азарга уяж ирээд наадам авна гэж ам гарчээ. Үнэндээ хүрэн халзан хөгширсөн тул гадны азаргыг дийлэх азарга ч байхгүй байж. Тэр зун хүрэн халзангаа “Осголъё” хэмээн уяж байв. Тэр жилийн барианы газрыг бараг 70-аад км холоос тавьжээ. Зайг сунгаж тавьснаас Шаравжамцын хоёр хүрнийг хүрэн халзан азарга ясны хурд заан тэлж орхижээ. Тийнхүү өвгөн хүрэн халзан түрүүлж, аман хүзүү айргийн гуравт хоёр хүрэн ирсэн байна. Барианд орох үест баярласан наадамчин олон алга ташихад шогшин ирж явсан өвгөн халзан азарга цогиж хурд нэмэн ясны хурдан адуу гэдгээ харуулсан ажгуу.
Дараа жил Шаравжамц даагаа нэхэж ирээд мөн барсангүй. Доржвоо уяачийн хурдан хонгор түрүүлж, Даваанэрэнгийн хүрэн халзан аман хүзүүлж, хоёр хүрэн гурав, дөрөвт айрагджээ. Тэгээд Шаравжамц “...Баянгийн босго үнэхээр хатуу ажээ” гээд шүүрс алдан буцсан гэдэг.
1969,1970-аад оны үест энэ халзан азарганы олон үр удам тал тал тийшээ тархжээ. Халзан азарганы үр хүрэн үрээг Төв аймгийн Баянцогтын уяач Цэнддоржид заржээ. Энэ азарга улсад 47 жилийн ойгоор гуравт, 48 жилээр түрүүлжээ. Үүний төл нударга Жадамбын хүрэн морь АХ-ын 52 жилийн ойгоор тавалжээ. Мөн хүрэн азарганы төл хүрэн үрээ шүдлэн, хязаалан насандаа улсад айрагджээ. Энэ үрээн азарганы төл хүрэн гүүг Гаанжуурын Сундуй уяач авсан байна. Уяач Г.Сундуйн АХ-ын 68 жилийн ойгоор айргийн гурав, дөрөвт давхисан ах дүү таваг цагаан, халзан морьдын эх гүү Начингийн халзан азарганы удам гэдэхийн учир энэ юм. Даваанэрэгийн ач хүү Санжаагийн алдуул азарган үрээний удам сударт алдарт Маарийн хээр азарганд улбаалсан гэдэг.
"Монголын хурдан морины домог, түүх" номноос

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна