Сумын Алдарт уяач А.Моголдой: Над шиг Ажнай хүлэг цолтой, морьтой уяач манай энд байхгүй

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 14 -нд

Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, сумын Алдарт уяач Авирмэдийн Моголдойтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1961 онд Халиун гэдэг газар төржээ.
-Таны моринд орсон түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-Би 1978 онд найм төгсөөд, жилийн дараа цэргийн албанд явж, 1982 онд халагдаж ирсэн юм. Ингээд 86 оноос хувьчлал болтол найман жил нэгдлийн адуу маллаж байлаа. Анх нэгдэлд ороод 350 адуу тоолж авсан. Ингээд алдаа, дутагдал гаргалгүй найман жил ажиллалаа. Тэгээд 92 оны хувьчлалаар 82 адуу авч, нэгдэл ч тарсан даа.
Үүний хажуугаар морь уяж, 1987 онд Бөхмөрөн сумын сургуулийн 60 жилийн ойгоор хөх шүдлэн үрээгээ түрүүлгэж анхны түрүүгээ авсан юм. 1994 онд сумын 70 жилээр долоон настай хөх морь түрүүлгэж, хойтон жил нь Түргэний 70 жилийн ойд аман хүзүүнд  давхиуллаа. Тэгэхэд сумын Засаг дарга  Шуумаржав надад сумын Алдарт уяач цолыг олгож байлаа. Болоогүй миний хөх морь Ажнай хүлэг гэж нэрлэгдэх болсон. Манай уяачид дунд над шиг ийм цолтой морьтой хүн бараг байхгүй дээ, сонин байгаа биз. Тэгэхэд эд нар чинь 2000 оноос эхэлж аймгийн Алдарт, сумын Алдарт цолыг авч эхлээд байна шүү дээ.
Гэхдээ 98 онд хулгайд алдчихсан. Нэг үе манай энд малын хулгай их байсан юм. Тэгээд адуугаа алдаад 10 жил морь уялгүй өнжлөө. Сүүлийн жилүүдэд хууль чангарч, хил сайхан болоод тайван байна.
-Хөх морь хаанахын удам угшилтай адуу байсан юм бэ?
-Аавын адуу байгаа юм. Хүүгээ эхнэр авч тусдаа гарахад хөх морины ээж болох хар хөх шүдлэн гүүг бэлэглэж байлаа. Манай аав Авирмэд хурдан удмын хар, хөх зүсмийн адуутай уяач явлаа. Тавин хэдэн онд аавын хатирдаг цавьдар морь сайн давхисан байдаг юм.
-10 жилийн дараа ямар морь уяж эхлэв?
-Хөх мориныхоо дүү нэг зээрд морийг уяж, 2008 оны Ардын хувьсгалын баяраар аман хүзүүдүүлсэн. Бас Ховд сумын өдөрлөгөөр хоёрт ирж, 2014 онд 5 настайдаа Ардын намын нэг баяраар хоёрлосон.
-Өнгөрсөн хугацаанд хаагуур хаагуур наадав?
-Манай сумынхан гарч уралддаггүй улс. Ойр зууртаа л явна. Би Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд зээрд морио айрагдуулж байлаа. Үүнээс өмнө буюу 1990 онд Ногооннуурт хөх морио түрүүлгэж явсан юм.  Энэ жил Увс аймгийн 90 жилийн ой тохиож байна. Анх удаа аймагтаа очиж наадна даа. Азарга, даага, шүдлэн оруулна гэж бодож байна. Газар хол болохоор өмнө нь явж байсангүй.
-Хөх морины айраг, түрүү хэд хүрдэг юм бэ?
-Дааганаасаа уралдаад найм түрүүлж, зургаа айрагдсан.
-Харин зээрд морь нь?  
-Зээрд морь одоо зургаан настай. Ноднин сумын 90 жилээр 90 гаруй морь уралдсанаас 15-д ирлээ. Түүхт ой гэдэг утгаараа газар, газрын морьд ирсэн чансаатай наадам болсон. Одоогоор ах шигээ амжилт нэг л гарахгүй байна.
-Баян-Өлгийн даншигт явж байв уу?
-Үзэгчийн хувиар яваад ирсэн. Тэгэхэд  улсын  арслан Бүрэнтөгс барилдаж байлаа. Зохион байгуулалт сайтай, харваатай, бөхтэй, адуутай нааддаг газар байна лээ.
-Аймагтаа азаргаар наадна гэлээ. Өмнө нь азарга уралдуулж байв уу?
-Энэ жил анх удаа уралдуулж үзэх гэж байна. Удамтай хар алаг азарга байгаа. Өнгөрсөн жил худалдаж авсан юм. Бас энэ азарганы удмын гүүнээс гарсан нэг даага бий.
-Та одоо ямар нэг галд харьяалагдаж байна уу?
-Хүүхдүүдтэйгээ хамтраад л уяж байна. Манайх таван хүүхэдтэй. Гэхдээ дөрөв нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Багачууд бүгд л хот суурин бараадаад мал маллах хүүхэд олдохгүй болох гээд л байна даа. Нэг хөвүүн маань аавдаа тусалж, хамтдаа амьдардаг юм. Манайх голцуу богино хөлтэй 800-гаад малтай. Адуу үржүүлээд гурван жил л болж байна. Хууль дүрэм чангараад одоо л нэг урт амьсгаа авахтайгаа боллоо. Хилтэй их ойрхон болохоор нэг үе дундаа ганц морь хэрэглэдэг байлаа. Нэг бол хээрийн амьтан идчихнэ. Эсвэл хулгайд алдчихна. Хулгайд нэг тугалтай үнээ, 60-аад тэмээ, 11 агтаа хүртэл алдчихаад сэтгэлээр унаж суусан өдрүүд байсан. Хэцүү шүү.
-Ярилцсан танд баярлалаа. Босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэж явах болтугай.     
-Та бүхэнд ажлын амжилт хүсье. Алс холын Бөхмөрөн суманд маань ирж, морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа ард түмэнтэйгээ нүүр туулан уулзаж ярилцаж яваад баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна