Уралдаанч Г.Дэлгэржаргал: Хөөрүү морь унах хамгийн хэцүү

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 13 -нд

Баянхонгор аймгийн Баянговь сумын уугуул, уралдаанч Галбаярын Дэлгэржаргалын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Бяцхан уралдаанч манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Галбаярын Дэлгэржаргал гэдэг. Энэ жил арван настай. Анх дөрвөн настай  байхдаа ааваараа заалгаж морь унаж сурсан.
-Уралдааны буюу хурдан морийг хэдэн жил унаж байгаа юм бэ?
-Жилийн дараагаас хурдан морь унасан. Хамгийн анхны наадамдаа их насны алаг морь унаж, 27-гоор давхиулж байсан. Түүний дараа сумынхаа баяр наадамд хонгор азарга, шаазгай хязаалан хоёроо түрүүлгэж, амжилтын гараагаа эхлээд нэлээд хэдэн удаа түрүүлгэж, айрагдуулсаан. Хамгийн сүүлд гэхэд сумандаа болсон бүсийн уралдаанд буурал морь, хонгор азарга хоёроо айрагдууллаа.
-Олон газар наадаж байв уу?
-Хуучин Жинст, Баянлиг, Баян-Өндөр, Баян-Овоо, Шинэжинст, Баянцагаан зэрэг сумд руу явж байсан. Хамгийн их таалагдсан нь хуучин Жинст. Гарааны төхөөрөмж нь гоё юм билээ.
- Ингэхэд гарааны төхөөрөмжийн тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Надад бол төхөөрөмжгүй уралдах нь гоё.
-Яагаад?
-Төхөөрөмжинд орохоор морь хөөрч давхиад түүнээс нь болоод хүүхдүүд унадаг. Сайн хашаад өмнөх шигээ туудаг байвал зүгээрээ./инээв/
-За тэгвэл хамгаалалтын хувцас хэрэгслийн тухайл?
-Зун бол халуу шатаад тээртэй. Өвөл  харин зүгээр юм билээ.
-Томчууд тэр мэддэггүй та бүхэнд тулгардаг ямар бэрхшээлүүд байдаг вэ?
-Хөөрүү морь унах хамгийн хэцүү. Уяачид хурдан морио сайн сургачихвал хүүхдүүд унахгүй шүү дээ. Мөн уралдааны зам чулуу багатай байвал зүгээр. Тэгэхгүй бол чулуу үсрээд байдаг.
-Уралдаанч хүүхдэд тусад нь бэлэг өгөх үү?
-Бүсийн чанартай том наадмуудад л гэхээс бусдад нь бэлэг өгдөггүй.
-Уралдахын өмнөх шөнө юу бодогддог юм бэ?
- Маргаашийн уралдаанаа л бодно. Морь маань битгий хөөрөөсэй гээд л...
- Танай ангид хурдан морь унадаг хүүхэд олон уу?
- Бий бий.
-Ингэхэд Дэлгэржаргал ямар сурдаг вэ?
-Гайгүй ээ. Ер нь бүх хичээлдээ жигд сайн. Морь унахаас гадна ном унших дуртай. Одоо Сүхбаатар жанжины тухай ном уншиж байгаа.
- Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Том уяач тэгсэн хэрнээ бөх болно. Би гайгүй барилдчихдаг юм.
- Мөрөөдлөө биелүүлж сайн бөх, уяач болоорой. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-За
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна